Иргэдийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Иргэдийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргахыг шаардлаа

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлж буй банкийг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн солих шийдвэр гарсан. Уг шийдвэр нь буруу бөгөөд арилжааны бүх банкаар нийгмийн даатгалын сангаас гарах мөнгийг олгох нь зөв шийдвэр гэж үзэж байгаагаа Монголын үйлдвэрчний эвлэл /МҮЭ/ өнөөдөр илэрхийллээ. Тэдний үзэж буйгаар Монгол Улсын Засгийн газар МҮЭ-тэй зөвшилцөлгүйгээр иргэдийн эрх ашгийг боогдуулсан шийдвэр гаргасан гэнэ. Энэ шийдвэр нь Үндсэн хуулиар олгогдсон тэтгэвэр авагчдын эрхийг ноцтой зөрчиж байгаагаас гадна Нийгмийн даатгалын зөвлөлийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 25-дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлэх арилжааны банктай хамтран ажиллах” журмыг зөрчиж байна гэв. Нийт тэтгэвэр тэтгэмж авагчдын 60-аас дээшгүй хувийг нэг банкинд төвлөрөхгүй байхаар банкны салбар нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулах болон өөрийн хүссэн банкаар үйлчлүүлэх боломжийг нийгмийн даатгалын хэлтэс бүрдүүлсэн байна гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн МҮЭ-ийн зүгээс, иргэд өөрийн хүссэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны 15 банкнаас сонголт хийн үйлчлүүлэх  хэрэгтэй гэсэн санал дэвшүүлж байгаа юм байна. Ингэснээр тэтгэвэр тэтгэмж авагч 164 мянган иргэн илүү хялбар аргаар  тэтгэвэр тэтгэмжээ авч чадна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Б.Сэлэнгэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж