Монгол, Болгарын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, хоёр орны ард түмнүүд ч бие биенээ сайн мэдэж ойлгодог тийм түвшинд хүрсэн, манай орны эдийн засаг, соёл, боловсролыг хөгжүүлэх, ялангуяа мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд Болгар улс ихээхэн хувь нэмэр оруулсныг өндөр үнэлж байдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглэв. Мөн хоёр орны парламент хоорондын уламжлалт хамтын ажиллагаа ч зохих түвшинд хөгжиж ирсэн, тухайлахад энэ удаагийн УИХ байгуулагдсанаас хойшхи хугацаанд Болгарын Ардын Хурлын гурав дахь удаагийн зочид манай оронд айлчилж байгаа нь парламентын харилцаа өргөжиж буйн илрэл юм гэдгийг онцлов. Тэрбээр цааш нь УИХ-ын үйл ажиллагаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар зочдод товч танилцуулав.
Монгол Улсын эдийн засаг сүүлийн үед хүрээгээ улам тэлж, цаашид ч хөгжлийн хурдац ахих төлөвтэй байна. Уул уурхайн салбарын хөгжлийн ахиц дэвшлийн зэрэгцээ хөдөө аж ахуйн хөгжлийг ч бас шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна. Энэ үүднээс хөдөө аж ахуйгаа Европын стандартын түвшинд хөгжүүлэх бодлого баримталж буйгаа УИХ-ын дарга хэллээ. Мөн гадаад харилцааны хувьд Европын орнууд, Европын Холбоотой хамтран ажиллах, тэгэхдээ хуучин түнш байсан Европын орнуудтай уламжлалт харилцаагаа улам ойртуулах эрмэлзэлтэй байдгийг онцоллоо.
Ноён Димитрь Чукарски хэлэхдээ, Болгар, Монгол хоёр орон ардчилал, зах зээлийн харилцааг хөгжлийн чиг шугам болгон сонгож аваад хорин жилийг үдэж байна. Эдүгээ Монгол орон гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсан, ардчиллын үлгэр жишээ орон болжээ. Бид ч энэ хугацаанд Европын Холбоо, НАТО-гийн бүрэн эрхт гишүүн болсноо чухал ололт гэж үздэг юм гэлээ. Соёл, боловсрол, спортын салбарт хүрсэн харилцааны өнөөгийн түвшиндээ суурилан хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж эрчимжүүлэх, ялангуяа бараа эргэлтийг нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг xөгжүүлэх бололцоог бүрэн дүүрэн ашиглах нь чухал гэж үзэж буйгаа тэрбээр хэллээ.
Монгол орон Европын Холбоо, НАТО-той харилцах харилцаанд бидний туршлага тус нэмэр болно, танай орныг Балканы орнууд, Европын Холбоо, НАТО-той харилцахад Болгар орон гүүр болно гэдгийг Ардын Хурлын төлөөлөгчид онцолж байв.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ үеэр Монгол дахь Элчин сайдын яамаа түр хаах шийдвэрийг Болгар улсын зүгээс гаргасан тухай яриа сонссон, гэхдээ баттай мэдээлэл хэмээн бодохгүй байгаагаа хэлэхэд “Дипломат харилцааг зохицуулах тухай шинэ хуулийн дагуу Засгийн газар, Гадаад харилцааны яам гадаад харилцаанд реформ хийж байгаа. Монгол дахь Элчин сайдын яамыг хаахгүй байх талаар бид эндээс очоод өөрсдийн зүгээс хамаарах бүхнийг хийх болно” гэдгээ Ардын Хурлын төлөөлөгчид хэллээ.
Уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд, албаны бусад хүн байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.