Замын хөдөлгөөний аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөний аян эхэллээ

“Өнөөдрийн зөв үйлдэл таныг аварна” уриатай зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх олон нийтийн гурван сарын кампанит ажил Сэлэнгэ аймагт эхэллээ. Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд явагдаж байгаа энэхүү арга хэмжээ манай улсад гурав дахь удаагаа зохиогдож байна. Сэлэнгэ аймгийн хувьд зам тээврийн осол гэмтэл анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Учир нь энэ оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн осол гэмтэл 51 гарснаас 35 хүн гэмтэж, хоёр хүүхэд нас баржээ. Манай улсад гарч буй энэ талын гэмт хэргийн 40.1 хувь нь жолоочийн буруугаас, 59.9 хувь нь хүүхдийн буруугаас болсон гэсэн судалгаа гарсан нь эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид хамтран ажиллах цаг болсныг харуулж байна. “Өнөөдрийн зөв үйлдэл таныг аварна” уриатай зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх олон нийтийн компанит ажлын эхлэл болж тус аймгийн Эрүүл мэндийн газар, Хүүхдийн төлөө хэлтэс, БСГ, ЗДТГ, Замын цагдаагийн газрын холбогдох ажилтан, мэргэжилтнүүд оролцсон хэвлэлийн бага хурал дээр анхаарал татсан ямар асуудал байгаа, хэрэг зөрчлийг бууруулахад юуг анхаарвал зохих талаар ярилцжээ. Аяны хүрээнд хүүхэд, залуус болон замын хөдөлгөөнд оролцогчдод зориулсан цуврал нэвтрүүлэг, нийтлэл аймгийн сонин, телевиз, радиогоор байнга цацагдаж, Сүхбаатар, Баянгол, Сайхан зэрэг замын хөдөлгөөн ихтэй сумдад “Сайн жолооч” аян зохион байгуулагдахаар болжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж