Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг улсын дугаар, серийн дугаар, гаргасан зөрчилтэй нь хамт олон нийтэд мэдээлэхээр болжээ. Ингэснээр жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчихгүй байх, нэг удаа гаргасан зөрчлөө дахин давтахгүй байх зэрэг эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна. Гаргасан зөрчлийн дагуу замын цагдаагийн газар хариуцлага тооцохоор болсон аж. Нэг жолоочийн гаргасан зөрчлөөс болж замын хөдөлгөөнд түгжрэл үүсэх, цаашлаад олон сөрөг дагавар үүсдэг. Жолооч нар хурд хэтрүүлэх, улаан гэрлээр хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлүүдийг их гаргадаг гэнэ. Есдүгээр сарын 7-ний өдөр гэхэд улаан гэрлээр 737, хурд хэтрүүлсэн 608 машин, есдүгээр сарын 8-ний өдөр 510 улаан гэрлээр, 610 машин хурд хэтрүүлсэн зөрчил илэрсэн байна.
Ш.Чимэг