Э.Амартүвшин Их театрын тайзнаа өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин Их театрын тайзнаа өрсөлдөж байна

Сонгодог урлагийнхны чансааг тодорхойлдог томоохон сорилгын нэг "Competizione dell’Opera"-д Монголын дуучин Амартүвшин оролцож байна. Итали дуурийн шилдэг дуучныг шалгаруулдаг уг уралдааны шувтаргын шалгаруулалт ОХУ-ын нийслэлд өнөөдөр эхэлжээ. Москвагийн Их театрын тайзнаа 12-18-нд дэлхийн 40 орны дуурийн 120 гаруй залуу дуучин хоолойн чадал сорих энэхүү тэмцээнд оролцогч зөвхөн итали хэлээр дуулах учиртай. Итали дуурийн гайхамшгийг төрөлх хэл дээр нь хэн хамгийн чадварлаг гаргаж чадсан нь нэр хүндтэй энэ тэмцээний ялагч болох бөгөөд шагналын сан 23 мянган евро. 1996 оноос хойш зохиогдож буй "Competizione dell’Opera"-ын эхний шатны шалгаруулалт Сөүл, Сантьяго, Буэнос-Айрес, Мехико, Нью-Йорк, Милан, Цюрих, Варшав, Рига, Лондон, Минск, Киев, Ереван, Улаан-Үд, Ростов-на-Дону, Екатеринбург, Волгоград, Шанхай, Москва, Санкт-Петербург, Вена болон Дрезденд болдог. Эхний шатнаас тодорсон шилдгүүд өрсөлдөх уралдааны шалгаруулалтыг голдуу Германы Дрезденд зохион байгуулдаг байсан юм. Харин энэ жилийнх Москвад болж байна. Их театрын тайзнаа монгол дуучны чадварыг гайхуулах Амартүвшин өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Норвегийн Осло хотноо болсон Дэлхийн дуурийн дуулаачдын тэмцээний аравт багтсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж