Монгол-Германы зөвлөлдөх уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Монгол-Германы зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол-Германы эдийн засгийн бодлогын тавдугаар зөвлөлдөх уулзалтыг есдүгээр сарын 9-ний өдрийн 11.00-14.00 цагт Холбооны Эдийн засаг, технологийн яамны байранд зохион байгууллаа.
 
ХБНГУ-ын нийслэл Берлин хотод зохион байгуулагдсан энэхүү зөвлөлдөх уулзалтад ГХЯ-ны Стратегийн төлөвлөлт, хяналт- шинжилгээ, үнэлгээний газрын захирал Г.Батжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Германы талын төлөөлөгчдийг Холбооны Эдийн засаг, технологийн яамны  Хойд Африк, Ойрхи Дорнод, Ази болон Австралийн эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн эрх зүй,  хяналтын хэлтсийн дарга ноён К.Вендлинг тэргүүлэв.
 
Зөвлөлдөх уулзалтаар талууд монгол-германы эдийн засгийн бодлогын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалтын протоколын биелэлтийг хэлэлцэж, хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагын талаар харилцан мэдээлэл солилцов. Түүнчлэн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, үүний дүнд хоёр орны хоорондын гадаад худалдааны эргэлт болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөөц бололцоо их байгааг онцлон тэмдэглэв.
 
Германы тал “Түүхий эдийн салбарт хамтран ажиллах Герман-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээр-/Түүхий эдийн түншлэл/”-ийг Монгол Улстай байгуулах хүсэлтэй байгааг илэрхийлсэн бөгөөд хоёр тал тус хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв.
 
Талууд Монгол-Германы эдийн засгийн бодлогын зургадугаар зөвлөлдөх уулзалтыг 2012 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж