Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгийн улирал эхэлжээ. Өөрөөр хэлбэл, намрын налгар өдрүүдэд тариа, ногоо хураах их ажил өрнөдөг билээ. Энэ үеэр сайд Т.Бадамжунай тариаланч, ногоочдын ажилтай танилцаж, тариаланч сайд болон хувирдаг гэхэд буруудахгүй. Тэрбээр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн албыг хашиж байсан удаатай. Үүнийхээ дараа тухайн үеийн МАХН-аас нэр дэвшин 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Түүнийг мэдэх хүмүүс “Бизнес сэтгэлгээтэй” гэлцэх нь бий. Засгийн газар сүүлийн үед хөдөө аж ахуйн салбарт ихээхэн анхаарч, хөрөнгө зарцуулж байгаа. Энэ нь нэг талаас сайд Т.Бадамжунайд их ажил, түүнийг дагаад их хариуцлага хүлээлгэж буйн илрэл гэлтэй. Тэрбээр тариаланчдыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөд чухал нөлөө үзүүлсэн. Харин татварыг импортын хүнс, ногоонд тавьсан нь гадны чанаргүй хүнсний ногооноос иргэдээ хамгаалсан хэлбэр гэдгийг Т.Бадамжунай сайд дуулгаж байлаа. Мөн нэг тонн улаан буудайг хуучин үнээр нь худалдан авах болсон нь тариаланчдыг баярлуулсан юм. Ямартай ч Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа хугацаандаа “Хүнс, ногоогоо гадаадаас авалгүй дотоодын нөөц бололцоогоор хангаж эхэлсэн нь түүний ажлын хамгийн том амжилт” гэж дүгнэх хүн олон байдаг юм билээ. Тариалангийн бүс нутгаар ажиллаж яваа тариаланч сайдын ажлын үр дүнг та бид удахгүй шинэ тариа, ногооны чанараас харж болох биз ээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж