“Учиртай гурван толгой” вэбсайттай болно

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

“Учиртай гурван толгой” вэбсайттай болно

Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой” зохиол тун удахгүй дэлгэцийн бүтээл болох гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Харин тун удахгүй буюу есдүгээр сарын дундуур уг киноны албан ёсны вэбсайт нээгдэх бөгөөд үүнд зураг, видео, гар утасны контент, дуу клип гээд олон сонирхолтой зүйлс багтах юм байна.  Өнөө цагийн амьдралыг, ХХ зууны эхэн үеийн цаг хугацаатай хослуулан хийж байгаа уг кинонд гол дүрийн жүжигчид хоёр дүрд хувирч байгаа гэнэ. Учир нь эл дэлгэцийн бүтээлд “Учиртай гурван толгой” өнөө цагт ба өнгөрсөн үед амилж байгаа юм. Тиймээс гол дүрийн жүжигчин О.Амгаланбаатар Хангай болон Юндэнгийн дүрийг бүтээсэн бол, загвар өмсөгч Б.Сайнаа Учрал буюу Нансалмаагийн дүрд тогложээ. Харин “Х-Түц” хамтлагийн авьяаслаг залуу жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа Балган болон Баяраагийн дүрийг амилуулж, Намуунаа буюу Хоролмаагийн дүрд “Х-Түц” хамтлагийн залуу жүжигчин З.Онон тоглож байгаа юм. Түүнчлэн кино багийнхан түүхэн хугацааг бодит мэт харуулахын тулд хувцас хэрэглэл, гутал тоноглол, гэр, сууц  гээд олон арван зүйлсийг шинээр бүтээн чамгүй их зардал гаргаж байгаа гэнэ. Архангай аймгийн Чулуут сумын нутагт зураг авалтаа хийж, тус аймгийн театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноос гадна нутгийн ард олон эл бүтээлд дүрээ мөнхөлж байгаа аж. “Учиртай 3” кино урьд өмнө нь хийгдэж байгаагүй өвөрмөц сайн кино болж чадна гэдэгт уран бүтээлчид нь итгэлтэй байгаа аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж