“Зохист аялгуу” хос цомог мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

“Зохист аялгуу” хос цомог мэндэллээ

Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос эрхлэн гаргаж байгаа дууны шүлгийн “Зохист аялгуу” хос цомог өнгөрсөн долоо хоногт “Интерном” дэлгүүрт нээлтээ хийлээ. Энэхүү цомог нь 35 дуунаас бүрдсэн бөгөөд Зууны манлай дуу Ж.Бадраагийн “Халуун элгэн нутаг”, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадоржийн “Ээж минь”, Да.Нямаагийн “Амьдралаа би чамд хайртай”, Ж.Саруулбуянгийн “Хардалбэйсийн унага”, Д.Цэдэвийн “Алтан намар”, С.Мөнгөнчимэгийн “Талын монгол айл”, П.Нямлхагвын “Хайрлаа юу л гэсэн юм аа” зэрэг ард түмний зүрх сэтгэлд хоногшсон хуучны дуунууд багтсан байна. “Зохист аялгуу” цомгийн нүүрийг Монголын уран бичгийн холбооны тэргүүн Х.Баатарчулуун үүлэн бичгээр товойлгон сийлжээ. Түүнчлэн уг цомгийг яруу найрагчийн товч намтар, дуучны зураг, дууны шүлэг дагалдаж байгаа юм. Дууны шүлгийн анхны хос цомгийн нээлтэд Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Цоодол, Ш.Сүрэнжав нарын ахмад уран бүтээлчид оролцсон юм. Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо энэ онд тохиож буй 20 жилийн ойгоо олон нийтэд зарлан, эдгээр жилд юу бүтээснээ харуулах үүднээс хэвлүүлж буй гэдгээ нээлтийн үеэр дуулгасан. Мөн тус холбоог үүсгэн байгуулаад бурхан болсон болон өдгөө энэ их ачааг үүрэлцэж яваа найрагчдынхаа оюуны өмчийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж