Энэтхэгт iPod Touch ашиглан мэс засал хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Энэтхэгт iPod Touch ашиглан мэс засал хийжээ

Технологийн дэвшлийг ямар нэгэн шинэлэг санаатай хослуулан ашиглавал сонирхолтой бүтээл буй болж амьдралын ямарваа нэгэн салбар хэсэгт гайхалтайгаар ашиглагдаж болох ажээ. Энэтхэгийн Мумбай хотын нэгэн мэс заслын эмч iPod Touch-ийг ашиглах нэгэн шинэлэг санаа бодож олжээ. Брич Кэнди хэмээх эмнэлгийн дадлагажигч, ортопедийн мэс засалч эмч Арун Муллажи ортопедийн суулгац үйлдвэрлэдэг Smith & Nephew компанийн тусламжтайгаар 75 настай өвчтөндөө өвдөгний үений хагалгааг iPod Touch ашиглан гүйцэтгэсэн байна. Энэхүү хагалгаа амжилттай болж, өвчтөн тэр өдөртөө л алхаж чадахаар болсон аж.
 
Компьютерийн тусламжтай хийгддэг өвдөгний үений хагалгаагаар мэргэжсэн Арун Муллажи эмчийн хийсэн хагалгаа нь Азидаа анх удаа iPod Touch ашиглан хийгдсэнээрээ онцлог юм. Хагалгаа Smith & Nephew компанийн боловсруулсан DASH хэмээх технологид түшиглэн хийгдсэн байна. Энэ технологиор бол iPod Touch нь утасгүй холболтоор хэт улаан туяа ялгаруулдаг камерт холбогдоно. iPod Touch дээр харуулж буй өгөгдлийг уншин түүн дээр суулгасан байх бяцхан төхөөрөмжийг эмч янз бүрээр байрлуулан хөдөлгөнө. iPod Touch-ийн дэлгэцээр эмч хагалгаа хийгдэж буй үений хэсгийн байрлал, зэрэгцүүлэлтийг тод харах боломжтой бөгөөд улмаар ясыг тайрч үеийг шинээр нарийн нямбай суулгах юм.

Энэхүү технологийг ашигласнаар мэс заслыг илүү нарийн хийх нөхцлийг бүрдүүлж байгаа ба энэ аргыг ашиглан хийгдсэн суулгац нь илүү удаан эдэлгээтэй, илүү сайн ажилладагаараа алдартай гэнэ. Үүнээс гадна, хийгдсэн хагалгаа нь хурдан төлждөг, хямд өртөгтэй байдаг аж. Мөн аль болох зүсэлт бага хийгдэнэ гэдгээрээ тустай. Энэ мэт бүх ач холбогдлыг нь авч үзэн уг эмч Энэтхэгийн хэд хэдэн газарт эмнэлгийн салбараа байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Эх сурвалж: www.emneleg.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж