Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Зуны сарыг зургаа, намрын сарыг найм юм шиг найрлаж, наадамласаар байтал хайруу өвөл хаяанд ирж буйг саяхан зочилсон зэвэргэн өдрүүд сануулсаар байна. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд хэвийн, 25 орчим хувьд гандуу, тав орчим хувьд гантай байна гэсэн урьдчилсан дүн мэдээг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан боловч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн газрын дарга П.Ганхуяг “Нийт нутгаар байгалийн хадлан тэжээлийн гарц харьцангуй сайн байгаа болохоор хадлан тэжээл бэлтгэхэд хүндрэл гарахгүй. Энэ онд нийтдээ 1.2 сая тонн байгалийн хадлан бэлтгэх шаардлагатай байгаа. Аймгийн нөөцөд заавал бэлтгэх 200-1000 тонн, сумдад 100-400 тонн байгалийн хадлан бэлтгэх үүрэг даалгаврыг холбогдох орон нутгийн удирдлагуудад хүргүүлсний дагуу өнөөдрийн байдлаар 55.8 хувь буюу 637 мянган тонныг бэлтгээд байна” гэв. Харин Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2011-2012 оны хүйтний улирлын урьдчилсан төлвөөс авч үзэхэд нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орж, агаарын температур олон жилийн дунджийн орчим хүйтэн байхыг анхааруулж байгаа аж. Холбогдох албанаас өгсөн дээрх цаг агаарын урьдчилсан мэдээллийн дагуу мал аж ахуй, газар тариалан болоод халаалт, дулаан, шугам сүлжээний салбарт өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн зохион байгуулж буй талаар тодрууллаа.

Мал аж ахуй

Монгол өнгөрсөн онд 31 сая 830 мянга тоо толгой малтай болж, урьд жилийнхээс 12 саяар нэмэгдсэн гэх дүн мэдээг Статистикийн ерөнхий газраас гаргасан. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн даац хэтрэх, хадлан тэжээл бэлтгэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, мал махны экспорт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гэх мэт ажлууд шил шилээ даран холбогдох салбарын ажитнуудын толгойг өвтгөж буй нь мэдээж. Энэ онд нийт 1.2 сая тонн байгалийн хадлан бэлтгэх шаардлагатайгаас өнөөдрийн байдлаар 437 мянган тонн буюу нийт хадлангийн 55 хувийг бэлтгээд байгаа гэнэ. Байгалийн хадлан тэжээл бэлтгэхээр 83.6 мянган хүн хүч, 432 мянган хадлангийн механикжсан салаа ажиллаж байгаа аж. Харин таван тонн гар тэжээл бэлтгэх шаардлагатай боловч гурван тонныг бэлтгэх хүчин чадал улсын хэмжээнд байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Мөн Дорнод, Сүхбаатар аймгийн иргэдээс өмнөд хөрш рүү байгалийн хадлан экспортлох талаар санал ирүүлсэн. Дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх саналтай байгаа талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн газрын дарга П.Ганхуяг хэлж байв. Үүнээс гадна ХХААХҮЯ-наас малыг эрүүлжүүлэхэд анхаарч ОХУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлж буй тарилгаар вакцинжуулах ажил энэ сарын 17-ноос ирэх сарын 15-ныг хүртэлх хугацаанд бүх малыг паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн шүлхийн голомт бүхий 100 сумыг шүлхийн халдвараас сэргийлэх тарилгад хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Худаг, усан хангамжийг сайжруулахад улсын төсвөөс 300 гаруй, төсөл хөтөлбөрийн хүрээнд 600 гаруй худаг гаргахаас нийт ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 70-80 хувьтай байна.

Газар тариалан

Энэ сард багагүй хур тунадастай байх талаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллийн дагуу тариаланчид ургац хураалтын ажлыг шуурхайлж буй талаар орон нутгаас мэдээлж байгаа. Улсын хэмжээнд энэ онд 427 мянган тонн үр тариа, үүнээс 419 мянган тонн буудай, 174.3 мянган тонн төмс, 90.5 мянган тонн хүнсний ногоо, 8.9 мянган тонн тосны ургамал, 24.3 мянган тонн малын тэжээл нийт 724.3 мянган тонн ургац хураан авах тооцоо гаргаад байна. Энэ сарын 11-ны байдлаар 44 мянган га талбайд ангилан хадалт хийж, 27 мянган га талбайд ургац хураалтыг бүрэн хийжээ. Тус салбарын сайд Т.Бадамжунайн хэлснээр нэг га талбайгаас авах ургацын хэмжээ өнгөрсөн онд 13.4 хувьтай байсан бол энэ онд 14.5 хувь буюу нэгжээс авах ургац 1.2 тонн байгаа нь тариаланчдын хувьд нааштай үзүүлэлтүүдийн нэг байгаа гэнэ. Ургац хураалтыг ирэх сарын 15-ныг хүртэлх хугацаанд хийж дуусгахаар төлөвлөж ажиллаж байгаа бөгөөд түлш шатахуун, техник тоног төхөөрөмж, хадгалах агуулах, эльваторын хувьд хүрэлцээ хангалттай сайн байгаа гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тарилангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга онцолж байв.

Халаалт дулаан, эрчим хүч

Улсын хэмжээнд нийт Дулааны цахилгаан станцуудыг нүүрсний нөөцийг арваннэгдүгээр сарын 10 гэхэд 20 хоногийн нөөцтэй байх үүрэг даалгаврыг салбарын яамнаас хүргүүлснээс дээрх ажил өнөөдрийн байдлаар 60 гаруй хувьтай байгаа аж. Нүүрс нөөцлөх ажил орон нутагт 58 хувь, Улаанбаатар, Дарханд 59.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин нийслэлийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт энэ сарын нэгний байдлаар 88.4 хувьтай байна. Үүнээстөвлөрсөн дулаан хангамжийн шугам засвар шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлүүлж, төлөвлөсөн ажлууд бүрэн хийгдэж дууссан байна. Мөн өнгөрсөн өвөл ачаалал хүндэрсэн Улаангом хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг хангах, станцын ажиллагааг дүрэмд заасан төвшинд хүргэх, энэ онд дулааны станцад зайлшгүй хийх ёстой шинэчлэлтийн ажлыг хийж дуусгасан бөгөөд Эрдэс баялаг эрчим хүчний яам Увс аймгийн дулааны станцтай нэг жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Мөн Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт баригдаж буй дулааны станц болон Даланзадгадын ДЦС-ын өргөтгөлийн барилга угстралтын ажлыг түргэвчилж өвлийн ачааллын өмнө бэлэн байдалд оруулсан байх төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Аймаг, орон нутгийн засаг дарга нарт орон сууц болон, аж ахуйн нэгжийн дулаан хангамжийн тоног төхөөрөмж болон ДЦС-ын үйл ажиллагааны хэрэгжилт, орон байрны засварт онцгой анхаарал хандуулан ажиллахыг салбарын яамнаас үүрэг болгожээ.

Өвөлжихөд бэлэн үү

Энэ жилийн хувьд манай улс 1.2 сая тонн байгалийн хадлан, 48 мянган тонн гар тэжээл бэлтгэж, 13.1 сая мал төллүүлэх зорилт тавьсан. Дээрх бэлтгэл ажлыг бүрэн амжуулваас ирэх өвлийн уртыг ажрахгүй давах боломж бүрдэхээс гадна ирэх онд түүнээс ч олон тоо толгой мал тоолуулах боломж бий гэдгийг холбогдох салбарын яамнаас шат шатны удирдлагуудад анхааруулж байгаа нь бас учиртай. Өнгөрсөн өвөл бүхэл бүтэн аймаг даяар хөлдөх шахсан Даланзадгад, Увс аймгийн дулааны цахилгааны станцууд дээрх алдаагаа давтахгүйн тулд засвар шинэчлэлтийг бүрэн хийсэн гэж мэдэгдэж буй. Эрчим хүчний яамнаас ч дээрх дулааны станцуудаас гадна өөр бусад станцуудад ургсгал засвараас гадна нүүрсний нөөцийг бүрдүүлэх талаар удаа дараа үүрэг даалгавар өгсөн болохоор өвөлжилтөд хүндрэл гарахгүйн төлөө хичээн ажиллаж буйгаа мэдэгдэж байгаа. Түүнээс гадна энэ жилийн хувьд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилын хэрэгцээг дотоодоос бүрэн хангана гэх тооцоо судалгааг гаргаад байгаа хэдий боловч анхны цаснаас урьтан бүрэн хурааж авах нь тун чиг хариуцлагатай ажлын нэг болоод байгааг тариаланчдадаа дахиад нэг сануулахад илүүдэхгүй биз. Энэ мэтээр холбогдох салбарынхан өвөлжилтөд бэлэн гэдгээ мэдэгдэж буй ч цаг хугацаа, тэсгим өвлийн жавар шалгаад өгөх нь гарцаагүй. 

Д.Долгор

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж