Хятад инфляцийг буулгаж чаджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Хятад инфляцийг буулгаж чаджээ

Хятадын эдийн засагт донсолгоо болж байсан инфляцийн өсөлт сүүлийн гурван жилийн хамгийн өндөр үзүүлэлттэй гарч байсан бол харин өнгөрөгч наймдугаар сараас эхлэн бага зэрэг доошилж байгаа гэсэн мэдээлэл гарч эхэлсэн байна. Дэлхийн хоёрдогч том эдийн засагтай Хятадын хэрэглээний барааны үнэ наймдугаар сарын байдлаар өнгөрөгч оны мөн үеэс 6.2 хувиар өссөн дүнтэй байгаа ч энэ нь долоодугаар сард 6.5 хувиар өссөн байсан өмнөх үзүүлэлтийг бодоход буурсан харагдаж байгаа аж. Хятадын инфляцид нөлөөлж байгаа олон шалтгаан байгаа ч гол шалтгаан нь хүнсний зүйлийн өсөлт болж байна. Тэр дундаа гахайн махны үнэ нэмэгдсэн нь гол хүчин зүйл болсон гэж ажиглагчид дүгнэжээ.

Харин тус улсын үйлдвэрүүдийн гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээ 13.5 хувиар өссөн байгаа гэнэ. Гэхдээ энэ нь долоодугаар сарынхтай харьцуулахад бага зэрэг буурсан болох нь харагджээ. Дээрхи нааштай гэхээр үр дүнгээс үзвэл Хятадын эрх баригчид эдийн засгийн хэт халалт, инфляцийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь үр дүнгээ өгч эхэлсний дохио гэж шинжээчид үзэж байгаа юм байна. Нөгөө талаар инфляци ийнхүү өсөхөд эрх баригчдын бодлого ч бас нөлөөлсөн гэдгийг ч бас хэлсэн байна. 2010 оны 10 сараас хойш жил ч хүрэхгүй хугацаанд Хятадын төв банк бодлогын хүүгээ таван удаа өсгөж, банкуудын нөөцийн хөрөнгийн хэмжээг есөн удаа нэмэгдүүлсэн байгаа аж.   
 
Бээжин дэх хөрөнгийн сангийн аюулгүй байдлын төвийн эдийн засагч Тань Юунфэй хэлэхдээ “ Наймдугаар сард гарч байгаа үнийн дүнгийн үзүүлэлт Хятадын засгийн газар мөнгөний бодлогоо өөрчилж зөөлрүүлэх хэрэгтэй гэдгийг харуулж байна. Гэхдээ засгийн газраас ийм зүйл хйих байдал харагдахгүй байна” гэжээ. Түүний үзэж байгаагаар бол Европт төсвийн өрөөс үүдэлтэй эдийн засгийн хямрал улам хурц болж байгаа ч Хятадын засгийн газар мөнгөний бодлогоо хэвээр барих бодолтой байгаа ажээ.

Хятадын ерөнхий сайд Вэн Зябао инфляцитай тэмцэх нь Хятадын засгийн газрын нэн тэргүүний зорилт болж байгаа гэж олонтаа давтан хэлж байгаа ч тус улсын төв банкны бодлогын хүү өсч, улмаар арилжааны банкуудын нөөцийн санг өсгөхөд хүргэсэн нь санхүүгийн нөхцөлийг улам хатуу болгож ирсэн гэж шинжээчид үзэж байгаа аж. Энэ байдал Хятадын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн аж. Хятадын эдийн засгийн цөөнгүй шинжээчид одоогийн мөнгөний бодлогыг өөрчлөх хэрэгтэй гэж үзсээр байгаа боловч нэгэнт эрчээ авсан эдийн засгийн өсөлтийг огцом хазаарлахаас тус улсын эрх баригчид эмээж байгаа бололтой.

Энэ хооронд инфляцийн ерөнхий дүн буурч байгаа үзүүлэлт гарсан ч зарим бараа таваарын хувьд хомсдол өссөн дүнтэй байгаа аж. Тухайлбал хүнсний бус бүтээгдэхүүнүүдийн хувьд инфляци наймдугаар сард 3 хувь болсон нь өмнөх сараасаа 0.1 хувиар өссөн байна. Мөн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ ч өмнөх сараас 0.3 хувиар өсчихөөд байгаа гэнэ.  Харин үйлдвэрлэлийн салбарын хувьд эдийн засгийн хэт халалтаас зугтаж байгаа зарим нэг үр дүн гарч байгааг Ройтер агентлагийн мэдээлэлд дурдсан байна. Тухайлбал үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн наймдугаар сард хэдийгээр өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.5 хувиар нэмэгдсэн ч өмнөх сарынхаас 0.5 хувь буурсан байгаа аж. Мөн дахин боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалт долоодугаар сард 17.2 хувь байсан бол наймдугаар сард 17 хувь болж буурсан байна. Мөн үүний зэрэгцээ Хятадын эдийн засгийн гол хөтлөгч болох хөрөнгө оруулалт энэ оны эхний найман сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн дүнтэй байгаа гэнэ.

Хятад улс наймдугаар сард 21.04 сая тонн түүхий нефть олборлосон нь өмнөх долдугаар сарын олборлолтоос 2 хувь орчим өссөн дүнтэй гарч байгаа аж. Мөн гадаад зах зээлийн эрэлт нь багасах хандлагатай гэж байсан ч одоогоор захиалга хангалттай гэж үзэж байгаа тул гаднаас авах түүхий эдийн хэмжээгээ төдий л бууруулаагүй ажээ. Хятадын гаалийн газрын гаргасан дүнгээр бол өнгөрсөн сард тус улсад импортоор оруулж ирсэн төмрийн хүдрийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийхээсээ 33 хувиар өссөн дүн гарсан аж. Энэ нь 59.09 сая тонн буюу сүүлийн таван сарын хамгийн өндөр дүн болж гарсан байна.

Тэгвэл наймдугаар сард Хятад 340.398 тонн зэсийг импортолсон нь гуравдугаар сараас хойш гарсан хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа гэнэ. Хятад улс одоо ч төмөрлөгийн импортоор дэлхийд хамгийн түрүүнд явж байгаа хэдий ч  өнгөрөгч 2010 онтой харьцуулахад зэсийн импорт 10.3 хувиар буурсан хэвээр байгаа ба ачаа тээвэрлэлт 20.5 хувиар буурсан байна.

Хятадын эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүд тус улс эдийн засгийн хэт өсөлтийн дараа огцом уналтаас болж “хатуу газардалт”-тай учрах вий гэж айж байсан гадаадын хөрөнгө оруулагчдын санааг бага ч болов тайвшруулж байгаа гэж тус улсын зарим эдийн засагчид үзэж байна. Америка Мерри Линч  банкны эдийн засагч Тинь Лу хэлэхдээ “Зарим нэг сайн үзүүлэлтүүд гарчээ. Энэ нь Хятадын эдийн засаг хэт өсөлтөөсөө зөөлөн газардана гэдгийг харуулж байна” гэжээ.

Мөн Хятадын эдийн засагчид хэдийгээр АНУ болон Европын санхүүгийн хямрал тус улсын экспортод дарамт үүсгэж болох ч ирэх оноос тус улс эдийн засгийн өсөлтөө 9 хувиас доогуур барьж чадна гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Хятад эдийн засгийн хэт өсөлтийг аль болох хазаарлаж байх бодлого барьсаар байх болно гэжээ.

М.Наст

"Ардын эрх" сонин

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж