БНСУ-ын клуб Хэнтийтэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

БНСУ-ын клуб Хэнтийтэй хамтран ажиллана

БНСУ-ын Чеонам хотын Ротари клубын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймагт ажлын айлчлал хийж, хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Өмнөд Солонгосын эл ротари клуб нь өөрийн улсдаа 17 салбартай, тавиад мянган гишүүдтэй, жилдээ 10 сая ам.долларын төсөл хэрэгжүүлдэг аж. Клубын ерөнхийлөгч Eung Sin Park Монголд 12 жилийн өмнө ирж байсан бөгөөд цөлжилтийг сааруулах зорилгоор 340 мянган ам.долларын мод тарих төсөл хэрэгжүүлсэн боловч үүнийгээ төгс ажил болж чадаагүй гэж үздэг юм байна. Клубын арав гаруй төлөөлөгчид Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг, “Хан Хэнтий” цогцолбор сургуулиар зочилж дурангийн хагалгааны орчин үеийн тоног төхөөрөмж, компьютер зэргийг бэлэглэлээ. Мөн уг төхөөрөмж дээр ажиллах эмч нарыг БНСУ-д сургаж мэргэшүүлэхээр тохиролцсон байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ санаачлан хэрэгжүүлж буй Хэнтий аймаг-Чеонам ротари клуб хоорондын хамтын ажиллагааны төслийн шугамаар дөрвөн хөтөлбөрийг Хэнтий аймагт хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, хөдөө орон нутгийн иргэдийг нарны эрчим хүч гаргах зөөврийн төхөөрөмжөөр хангах “Нарны эрчим”, зарим сургуулийн захиалгыг үндэслэн компьютер, бусад мэдээллийн хэрэгслээр хангах, Монгол Улсын түүх, соёл, уламжлалыг тусгасан судалгаа түүхийн ном хэвлэх, авьяаслаг сурагчдыг Улаанбаатар хот болоод БНСУ-д суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх “Боловсрол”, малчдын ундны ус, бэлчээр, газар тариалангийн усны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор худаг шинээр гаргахад санхүүгийн туслалцаа үзүүлэх “Ус хангамж”, эрүүл мэндийн үйлчилгээ, эм хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийг дээшлүүлэх, боловсон хүчин бэлтгэх зорилго бүхий “Эрүүл мэнд” зэрэг дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Өмнөд Солонгосын Ротари клубын танхимын дарга Dong-Book Kang, Ерөнхийлөгч Eung Sin Park, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Д.Намсрай нарын гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээнд заажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж