Нэгэнт тухайн улс төрийн хүчин, улстөрчид дийлэнх сонгогчдын саналыг шударгаар авч ялсан бол хоёр дахь дүрмийг амжилттай хэрэгжүүлэхийг төлөвшсөн улс төрийн орчин шаарддаг. “Чамд бэрхшээлийг боломж болгон өөрчилнө гэсэн төлөвлөгөө байна, түүнийгээ гүйцэтгэж чадах төрийн эрх мэдэл бүхий мандатыг бид олголоо, одоо шийдэл чинь хаана байна?” гэх сонгогчдын асуултад хариулахын тулд Хойд Солонгос, Кубээс бусад орны эрх барьж буй улс төрийн хүчнүүд тодорхой түвшнүүдэд өөр өөрийн менежментийн стратегийг боловсруулж, иргэдийн нүдэнд харагдаж амьдралд мэдрэгдэх бодит төслүүдийг хэрэгжүүлдэг билээ. Харин Монголын улс төр дэх эрх баригчдын маань менежментын шийдэл ямархуу түвшинд байгааг ярилцвал сонирхох залуус мэдээж байгаа байх, тийм үү?
Бид нийтээрээ Монгол Улсын Үндсэн хуулинд заасан шиг нас, хүйс шашин шүтлэг үл хамааран ардчилсан нийгмийн тухай туршлагагүй. Учир нь 1990 оноос өмнө хэн маань ч ардчилсан нийгэмд амьдарч байсангүй. Ардчиллын эхэн үеийн улстөрчдийн болон намуудын мөрийн хөтөлбөр, ярьж байсан амлалтуудыг сөхөн уншвал юун Амбий, Бооёогийн хошин шог. Улстөрчид ч гэсэн хүн юм болохоор адилхан л ойлголт муутай байсан байлгүй гэж болох ч хорин жил өнгөрөхөд сонгууль болгоноор тэдний найруулж буй хошин шогийн тоглолтууд бүр ч төгөлдөршсөөр л байна. Иргэд эхэндээ тэднийг шоолж инээж байсан бол одоо залхаж бухимдах болов. Учир нь хорин жилийн хугацаанд иргэдийн ардчиллын тухай мэдлэг харьцангуй сайжирсан бол улстөрчдийн туршлага ч, мэдлэг ч хорин жилийн өмнөхөөрөө байгаа учир өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй байна. Өдөр тутам олонх иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийн үзүүр нь хөвөрсөөр улстөрчдийн гаргаж буй буруу шийдвэртэй, эсвэл шийдвэр гаргаж чадахгүй байгаа эс үйлдэлтэй нь холбогддог ажээ. Улс төрийнхний энэ менежментийн хоцрогдол нь нийгмийн суурь өөрчлөлтүүд болох боловсролын шинэчлэл, хууль эрх зүйн тогтолцооны өөрчлөлт, нийгмийн дундаж давхаргын өсөлт зэргийг удирдан явуулах биш, харин ч чөдөрлөж эхэлснээр Монголын нийгэм бүхэлдээ “аноми” буюу эмх замбараагүй төлөв уруу гулсаж эхэлж байгааг судлаачид анхааруулсаар байна.
Судлаачдын үзэж буйгаар “аноми” гэдэг нь нэг системээс нөгөөд шилжих трансформацитай давхцан эрх зүй, ёс суртахууны нэгэнт тогтсон хэм хэмжээ нь дүйцэхээ больж, шинээр гарч ирж буй харилцаануудыг зохицуулах бодит хэм хэмжээ байхгүйн улмаас бий болсон, зохицуулалтгүй хоосон орон зай юм. Аноми төлөв гэсэн ойлголтыг дурдахын учир нь судлаачдын болон миний өөрийн хийсэн судалгаануудаас харахад өнөөгийн шилжилтийн үед амьдарч буй Монголын иргэдийн хууль, шударга ёсонд итгэх итгэл өдрөөс өдөрт алдагдаж, ёс суртахууны хэм хэмжээг өөрийнхөөрөө тогтоохыг дэмжиж байгаа нь илт ажиглагдаж байна.
Тухайлбал, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод, Булган, Ховд аймгуудын дунд хийсэн санал асуулгад оролцсон нийт иргэдийн 64 хувь нь “Тэртэй тэргүй дээгүүрээ хууль биелүүлдэггүй юм чинь би хуулийг хааяа зөрчих нь ичмээр зүйл биш” хэмээн хариулсан бол 59 хувь нь “Хууль тогтоогчид нь сайн хууль гаргаж чадахгүй байгаа учраас энэ хуулийг заавал мөрдөх албагүй” хэмээн хариулжээ.
Эрх баригчдийн явуулж буй менежмент иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй, эсвэл нийгэмд үлгэр жишээ болж чадахгүй болохоор тэд төрийн засаглах чадварыг үл хүлээн зөвшөөрч, өөрсдөө асуудлаа шийдэх гэж оролдож эхэлдэг. Хувьсгал хийх тухай хөдөлгөөнүүдийн сүрдүүлэг, луйварчдыг буудахыг уриалсан интернэтийн сэтгэгдлүүд, уул уурхайн баялгаа гадаадынханд луйвардуулсан гэх гомдол, Чингистэй холбож хэн нэгний зохиосон Монголын төрийг аврах номлол, төрийн ордныг нум сумаар харвах зэргийн цаад шалтгаан, “Загалмайлсан эцэг” нь манай эрх баригчдын буруу менежмент билээ. Тэр ч утгаараа манай төр болон МАН нь “долдугаар сарын 1”-ний хохирогч нь бус “төрсөн эцэг” нь юм шүү дээ.
Хамгийн харамсалтай нь, манай эрх баригчид зөв шийдэл, алсыг харсан зохицуулалт нийгэмдээ хийж чадахгүй байгаагийн улмаас энэ аноми төлөв өдөр тутмын амьдралд үл анзаарагдам жижиг боловч сансарын хар нүх шиг Монголын нийгмийг сорж байна. Яг л “долдугаар сарын 1”-ний хэрэг үйл ажиллагаа нь нэг өдрийнх боловч үр нөлөө нэг үеийнхэнд нөлөөлсөн шиг.
Асуудлууд нь шийдэлгүй овоорч, төрийн засаглах чадвар сул байгааг ганц ард түмэн ойлгоод, эрх баригчид өөрсдөө ойлгохгүй юмуу санаа зовохгүй байгаа хэрэг огтоос биш юм. Тэд зүгээр л асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй байна. Мэдэхгүй учраас хамгийн энгийн аргаар буюу уул уурхайн баялгаа урьдчилж зараад ч болтугай иргэддээ бэлэн мөнгө тарааж гал унтраах нь Монголын улстөрчдийн мухардлаас гарах технологи нь ажээ. Олигархиуд сонгогчдод компанийнхаа мөнгийг тарааж сонгогдчихоод одоо төрийн санг бүх иргэдэд тарааснаар дахин ялна гэж тооцож байх шиг. Гэвч шүүхийн системийг шударга болгох, боловсролын шинэчлэл хийх, байгаль орчноо хамгаалах зэрэг нийтэд хамааралтай суурь асуудлуудыг мөнгөөр шийдэж чадахгүй улам ужигруулснаар ямар үр дүнд хүрч байгааг бид судалгаанаас харсан.
Монголчуудад Засгийн газар нь уул уурхайн яам шиг, Ерөнхий сайд С.Батболд түүний сайд шиг харагддаг болтолоо “өдөр шөнөгүй ажилласан” ч эрх баригчдын нэр хүнд улам унаж, хүмүүс илүү бухимдалтай болсон нь тэднийг улам л менежментийн мухардалд аваачиж байна. Сүүлийн үеийн мэдээлэл сонсохнээ, эрх баригчид маань энэ мухардлаасаа гарахын тулд бүр их мөнгө тарааж “мухардахаар” шийдсэн гэнэ. Төсвийн ажилтнуудын цалинг нэг дахин нэмж, ахмадуудад нэг сая төгрөг тарааж өгөх шилдэг менежмент боловсруулсан сурагтай. Тодруулбал, өнөөгийн Засгийн газар дахин нэг удаа сонгогчдыг худалдан авч сонгууль хүртэл тэсээд зугтах, Монголын төрийг хар нүхтэй нь хаяж ёс зүйгүй аашлах бололтой.
Эрх баригчдад найдах хэрэггүй боллоо. Нийгмийн эмх замбараагүй байдлын босгон дээр байгаа эх орноо, устаж мэдэх нялх ардчиллаа, тусгаар тогтнолоо хадгалахын тулд бидэнд түгээлтийн улс төрөөс бодлогын өөр хэлбэр, шилдэг шийдэл хэрэгтэй байна. Харамсалтай нь 1990 оны талбайн улс төрийн технологитой, эсвэл хятад маягийн “ард улс” менежменттэй хагас социалист, хагас олигархи улстөрчид энэ зүйлийг хийж чадахгүй. Одоо тэгэхээр залуусаа, дараагийн сонгуульд улстөрчдөд тавих шаардлагаа тодорхой болгочихьё. Хамгийн нийтлэг шалгуур нь бүгдийг мэддэг биш, тодорхой салбарт мэргэшсэн, хувийн төсөөллөөрөө биш суурь судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргадаг, нийгмийн шинэчлэлийг тууштай шаардсан, уул уурхайтай сонирхлын зөрчилгүй улстөрчийг л нам харгалзахгүй дэмжинэ гэдгээ эртнээс зарлачихвал яасан юм бэ. Мэдээж цаашаа ямар шалгуур тавих нь хувь хүн таны эрх шүү дээ.
Улс төрийн менежментийн магистрант/