Тэрээр Эрхүүд болж байгаа Форумын үеэр хэлэхдээ, “Сүүлийн үед чөлөөт худалдааны хэлэлцээ хийх сонирхол, бодлого маш тодорхой илэрхийлэгдэх болсон. Бид ийм бодлогыг анхаарч үзэхдээ манай сонирхлын тусгал илэрхийлэгдэж байх эдийн засгийн интеграцийн аливаа бүтцүүдэд нэгдэх асуудалд найртай хандаж байгаа юм” гэжээ.
Мөн С.Батболд хэлсэн үгэндээ, “Өнөөдрийн байдлаар бид Ази Номхон далайн орнуудын худалдааны гэрээнд нэгдэх асуудлаар ажиллаж байгаа бөгөөд Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулахаар бэлдэж байна. Мөн ОХУ, Казахстан, Белорусь улсуудын байгуулсан Гаалийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг судалж үзэхээр Оросын талтай тохиролцсон байгаа” гэж онцолжээ.
Дашрамд дурдахад Ази Номхон далайн орнуудын худалдааны гэрээг анх 1975 онд “Бангкокийн гэрээ” нэртэйгээр байгуулж байсан бөгөөд 2005 оноос одоогийн нэрээ авсан байна. Энэ гэрээнд Бангладеш, Энэтхэг, Хятад, Лаос, Шри Ланка, Өмнөд Солонгос зэрэг орнууд л багтаж байгаа ажээ.