“Айвенхоу Майнз” нээлттэй захидал гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

“Айвенхоу Майнз” нээлттэй захидал гаргалаа

Монголын иргэний хөдөлгөөнүүдээс “Оюутолгой” компанид хандаж шаардлага тавьсан. Тэгвэл Оюутолгойн орд газарт олборлолт хийж байгаа “Айвенхоу Майнз” компани нээлттэй ил захидал гаргасан байна. Энэхүү ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ГОВЬ НУТГАА ХАМГААЛАХ ХӨДӨЛГӨӨН ДАЯАР МОНГОЛ ХӨДӨЛГӨӨН-Д

    

“Өмнийн Говийн Элс” болон “Айвенхоу Майнз” компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлүүдийн талаар иргэний хөдөлгөөний төлөөлөл хэмээгч этгээдүүдийн гаргасан бодит бус, худал мэдэгдлүүдэд залруулга хийх тухай

2011 оны 9 дүгээр сарын 6-нд Улаанбаатар хотод иргэний хөдөлгөөний төлөөлөл гэгдэх этгээдүүдийн хийсэн худал, гүтгэлгийн чанартай мэдэгдэлд хариу өгөх зорилгоор энэ захиаг бичиж байна. Дээрх мэдэгдэл нь огт худал, гүтгэлэг тул хариу өгч, олон нийтэд зөв мэдээлэл өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

Даяар Монгол, Говь нутгаа хамгаалах хөдөлгөөн, Монголын иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл зэрэг иргэний хөдөлгөөний  нэрийн өмнөөс хийсэн улс төрийн сэдэлтэй, худал, хариуцлагагүй мэдэгдэл нь хэвлэл мэдээлэл, олон нийтийг хуурч, Монгол Улсын эрх бүхий байгууллагууд, түүний дотор Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүдийг төөрөгдүүлэх зорилготой гэж “Өмнийн Говийн Элс”, “Айвенхоу Майнз” компаниуд үзэж байгаа бөгөөд дээрх мэдэгдлийг буруушааж байна.

Иргэний хөдөлгөөний төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд алдаа мадагтай буруутгал, шаардлагаа гардуулахаас өмнө “Өмнийн Говийн Элс”, “Айвенхоу Майнз” компаниудтай уулзаж, мэдэгдлийнхээ үнэн зөвийг шалгах ямар ч оролдлого хийгээгүй болно. Хэвлэл мэдээлэлийн тодорхой төлөөлөгчид дээрх худал, бодит бус мэдээлэлд мэхлэгдэж, дээрх шударга бус үйл явцад татагдан оролцсон байна. Улмаар эдгээр худал, үндэслэлгүй мэдэгдэл Монгол Улс даяар болон олон улсын хэмжээнд сонин хэвлэл, телевиз, веб хуудсаар дамжуулагдан цацагдсан байна.

Тиймээс “Өмнийн Говийн Элс”, “Айвенхоу Майнз” компанийн  Монгол Улсад хууль ёсны дагуу явуулж байгаа бизнесийн үйл ажиллагааны талаар үнэ зөв мэдээлэл, баримтыг хүргэх шаардлагатай боллоо. “Өмнийн Говийн Элс”, “Айвенхоу Майнз” компанийн Монгол Улсад хууль ёсны дагуу явуулж байгаа бизнесийн үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдсэн гэдгийг энд дурдах нь зүйтэй юм.

Дээрх хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн  худал мэдээлэлийн жишээг доор үзүүлэв.

  • Иргэний хөдөлгөөний төлөөлөл гадаадын хөрөнгө оруулагчид, компаниуд Монголын уул уурхайн баялгийг ашиглан 40 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон гэжээ. Энэ тоо нь огт үндэсгүй бөгөөд өөрсдийн мэдэгдэлд сүр оруулах үүднээс ашигласан байна.
  • Иргэний хөдөлгөөний төлөөлөл гадаадын компаниуд болон мэргэжилтнүүд “нэг ч төгрөгийн татвар” тушаагаагүй, “Монгол Улсын хөгжилд ямар ч хувь нэмэр оруулаагүй” гэж ор үндэсгүй мэдэгдсэн. Энэ мэдэгдэл нь ямар ч үндэсгүй, худал мэдээлэл бөгөөд монголчуудын олонх нь үүнийг мэдэж байгаа. “Айвенхоу Майнз” компани ойролцоогоор 3.9 их наяд төгрөгийг (3 тэрбум ам.доллар) “Оюу Толгой”-н ордын хайгуул, барилгын ажилд зарцуулаад байгаа бөгөөд энэ нь төслийн хүрээнд нийт зарцуулахаар  төлөвлөж байгаа 7.8 их наяд төгрөгийн (6 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалтын эхний үе шат юм. “Оюу Толгой”-н төсөл бол  Монгол Улсын түүхэн дэх хамгийн том хэмжээний хөрөнгө оруулалт бөгөөд олон мянган монголчуудад ажлын байр бий болгож байна. “Өмнийн Говийн Элс” компани нь 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс  2011 оны зургадугаар сарын 30-ны хооронд 237.8 тэрбум төгрөгийн (177.5 сая ам.доллар) хөрөнгө оруулалтыг уул уурхайн тоног төхөөрөмжийг худалдан авах, бусад зорилгоор хийгээд байгаа бөгөөд дээр нь 266.5 тэрбум төгрөгийн (212.2 сая ам.долларын) хөрөнгө оруулалтын эргэлтийн хөрөнгө байдлаар хийгээд байна. Тус компани нь өнөөдрийг хүртэл нийт  504.3 тэрбум төгрөгийн (389.7 сая ам.доллар) хөрөнгө оруулалтыг дангаар хийгээд байна. “Өмнийн Говийн Элс” болон “Айвенхоу Майнз” компаниуд нь  олон тэрбум төгрөгийн (сая сая ам.долларын) татвар, хураамжийг  Монгол Улсын хууль журмын дагуу Монгол Улсад төлөөд байгаа бөгөөд монголчуудыг орчин үеийн уул уурхайн тоног төхөөрөмжийг ашиглахад сургаж, ажлын байр бий болгож байна.
  • Иргэний хөдөлгөөний төлөөлөл “Айвенхоу Майнз” компани болон түүний салбар компаниуд нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн “1 хувийг” эзэмшдэг гэж худал мэдэгдэл хийсэн. Иргэний хөдөлгөөний төлөөлөл “Айвенхоу Майнз” болон түүний салбар компаниудын хайгуул болон ашиглалтын лицензтэй талбайн  нийт хэмжээг 100 дахин өсгөн зарласан. Тус компанийн мэдлийн лицензтэй талбайн нийт хэмжээ нь гурван сумын нутаг дэвсгэр буюу Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн “1 хувьд” яагаад ч хүрэхгүй юм. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байна гэдэг нь иргэний хөдөлгөөний төлөөллийн мэдэгдсэнчлэн тухайн компани тэр газар нутгийг эзэмшиж байна гэсэн үг биш бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Монголын иргэд газрыг эзэмшигч хэвээр байх бөгөөд компаниуд Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр л ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглах эрхийг эдэлдэг.
  • Иргэний хөдөлгөөний төлөөлөл “Файнэншл Таймз” сонин 2011 оны долдугаар сарын дугаартаа “Айвенхоу Майнз” компанийн Ерөнхий гүйцэтгэх  Роберт Фрийдланд “Нүүрс, зэсийн ордоо” гадаадын компаниудад зарах гэж байна гэж мэдэгдсэн хэмээн ор үндэслэлгүй, худал мэдээлэл хийсэн. Энэ бол үнэхээрийн байж болшгүй худал мэдэгдэл юм. “Файнэншл Таймз” сонины мэдээнд зэсийн ордыг зарна гэсэн утгатай ямар ч үг өгүүлбэр байхгүй билээ. “Айвенхоу Майнз” компани нь Монгол Улсад байгаа ямар ч зэсийн ордыг зарахаар завдаагүй. “Айвенхоу Майнз” компани нь Оюу Толгой алт, зэсийн ордын ашиглалтын зөвшөөрлийг эзэмшдэг Монголын уул уурхайн компани болох “Оюу Толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг бөгөөд төрийн мэдлийн “Эрдэнэс МГЛ” ХХК-иар дамжуулан Монгол Улсын Засгийн газар үлдсэн 34 хувийг эзэмшдэг. “Оюу Толгой” ХХК зөвхөн гурван лиценз эзэмшдэг бөгөөд “Айвенхоу Майнз” компани болон “Оюу Толгой” ХХК эдгээр лицензийг зарах гэж байгаа гэсэн зүйл огт байхгүй болно. 
  • Иргэний хөдөлгөөний төлөөлөлнь Монголын газар нутгийг гадаадын компаниудад зарахаар “нууц” хэлэлцэл хийж байгаа гэсэн мэдэгдэлд үнэний хувь огт байхгүй болно. 
  • Иргэний хөдөлгөөнийхний мэдэгдсэнчлэн “Өмнийн Говийн Элс” компани болон тус компанийн нүүрсний нөөцийг  гадаадын хөрөнгө оруулагчдад зарах гэж байгаа  тухай гэрээ хэлцэл ерөөсөө байхгүй болно. 2010 оны нэгдүгээр сарын 6-нд “Айвенхоу Майнз” компани дэлхийн хөрөнгө оруулалтын тэргүүний банк Сити болон уул уурхайн салбарын бие даасан мэргэжилтэн “Хайч Корпорейт Финанс” компаниудаар  хувьцаа эзэмшигчдийн ашгийг нэмэгдүүлэх стратегийн хувилбаруудын талаар үнэлгээ хийх, зөвлөгөө авахаар хөлслөн авсан гэж зарласан билээ. Эдгээр хувилбарт салбарууд болон хувьцаа зарах, компанийн янз бүрийн гүйлгээ хийх, хувьцааны хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт хийх зэрэг үйл ажиллагаа орсон болно. Сонгон авсан зөвлөх компаниуд “Айвенхоу Майнз” компанитай хамтран олон тооны олон улсын компаниудаас хүлээн авсан шууд саналуудад үнэлгээ хийсэн. Зөвлөгч компаниуд “Айвенхоу Майнз” компанийн мэдлийн, Оюу Толгойн ордтой хамаагүй, Овоот Толгой нүүрсний уурхай зэрэг ордуудын талаарх уул уурхайн салбарын сонирхол ямар байгааг тандах зорилгоор боломжит хөрөнгө оруулагчидтай холбогдож эхэлсэн болно. Овоот Толгойн ордын лицензийг “Өмнийн Говийн Элс” компани эзэмшдэг бөгөөд тус компани нь “Өмнийн Говийн Нөөц Баялаг” буюу “Саус Гоби Ресорсис” компанийн салбар юм. “Айвенхоу Майнз” компани тус компанийн 57 хувийг эзэмшдэг болно. “Саус Гоби Ресорсис” компани саяхан мэдэгдэхдээ тус компанийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу Овоот Толгойн нүүрсний уурхайн олборлолт хамгийн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд борлуулалтын гэрээний дагуу экспортолж байгаа болно гэсэн байна. Өртөг нэмэх боломжуудыг үнэлэх дээрх үйл ажиллагаа одоо үргэлжилж байгаа болно. Өмнө нь “Айвенхоу Майнз” компани мэдэгдсэнчлэн, ямар орд газрыг зарах үйл ажиллагаа одоо явагдаагүй юм.
  • Иргэний хөдөлгөөнийхний мэдэгдсэнээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүссэн нөхцөл байдал үүсээгүй болно. “Айвенхоу Майнз” компани болон түүний салбар компаниуд нь өнгөрсөн 11 жилийн хугацаанд  Монгол Улсад явуулсан үйл ажиллагаагаараа Монгол Улсын хууль журмыг дээдлэн ажилладаг гэдгээ харуулсан бөгөөд цаашид ч дээдлэн ажилласан хэвээр байх болно.
  • Иргэний хөдөлгөөнийхний мэдэгдсэнчлэн, Роберт Фрийдланд  Монгол Улсад ямар ч хайгуулын болон ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй болно.  Монгол Улсын Ашигт малтмалын хуулиар, зөвхөн аж ахуйн нэгжүүд л тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд хувь хүмүүс лиценз эзэмшдэггүй болно. Дээр хүмүүсийн мэдэгдсэнчлэн, Фрийдланд нь “Айвенхоу Майнз” компани болон “Өмнийн Говийн Элс” компаниудыг хянан удирддаггүй билээ. Бодит үнэн гэвэл Фрийдланд “Айвенхоу Майнз” компанийн 15 орчим хувийг эзэмшдэг бөгөөд “Өмнийн Говийн Элс” болон түүний толгой компани болох “Саус Гоби Ресорсис” компанийн ямар ч хувьцааг шууд эзэмшдэггүй.
  • Иргэний хөдөлгөөнийхөн Монгол улсын мэдэгдэж буй нүүрсний нөөцийн 30 хувийг “Өмнийн Говийн Элс” компани эзэмшдэг гэж мэдэгдсэн. Энэ нь иргэний хөдөлгөөнийхний зохиосон огт ор үндэсгүй тоо юм. Үнэн гэвэл “Өмнийн Говийн Элс” компанийн орд газрууд  Монгол Улсын нийт мэдэгдэж буй нүүрсний нөөцийн 1 хувийн талаас бага хувийг л бүрдүүлдэг.
  • Иргэний хөдөлгөөнийхний “Айвенхоу” компанийн төлөөлөгчид хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдэгдэлд ямар ч үнэний хувь байхгүй бөгөөд гүтгэлгийн шинж чанартай юм. “Айвенхоу Майнз” болон “Саус Гоби Ресорсис” компанийн хувьцаа дэлхийн хэмжээний Канад болон АНУ дахь хөрөнгийн биржүүд дээр зарагддаг бөгөөд тус компанийн ажилтнууд хууль журам, ёс зүйн хатуу стандартг  бүхий л газар цаг хугацаанд баримтлан ажиллах шаардлагатай байдаг.

Иргэний хөдөлгөөнийхний мэдэгдэлд дурдсан “хатуу тэмцэх болно” гэсэн сүрдүүлгийн чанартай үгс нь тэд хууль ёсыг дээдлэх биш харин сөрж, улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулж байна гэдгийг харуулж байна. Дээрх тактик, худал хуурмаг мэдэгдэл нь хариуцлагатай иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд байж болшгүй зүйл юм. Дээрх үйлдэл нь олон монголчуудад ажлын байр бий болгох хөрөнгө оруулалтыг дэмжих биш харин эсэргүүцэж байгаа хэрэг бөгөөд  бүх Монгол Улсын иргэнд ашиг тусаа өгөх, хөгжил дэвшил авчрах ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хаан боосон, саатуулж болзошгүй үйл ажиллагаа юм.

“Айвенхоу Майнз” компанийн  Ерөнхийлөгч                                Жон Макен

“Айвенхоу Майнз” компанийн
Эрх зүйн асуудал хариуцсан
Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч                 
                                        Жон Фониани

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж