Дэвид Кэмерон Москвад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Дэвид Кэмерон Москвад айлчилж байна

Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон ОХУ-ын Москва хотод айлчилж байна. Өндөр дээд хэмжээний уг айлчлал хоёр орны харилцааг нэг шатаар ахиулж, хөгжил цэцэглэл, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж найдаж буйгаа Дэвид Кэмерон айлчлалын үеэр тэмдэглэсэн байна. 2006 онд Лондонд болсон Оросын тэрс үзэлтэн Александр Литвиенкогийн аллагын сэжигтнийг ОХУ Британийн талд шилжүүлэхээс татгалзсанаас хойш хоёр улсын харилцаанд сэв суусан юм. Их Британийн Ерөнхий сайдын Москва дахь нэг өдрийн айлчлал тус улсын тэргүүний 2005 оноос хойш ОХУ-д хийж буй  эхний айлчлал. Ажиглагчид айчлалын зорилго бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх бололтой гэж таамаглаж байна. Британийн парламентын дарга Боб Дудли танхимын 24 төлөөлөгчийн хамт Дэвид Кэмероныг дагалдан яваа юм. Айлчлалаар Дэвид Кэмерон Их Британид 500 ажлын байр шинээр бий болгох 215 сая фунт стерлингийн гэрээ байгуулах асуудал яригдах гэнэ. Дэвид Кэмерон  айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон ирэх сонгуульд Кремльд дахин суух магадлалтай байгаа Ерөнхий сайд В.Путинтай уулзах гэнэ.

Литвиенкогийн аллага хоёр орны дипломат харилцаанд сэв суулгаснаас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр улс хэлэлцээрийн ширээнд суугаагүй юм. Литвиенкогийн бэлэвсэн эхнэр Мария BBC-д ярилцлага өгөхдөө “Нөхрийнх нь үхлийн гэмт буруутанг шүүхийн өмнө авчрахаас нааш хоёр орны харилцаа сайжрахгүй” гэж хэлсэн байна. Аюулгүй албаны ажилтан байсан Александр Литвиенко Кремлийн бодлогыг шүүмжлэгчдийн нэг байсан бөгөөд Их Британид амьдарч байхдаа цацраг идэвхт полонид хордож нас баржээ. Харин Москва энэ хэрэгт сэжиглэгдэж байсан КГБ-ын ажилтан Андрей Луговойг Их Британийн талд шилжүүлэхээс татгалзсан нь хоёр орны дипломат харилцааг сэвтүүлсэн юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж