3000 тонн ноос эцсийн хэрэглэгчдэдээ очоогүй байна

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

3000 тонн ноос эцсийн хэрэглэгчдэдээ очоогүй байна

УИХ-аас өнгөрсөн зургадугаар сард Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг баталсан юм. Хууль хэрэгжих хугацааг 2012 оны зургадугаар сарын 1 гэж заасан ч жилийн хугацаанд салбарын яам нь бирж байгуулах бэлтгэлийг хангах үүрэг хүлээсний зэрэгцээ биржийн үйл ажиллагаанд оролцох, малчид, тариаланчдад хуулийг сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Харин энэ ажил ямар шатанд яваа талаарх мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд тайлагналаа.

Ямар ч байсан 20 аймагт жишиг хоршоо байгуулахаар ажиллаж эхэлжээ. Нэг аймагт жишиг хоршоо байгуулагдсанаар түүнийг дагаад сум, суманд хоршоод байгуулагдана гэж үзсэн байна. Нэг хоршоонд 45 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байгаа. Харин малчид болоод тариаланчид өнөө хэр нь бирж гэж чухам юуг хэлээд байгаа, биржийн үйл ажиллагаанд малчид, тариаланчид ямар үүрэг оролцоотой ажиллах болж буй талаарх ойлголтыг одоо хэр нь аваагүй байгаа нь салбарын яамнаас энэ талын ажлыг хийгээгүйтэй холбоотой. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 10 гаруй журам боловсрогдох ёстой, тэдгээр бэлэн болоогүй байгаа учраас сургалт, сурталчилгааны ажлыг хараахан эхлүүлж чадаагүй тухай Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Х.Золжаргал хэллээ.

Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл “Ирэх аравдугаар сард багтаан журмаа боловсруулж, малчид, тариаланчид руу хандсан сурталчилгааг яаралтай эхлүүлэхгүй бол малчдын хувьд ямар ч ойлголтгүй сууж буйг шүүмжиллээ. Техник, технологи хурдацтай хөгжиж буйг дагаад малчид сумынхнаасаа илүү мэдээлэл авах болсон аж. Тиймээс орон нутагт цацагдаж байгаа телевизийн сувгаар дамжуулж, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг сурталчлах шаардлагатай” гэсэн үүргийг мөн өгсөн юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг УИХ-аас баталсан 300 тэрбум төгрөгийн бондын арилжаа өнөөдөр ямархуу явцтай байгаа. Хонь, тэмээний ноосонд олгохоор болсон урамшууллыг малчид хэзээнээс эхэлж авах талаар тодорхой хариулт өгөхийг хүсэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын тайлбараар бол Монгол Улс жилдээ 14 мянган тонн ноос бэлтгэгддэг байна. Үүнээс одоогоор 6000 тонн нь үндэсний үйлдвэрлэгчдийн гарт ороод байгаа бол 5000 тонн нь ченжүүдийн агуулахад орсон. Харин үлдэж буй 3000 тонн ноос эцсийн хэрэглэгчид дээр ирээгүй гэсэн дүн мэдээ гарчээ. Малчдад ноосны урамшуулал олгохтой холбоотойгоор яамнаас үйлдвэрлэгч нарт тодорхой үүрэг өгсөн. Үйлдвэрүүдийн хувьд бэлтгэн нийлүүлэгчдээрээ дамжуулж,  ноосоо үндэсний үйлдвэртээ тушаасан малчдад падаан бичиж өгч, баримтжуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн.  Үүний дараагаар малчид ноосны урамшууллаа гар дээрээ авна. Энэ ажилд “Монгол ноос”, “Эрдэнэт хивс”, “Нэхээсгүй эдлэл”компаниуд идэвхтэй ажиллаж байгаа” гэсэн хариулт өглөө.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг босгож ирэхэд төр томоохон үүрэгтэй оролцох болж буй аж. Тухайлбал, төрийн худалдан авалтыг биржээр дамжуулахаар болсон. Энэ нь нэг талдаа бирж хөл дээрээ босоход томоохон дэмжлэг болохын зэрэгцээ төрийн ямар байгууллага биржээс ямар бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр хэдэн ширхэгийг худалдаж авсан бэ гэдэг тодорхой болж, нэг талын төрийн бараа бүтээгдэхүүн худалдан авалт тодорхой болох аж. Эхний ээлжинд улаан буудай, гурил, махыг биржээр дамжуулан арилжаалах бодлогыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас барьж ажиллаж буй юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж