“Одоогоор 108 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн”

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

“Одоогоор 108 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн”

Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих хүрээнд 300 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолыг УИХ өнгөрсөн долдугаар сард батлан гаргасан билээ. Тогтоолд зааснаар 300 тэрбум төгрөгийн бондын 150 тэрбум нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд, 100 тэрбум нь ноос, ноолуурын салбарыг дэмжихэд,  үлдэж байгаа 50 тэрбум нь тэмээ, хонины ноосоо үндэсний үйлдвэрт тушаасан малчдын гарт урамшуулал хэлбэрээр очихоор болсон. Иймд бид энэхүү тогтоолын хэрэгжилт ямар шатанд яваа талаар Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Х.Золжаргалаас сонирхлоо.

-УИХ-аас баталсан 300 тэрбум төгрөгийн бондын арилжаа хэр явж байна вэ. Долоо хоног бүр арилжаа хийгдэж байна гэж сонсогддог. Нийт хэдий хэмжээний арилжаа хийгдээд байна вэ гэдэг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ-аас баталсан тогтоолын дагуу бондын арилжааг өнгөрсөн наймдугаар сарын 9-нд эхлүүлсэн.  Долоо хоног бүрийн  мягмар гаригт 25 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж ирсэн.  Найман сард үндсэндээ дөрвөн удаагийн арилжаа хийгдсэн. Өнгөрсөн долоо хоногийн арилжаа харин найман тэрбум төгрөгөөр хийгдсэн. Энэ нь бонд гаргаж байгаа тал худалдаж авч байгаа тал хоёрын эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаж буусан гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар нийтдээ 108 тэрбум төгрөгийн арилжаа хийгдээд байна.

-“300 тэрбум төгрөгийн бонд замын дунд  сонгуулийн мөнгө болоод зүсээ хувиргачих вий” гэдэг дээр гишүүд их болгоомжилж байгаа. Зээл олголт тал дээр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хэр хяналт тавьж байна вэ?
 
-Бондын мөнгө бол хөнгөлөлттэй зээлэнд хамаарна.  Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээл авах аж ахуйн нэгж нь арилжааны банкин дээр зээлийн хорооны шийдвэрээ авч очоод зээл авах болж байгаа. Нөгөө талаас арилжааны банк нь маш хатуу нөхцөл тавьж байгаа. Хэрвээ тухайн зээл авсан компани түүнийгээ зориулалт бусаар ашиглах юм бол өөрөө л дараа нь арилжааны банкинд зээлээ төлөх болно. Яагаад гэвэл тухайн компани тодорхой хугацааны дараа зээлээ 100 хувь буцааж төлөх ёстой, энэ зээлийг буцааж төлүүлэхийг арилжааны банкууд гэрээгээр хариуцаж байгаа. Тиймээс бизнес эрхлэгчид зээлээ өөрсдийнхөө бизнест ашиглана гэж бодож байна. Харин зээлийг хэнд олгох вэ гэдгийг тухайн үйлдвэрлэгчдийн холбоод гаргаж байгаа. Ноос, ноолуур үйлдвэрлэгчдийн холбоо, Ноосон эдлэл үйлдвэрлэгчдийн холбоод үйлдвэртэй хүнд зээл өгч байна уу, үйлдвэргүй хүнд зээл өгч байна уу гэдгээ хянаж байгаа учраас зориулалтын дагуу ашиглана гэж бодож байна.

-Бондын хүрээнд малчин ноосоо үндэсний үйлдвэртээ тушаасан нөхцөлд нэг кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал авахаар болсон. Гэвч энэ ажил орон нутагт эхлэхгүй байна. Юунаас болоод ажил удаашраад байгаа юм бэ?

-УИХ-аас баталсан энэхүү тогтоолын талаар орон нутагт малчид янз бүрийн ойлголттой байсан. Тухайлбал, урамшууллыг ирэх жилээс олгох юм байна гэж ойлгоод малчид ноосоо ченжүүдэд тушаачихсан байх жишээтэй. Мөн зарим аймгийн удирдлагууд ч энэ талаар ойлголт муутай , буруу зөрүү ойлгосон байсан. Улсын хэмжээнд жилдээ 14 мянган тонн ноос бэлтгэгддэг. Одоогоор 6000 тонн ноосыг үндэсний үйлдвэрүүд бэлтгэн нийлүүлэгчээ орон нутагт ажиллаж цуглуулж авсан бол 5000 тонн нь ченжүүдэд очсон байгаа. Үлдэж байгаа 3000 тонн ноос эцсийн хэрэглэгчиддээ очоогүй байна гэсэн мэдээлэл гарч байна. Үндэсний үйлдвэртээ ноосоо тушаасан малчдад тэдэн кг ноос тушаасан гэдгийг нь баримтжуулж, падаан олгохыг яамны зүгээс үйлдвэрүүдэд үүрэг болгосон. Бэлтгэн нийлүүлэгчээрээ дамжуулж энэ ажлыг хийж эхлээд байгаа. Үүний дараагаар л малчид урамшууллаа авна даа.

-Жил бүрийн намар нөөцийн мах бэлтгэлийн их ажил эхэлдэг. Энэ жил хэдий хэмжээний мах нөөцлөхөөр төлөвлөсөн бэ? 

-Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд зориулж 12 мянган тонн, Дархан-Уул, Орхон аймагт тус бүр 1000 тонн мах бэлтгэхээр төлөвлөсөн.  Бусад аймгийн төвүүдэд тус бүр 100 тонн мах бэлтгэгдэнэ.

Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй, та бүхэн. Хүнс, хөдөө аж ахуйн яам мөнгө гаргаад махны нөөц  бэлтгэдэггүй.  Зөвхөн зориулалтын агуулах савтай аж ахуйн нэгжүүдийг шалгаруулаад, тэдгээр нь өөрсдөө нөөц бэлтгэх квотоо гэрээлж аваад ажилладаг. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө мөнгөөр нөөцийн мах бэлтгээд, түүнийгээ зориулалтын агуулах саванд хадгалж байгаад нөөцийн мах худалдаалах цэгүүдэд нийлүүлдэг.  Үүнийхээ төлөө кг тутамдаа 500 төгрөгийн урамшуулал авдаг гэж ойлгох хэрэгтэй.

-Нөөцийн мах борлуулагдаж эхлэхтэй зэрэгцээд чанарын асуудал хөндөгддөг. Энэ жилийн хувьд хэр сайн чанартай мах бэлтгэгдэх бол?

-Сүүлийн жилүүдэд шинэ мах эрт худалдаанд гарах болсноос намар хөлдөөгчинд хадгалаад хавар зарагддаг нөөцийн махтай харьцуулаад гомдол нэлээд гаргах болсон. Зах зээлийн нийлүүлэлт юм даа.  Намар бэлтгээд,  хөргөлттэй агуулахад зургаагаас дээш сар хадгалаад худалдаанд гаргаж байгаа мах, шинэ мах хоёрын хооронд чанарын том зөрүү байж таарна шүү дээ.  Тэгэхдээ чанар дээр хяналт тавтж ирсэн, тавих ч болно. Нийслэлийн мэргэжлийн хяналтын алба, Махны холбоо, дээрээс нь хүчний байгууллагууд гээд олон газар махны чанарт хяналт тавина.

-Төвлөрсөн бүс нутгуудад махны үйлдвэр байгуулна гэж байсан. Энэ ажил хэр урагштай байгаа вэ?

 -Төвлөрсөн бүс нутгуудад махны үйлдвэр байгуулах ажил Хятад улсаас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэнэ. Тодруулж хэлбэл, дээрх зээлийн 200 сая ам.доллар нь хүнс хөдөө аж ахуйн салбарт зарцуулагдах юм. Түүгээр махны, сүүний үйлдвэр байгуулахаас гадна махны худалдааны төв, гурилын эльеватор байгуулах. Мөн чацарганы үйлдвэр байгуулахын зэрэгцээ бага оврын трактор худалдаж авч, газар тариалан эрхлэгчдэд нийлүүлэх гэсэн хэд, хэдэн чиглэлтэй байгаа. Удахгүй тендэрийн худалдан авалт зарлагдана. Түүний дараа л махны үйлдвэр байгуулах ажил эхлэх учиртай.

-Танай яамны хувьд 2011 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай төслүүд хэр байгаа вэ?

-Тендерийн барилгын гүйцэтгэл байгаа. “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор бүх сумдын Мал аж ахуй үржлийн газарт унаа авч өгөхөөр төсөвт тодорхой хөрөнгө суулгасан.  Одоогоор 100 суманд унаа авч өгсөн, дахиж 229 суманд унаа авч өгөхийн тулд 2011 оны төсөвт тодорхой хөрөнгө суулгаж өгөх шаардлагатай. Үүнийг эс тооцвол гайгүй дээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж