Боловсролын салбар дахь оюун санааны шинэчлэл

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Боловсролын салбар дахь оюун санааны шинэчлэл

Сүүлийн
үеийн статистик мэдээллээр “Улсын хэмжээнд бакалаврын зэрэгтэй 19.8
мянга, магистр ба түүнээс дээш зэрэгтэй 0.5 мянга, тусгай мэргэжлийн
дунд боловсролтой 8.9 мянган хүн ажилгүй байна” гэсэн тооцоог гаргажээ.
“Энэ хэний буруу вэ” гэсэн асуултыг хэдэн жилийн өмнө тавьсан бол
“Монголын боловсролын тогтолцоо буруутай” гэж хариулах хүн захаас аваад
олдох байсан биз. Монголчууд хэн нэгэнд буруугаа нялзаах дуртай учир тэр
шүү дээ. Ардчилсан хувьсгал ялахтай зэрэгцээд хамгийн түрүүнд
хөдөлгөөнд орсон салбаруудын нэг бол боловсролын салбар. Тэр дундаа дээд
боловсролын салбар юм. Тухайн үед дээд боловсрол эзэмших хүсэлтэй
хүмүүсийн эрэлтийг харгалзан хувийн их, дээд сургуулиуд шил дараалан
үүдээ нээж байлаа. Харин ажилчин ангиас сэхээтний давхарга руу тэмүүлэх
иргэдийнхээ хүсэл, эрмэлзлийг төр хайхралгүй өнгөрч чадаагүй гэдэг.
Тиймээс 1993 онд Сургалтын төрийн санг байгуулж, сургалтын төлбөрийг
хөнгөвчлөх арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Одоогийн байдлаар Монгол
Улсад 140 гаруй их, дээд сургуульд 130 гаруй мянган оюутан суралцаж
байгаа. Нийт оюутны 28 мянга нь төрийн сангийн зээл, буцалтгvй
тусламжаар, 17 мянган оюутан төрийн албан хаагчийн хүүхэд гэсэн
статусаар суралцаж, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлж байгааг албаны
хүмүүс хэлдэг. Тэд “Гурван оюутан тутмын нэг нь сургалтын төлбөрөө
хөнгөлүүлж байгаа учир идэвхтэй суралцахгүй байгаа. Төрөөс оюутнуудын
толгойг илсэн үйлдэл гаргаж байна” гэлцэх нь ч бий. Энэхүү шүүмжлэлийг
харгалзан үзэж, ирэх хичээлийн жилээс оюутнуудын “Хавтгайруулсан
халамж”-ийг cancel-дах төлөвлөгөө боловсруулсан. Өөрөөр хэлбэл, сурсан
шиг сурч байгаа оюутнуудад дээрх хөнгөлөлтүүдийг эдлүүлэх журам баталсан
гэсэн үг. Энэ нь оюутнуудыг боловсролын шинэ тогтолцоонд бэлтгэж,
шинэчилж буй бодлогын эхлэл хэмээн мэргэжлийнхэн ам сайтай байгаа. Учир
нь “Дээд боловсролын тогтолцоо, агуулга, стандартыг байнга шинэчлэн
сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын жишигт нийцсэн их,
дээд сургуулиудыг бий болгосны үндсэн дээр улс орны хөгжилд шаардлагатай
хүний нөөц, мэдлэг, технологийг тасралтгүй нийлүүлнэ” гэсэн зорилттой
дээд боловсролыг шинэчлэх ажил ид өрнөж байна. Эхлээд “Сурч чадвал
тэтгэлэг олгоно” гэсэн дэлхийн стандартыг оюутнуудынхаа тархинд
суулгахаар чармайж байгаа нь энэ салбарын жинэхэнэ шинэчлэл юм. “Хүний
хөгжил сан”-аар дамжуулан оюутнуудын сургалтын төлбөрийн тодорхой хувийг
төлөхөөр болсон. Ирэх жилээс оюутан бүрт 70 мянган төгрөг өгөхөөр
болсон зэрэг шийдвэрүүд нь оюутнуудынхаа нийгмийн асуудлыг бага ч атугай
шийдэх гэсэн төрийн бодлогын илэрхийлэл юм. Харин энэхүү итгэл
найдварыг нь алдах уу, үгүй юү гэдэг нь монгол залуусын ухамсрын
асуудал. Түүнээс бус сар бүр тэтгэлэг өгч, сургалтын төлбөрийг нь
хөнгөвчилж, бэлэн хоол хүлээсэн “Гандангийн тагтаа” байлгахыг хүссэндээ
бус гэдгийг ойлгож байгаа биз.

Тэгэхээр тус салбарынхан эхний
алхмаа зөв хийжээ. Үүний дараа илүүдэл мэргэжилтэн бэлтгэж буй
сургуулиудыг нэгтэж, үндэсний хэмжээний сургууль бий болгохоор их, дээд
сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. 
Сургалтын төрийн сангийн зээл, тусламжаар ганцхан дотоодын их, дээд
сургуульд суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөөд
зогсохгүй жил бүр гадаад оронд 1000 орчим оюутан суралцуулдаг аж. Энэхүү
арга хэмжээг таслахгүйгээр жил бүр өндөр хөгжилтэй оронд суралцах
шаардлага хангасан оюутнуудыг бүхий л бололцоогоороо дэмжихээр болсноо
Засгийн газраас дуулгасан. Сургалтын төлбөр 1990 оны үед дунджаар 150
мянган төгрөг байсан бол өнөөдөр дунджаар 850 мянган төгрөгт хүрчээ.
Тэгэхээр мэргэжилтэн болохын тулд нэг оюутан сургалтын төлбөртөө
дунджаар дөрөв орчим сая төгрөг зарцуулж байгаа юм.  “Төлснийхөө хэрээр
авдаг” гэдэг. Зарим хүн энэ тоог хараад “Маш бага мөнгө. Ийм байхад ямар
боловсрол эзэмших вэ” гэх байх. Гэхдээ Монголын оюутнуудын нийтлэг төрх
нь энэ юм. Хичээнгүйлэн сурч чадсан нь нь дэлхийн боловсролыг эх
орондоо ердөө л дөрвөн сая төгрөгөөр эзэмшиж чадаж байгаа. Цаашид энэ
бүхэн улам боловсронгуй болно гэдэгт олон хүн эргэлзэхгүй байгаа. Дээд
боловсролын салбарыг шинэчлэхээс гадна ерөнхий боловсролын салбар ч
шинэчлэгдэж байна. Одоогоос гурван жилийн өмнө ерөнхий боловсролын дунд
сургуулийн тогтолцоог 12 жил болгон шинэчилж, дэлхийн стандартыг
нэвтрүүлэх хөрсийг бэлтгэж байв. Харин энэ жилээс эхлэн Кембрижийн
стандартыг нэвтрүүлэхээр туршиж эхэлж байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж