”Эрүүгийн хуулийг шинэчлэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

”Эрүүгийн хуулийг шинэчлэх ёстой”

“Шударга шүүхээр шүүлгэе”. “Мөрдөн байцаагч нар хууль бус үйлдэл хийдэг”.  “Хуулийг өөрчилмөөр байна”. Энэ уриа, лоозон өнөөгийн нийгмийн нийтлэг жишээ болсоор уджээ. Шүүхийг шинэчлэх тухайн ярьж буй энэ мөчид мөрдөн байцаагч нар ч өөрсдийн тулгамдсан асуудлаа ярилцав. Энэ талаар тэд тав дахь удаагаа зөвлөлдөж байна. АТГ-ын болон цагдаагийн мөрдөн байцаагчид өнөөгийн хууль, эрх зүйн орчин муу байгаагаас таван мянган төгрөг хулгайлсан давтан хэрэгтэн этгээдэд 10 жилийн ял оноож байна гэж байгаа бол С.Нарангэрэл гэгч эрхэм арай өөр байр суурьтай байна. Тэрээр эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө ёс зүйн зарчмаар зохицуулж болох асуудалд мөрдөн байцаагчид хэтэрхий туйлширч байгаа талаар хэлж байлаа. Ингээд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор С.Нарангэрэлтэй уулзаж, ярилцлаа.

-Мөрдөн байцаагч нарын улсын зөвлөгөөнөөр энэ салбарын төлөөлөгчдийн ёс зүйн тухай асуудал хүчтэй босч ирлээ. Харин мөрдөн байцаагч нар үүнийг хууль эрх зүйн орчинтой холбон ярьж байна. Та харин хууль гэхээсээ илүүтэй мөрдөн байцаагчдийн хувийн сонирхлоор хэрэг өөр тийшээ шийдэгдэж байна гэж шүүмжлээд байх шиг?

-Нэг талаас бол Монгол Улсад шинэ үе гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, 21 дүгээр зууны шинэ хүмүүс гэж ойлгож болно. Нөгөө талаар улсын хэмжээнд яривал гэмт хэргийн нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад эрс тэс өөр болсон. Монголд онц аюултай, зохион байгуулалттай, ноцтой аюултай  гэмт хэрэг их гарах боллоо. Түүнээс гадна нэг аймшигтай гэмт хэрэг гарах болсон. Тэр нь цагаан захтнуудын гэмт хэрэг газар авах боллоо. тэр ч бүү хэл нарийн төрлийн хэрэг дээр мэргэжлийн төвшинд хэрэг үйлддэг болсон. Хамгийн аймшигтай нь шударга аргаар хөдөлмөрлөж бус гэмт хэрэг үйлдэж мөнгө олдог давхарга үүсч байна. Цагаан захтнуудын хэрэг газар авах болж. Ийм хүн бий болохоос гадна байгаль орчныг мөнгө олохын тулд маш ноцтойгоор сүйтгэдэг хэрэг гардаг болжээ. Ийм нөхцөлд бол мөрдөн байцаагчид мэргэжлийн өндөр чадвартай байх ёстой. Ер нь бол мөрдөн байцаагч нар гоёлогичтой их ижил төсөлтэй шүү. Их гярхай, ажигч байж нотлох баримтуудыг баталгаажуулдаг. Гэтэл өнөөгийн мөрдөн байцаалт маань сэжигтэн, хохирогч, яллагдагч нараасаа асуугаад байдаг. Хэргийнхээ гол хөдлөшгүй нотлох баримтыг тогтоож чаддаггүй. Энэ дээр нь орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглах явдал гарч байна. Харин хэрэг илрүүлэх явдал хангалтгүй байна.

-Гэтэл..?

-Ер нь Монголын шинэ цагийн мөрдөн байцаах алба байгуулагдаад 65 жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэр үеийн мөрдөн байцаагч нар сайндаа бичиг үсэг гадарладаг байсан. Гэхдээ ямар ч хэргийг илрүүлдэг байсан.

-Одоогийнхон эсэргээрээ өндөр боловсролтой ч илрүүлэх нь багассан гэж үү?

-Тэд өнөөдрийнхөөс дутахгүй хүнд ноцтой хэргүүдийг илрүүлдэг байсан. Тэр нь юундаа байсан гэхээр мөрдөн байцаагчийн нэг номер гэж хэлж болохуйц шинж нь шударга чанар байсан. Тэр ёс зүй алдагдаад ирэхээр хэрэг илрүүлж чадахгүй болдог. Эсвэл хэрэгт холбогдогч нараа дарамтлаад байдаг болчихдог. Энэ бүхнээс болоод хэрэг удааширдаг. Хэрэгт холбоотой хүмүүсийг дарамталж эхлэх нь энүүхэнд. Тиймээс одоо мөрдөн байцаагчид нинжин сэтгэлтэй, хүлээцтэй, шударга, нэг талыг барьдаггүй, дээр нь хээл хахуулиас хол хөндий байх хэрэгтэй.

-Мэргэжлийн мөрдөн байцааг­чийн асуудлыг ярихаар боловсролын тогтолцоог ярих болно. Бид ер нь мөрдөн байцаагч бэлтгэдэг юм уу. Эсвэл хуульчдыг бэлтгэдэг хэрэг үү. Түүнээс гадна гэмт хэргийн зохион байгуулалт улам нарийн болж байна. Таны хэлсэн шиг цагаан захтнуудын хэргийг мөрдөх эдийн засгийн мөрдөгч дутагдаад ч байх шиг?

-Мөрдөн байцаагчийг бэлтгэе гэвэл одоогийн тогтолцоог өөрчлөх ёстой. Жишээлэхэд, цагдаагийн академийг дөрвөн жилээр, МУИС-ийг дөрвөн жилээр төгссөн залуусыг мөрдөн байцаагч болгож байна. Энэ бол мөрдөн байцаагч биш. Энэ бол эрх зүйн боловсролыг зүгээр л олсон хүн гэж ойлгох ёстой. Үүний дараа өмгөөлөгч, эсвэл шүүгч, мөрдөн байцаагчдыг бэлтгэдэг хоёр жилийн ч юм уу сургалт байх хэрэгтэй. Энэ шат манайд байхгүй.

-Хууль, эрх зүйн орчныг мэдсэн хүмүүс л мөрдөн байцаагч болж байна гэж та хэлэх гээд байна уу?

-/Инээв/. Ерөнхий мэдлэгтэй л гараад байна. Дараагийн хоёр жилд мөрдөн байцаагч хэргийг яаж мөрдөх вэ гэхээс эхлээд тодорхой хэргийг хэрхэн мөрдөх талаар мэргэшинэ шүү дээ. Байгаль орчны, эсвэл авлигын хэрэг гээд. Ингээд дээр нь давтан бэлтгэлийн шатанд ажиллаж буй мөрдөн байцаагч нарт орчин үеийн хэргийг мөрдөх талаар шинжлэх ухаан, шинэ хандлага талаас нь сургалт хийх хэрэгтэй.

-Мөрдөн байцаагчдын өдөр тутмын ажилд ёс суртахуун маш чухал үүрэгтэйг та онцоллоо. Үнэндээ ёс суртахуун гэдгийг ярих боломжгүй боллоо. Яагаад гэвэл шүүх, прокурор гээд хууль, хяналтын байгууллагын удирдлагыг бүхэлд нь улс төрийн томилгоогоор тавьдаг болчихсон. Үүнээс болоод өндөр албан тушаалтнуудын хэрэг зүгээр л өнгөрдөг болсон. Тийм болохоор мөрдөн байцаагчдаас ёс суртахуун шаардах хэрэг бий юу. Их л сонин болчихлоо доо?

-Ганц мөрдөн байцаагч нарт ч биш. Бүхий л салбарт шинэ залуу гарч ирж буй залуус улс төрийн хүчин дагаж өндөрлөгт хүрэх боломжтой, тэдэнтэй дотно байх хэрэгтэй, тэгвэл албан тушаал авчих юм байна гэсэн хөнгөн бодлоос болоод хууль, хяналтын байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагддаг болчихлоо л доо.

-Тэгвэл сайн мөрдөн байцаагч гэж байна уу?

-Уг нь мөрдөн байцаагч болохын тулд дадлагажигч, дараа нь шат ахиад аж ахуйн хэргийн, онц ноцтой гэх мэтээр явж эцэстээ тэр газрынхаа удирдлагад нь гарч мэргэжил арга зүйгээр хангадаг гэх мэтээр явах ёстой юм шүү дээ. Гэтэл тийм зүйлгүйгээс болоод гажуудалд ороод байна шүү.

-Харгис хуулийн талаар юу боддог бол, та?

-…?

-Эрүүгийн хуулийг ингэж дүгнээд байгаа шүү дээ. Их хатуу хууль гэдэг. Гэхдээ зарим жишээг харахад бүр хөнгөн ч юм шиг. Жишээ нь, албан тушаалын хариуцлага алдсан хэрэг энэ хуулиар сайхан чөлөөлөгдөж байгаа шүү. Тэрбум төгрөг улсын төсвөөс идсэн хүн өршөөгдөж байх жишээний?

-Ер нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөөд арав гаруй жил болж байна. Энэ хугацаанд энэ хуулийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдэг нь тогтоогдсон. Харин таны асуугаад байгаачлан Эрүүгийн хуулийг яривал арай өөрөөр хэлж болно.

-Харгис гэдэг талаас нь уу. Хүмүүс ихэнхдээ л тэгдэг?

-Ажлын буюу төрийн өмч хөрөнгийг хувьдаа ашиглаж завшсан байх юм бол асар өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Харин албан тушаалынхаа байдлыг урвуулж ашиглачихсан, тэр нь санамсаргүйгээс болоод хохирол бага учруулсан байвал арай өөрөөр хариуцлага тооцдог байх ёстой.

-Гадаадад ямархуу байдлаар энэ асуудлыг зохицуулдаг бол. Авлигын хэрэгт 300 жилийн ял хүртэл оноож байгаа харагддаг. Харин Монголд авлигын хэргийнхэн өршөөгдөөд, давтан хэрэг гэдгээр таван мянган төгрөг хулгайлсан хүнд 10 жил өгчихдөг шүү дээ?

-Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий гэж монголчууд хэлдэг шүү дээ. Нэг талаас хуульд асуудал бий. Нөгөө талаас бол мөрдөн байцаагчдын мэргэжлийн ур чадвар нь хууль хэрэглэх чадварт байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулиар гэмт хэргийн шинж тэмдэг хэлбэрийн төдий агуулагдсан ялимгүй хэргийг гэмт хэрэгт тооцохгүй. Тэгэхээр тухайн мөрдөн байцаагч тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Тэгээд юу байдгаа боогоод л явуулаад байхаар ийм байдал үүсч байгаа юм.

-Сонин юм бий байх л даа. Авилгатай тэмцэх хуулийн дагуу хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн нөхдүүдийг “Албан тушаалаас нь хал” гэсэн утгатай тоот илгээгээд байдаг. Энэ таны хэлээд байгаа шударга ёсонд нийцэх үү. Шүүх гэм буруутайг нь тогтоодог биш бил үү?

-Авлигатай холбоотой хэргийг шалгаж байгаа тохиолдолд тухайн хүний албан тушаалыг түр түдгэлзүүлдэг жишиг бий. Цаашдаа ч байх ёстой.

-Шүүхийн шинэчлэх гэж маш их ярих боллоо. Энэ салбар хэцүүдсэнийг дор бүрдээ хүлээн зөвшөөрөх боллоо. Шүүх, прокурорынхон зөвлөлдсөн. Одоо мөрдөн байцаагч нар зөвлөлдөж байна. Та хаанаас шинэчлэлийг эхлэх ёстой гэж бодож байна?

-Шинэчлэлийн асуудал чинь цагаа тулахаар баахан хурал цуглаан хийгээд, мөнгө гарздаад байх асуудал биш шүү дээ. Цагаа тулбал, хууль нь хууль шиг хэрэгждэг байх хэрэгтэй. Хууль сахиулдаг байгууллагын ажилтнууд нь шударга ёсыг эрхэмлэдэг байх хэрэгтэй. Тэгвэл монголчуудын ирээдүй сайхан болно шүү дээ.

-Иргэд шударга шүүхээр шүүлгэхийг хүсдэг. Тэр шударга шүүх байхгүй байна гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Яг л тэр чинь шүү дээ.

Хоромхон хугацаанд бидний ярилцлага ийн өрнөсөн юм. Харин тэрбээр “Мөрдөн байцаагчдын V зөвлөлгөөн”-ий үеэр хатуухан үг унагаж байсан. С.Нарангэрэл “Адаглаад та нар энэ зөвлөлгөөнөөс гараад сэжигтэнтэйгээ нөгөө муухай хараалаа хэлэлгүй, “өөрөө” гээд яриад эхлээрэй. Тэгсэн тохиолдолд энэ зөвлөлгөөн үр дүнтэй болно” гэж хэлсэн нь олон хүнийг эвгүй байдалд оруулж харагдсан. Мөрдөн байцаах явцад эрүүдэн шүүх ажиллагаа түүний хэлсэнчлэн доромжлолын харилцаанаас эхэлдэг нь нууцгүй үнэн. Харин мөрдөн байцаагчид нэг өдрийн туршид өөрсдийн алдаа, оноог өрөөл бусдаас сонсч, тэднийг хүлээн зөвшөөрсөн нь том амжилт байлаа. Тэд л хэргийг анх мөрдөж, шалгаж, басхүү эрүү үүсгэх эсэхийг шийддэг билээ.

Л.Нарантөгс

"Ардын эрх" сонин

л.нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж