Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Хүний нөөцийн бантан

Хуульч О.Алтангэрэлийн "Шүүхийн шинэтгэл" булан үргэлжиж байна.


Төлбөргүй, бас дээр нь хувцсаар хангадаг хэдхэн дээд сургууль бий. Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль, Батлан хамгаалахын их сургууль, Үндэсний тагнуулын академи гээд л. Оюутнууд нь төрөөс бүх л зардлаа гаргуулан сураад дараа нь баталгаатай ажлын байраар хангагддаг. Тэр ч байтугай төгсөөд ажил дээр гарсан хойно нь сурсан жилийг нь ажилласан жилд нь тооцож нэмэгдэл цалин, амралт, бас тэтгэвэр олгодог.  Юуны тулд төрөөс ийнхүү анхаарч байна вэ гэвэл ганцхан хариулттай.  Тэдний ажиллах, хүчээ өгөх байгууллага нь нийгмийн хэв журам, үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнол гээд амин чухал асуудлуудыг эрхлэн гүйцэтгэдэг. Дархан хилийн манаа, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  сөрөх болон дотоодын тагнуулын үйл ажиллагааг чухам дээрх сургуулиудыг төгсөгчид л удирдан зохион байгуулах үүрэг хүлээнэ. Ирээдүйн офицер, удирдах боловсон хүчнийг тэнд л бэлтгэнэ.

Цагдаагийн  академи гэхэд л зөв­хөн цагдаагийн албан хаагчид төдий­гүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх бай­гуул­­лага болон онцгой байдлын ажилтнуудыг төгсгөж гаргадаг. Хэв журам хамгаалах, мөрдөн байцаалт явуулах, шоронгийн харуул хамгаалалтыг зохион байгуулах, гал түймэртэй тэмцэж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэн цас зуднаар иргэдээ хамгаалах үүрэгтэй бүхий л албан хаагчдыг нэг дор бэлтгэдэг. Энэ бүтэц нь олон жил багагүй шүүмжлэлийг дагуулсаар ирсэн боловч энэ зун Засгийн газар шийдвэр гаргаж, өөр сургуулиудтай нэгтгэн их сургууль шинээр байгуулж, дотоодын цэргийн нэг, хилийн цэргийн нэг ангийг татан буулгаж нэгтгэх шийдвэр гаргасан. Ийнхүү шийдвэр гаргахдаа батлан хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг хайхралгүйгээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй тул уг шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй хэмээн Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн байна. Сайтар эргэцүүлбэл сургуулиу­дыг нэгтгэсэн энэхүү явдал нь үндэс­ний аюулгүй байдалтай шууд хамааралтай болж байгаа юм. Жишээ нь тагнуулын академид  жилд хэчнээн хүн элсэв, юу сургаж байна, ямар хүмүүс сурч байна гэдэг нь олон нийтэд нээлттэй байдаггүй. Аль ч талаасаа бодсон энэ нь зөв. Гэтэл олон нийтэд нээлттэй ажиллах бусад сургуультай нэгтгэснээр төсөв хөрөнгө, хичээлийн хөтөл­бөр, багшлах боловсон хүчин, оюут­нуудтай холбоотой олон асуудал үүснэ. Цагдаа бол гэмт хэрэг зөрчлөөс урьд­чилан сэргийлэх, таслан зогсоох, нийг­мийн хэв журмыг хангах үүрэгтэй байгууллага. Хар үгээр бол эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ, барьж илрүүлснийг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба­ныхан хорино. Тагнуулынхан гадаад орны тагнуулын үйл ажил­лагаа, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зарим төрлийн гэмт хэрэг­тэй тэмцэж, монгол төрийн нүд, чих болдог. Энэ бол наад захын жишээ. Цаашилбал өнөөгийн бүтцээрээ Цаг­даа, Цагдаагийн академи нь Хууль зүй, дотоод хэргийн яамны бүт­цэд багтдаг бол Тагнуулын ерөн­хий газар нь Ерөнхий сайдын эрх мэд­лийн хүрээнд багтдаг. Энэ хоёр байгуул­лагын чиг үүргийг хилийн цэргийнхтэй ч харьцуулахын арга байхгүй. Бүгд огт өөр чиг үүрэг бүхий байгууллагууд юм. Өнгөн дээрээ хэдэн сургуулийн тухай асуудал яригдаж буй мэт боловч энд Монгол төрийн “Хүчний” гэж нэрлэгддэг байгууллагуудын ирээ­дүйн хүний нөөц, боловсролын тухай асар чухал асуудал яригдаж байгааг хаа хаанаа анхаарах учиртай. Нэг анги, нэг курсээрээ элгэмсэх, дээд, доод курсээрээ талцах, эсхүл ху­вийн харилцаагаар нягт холбогдож ажил­ладаг монгол уламжлалаа бодсон ч харилцан адилгүй чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнуудыг бэлтгэх хүний нөөцийн бодлогыг нэгтгэх нь сайн үр дүнд хүргэхгүй.

Өнөөгийн Хууль зүй, дотоод хэр­гийн яам бол хуучны Нийгмийг аюулаас хамгаалах яам биш ээ. Бид хүчний байгууллагууд нь огт өөр бүтцээр ажиллах ёстой нийгмийн чиг баримжааг тэртээ хорин жилийн өмнө сонгосон. Даяаршиж байгаа мэт боловч үндэстэн хоорондын харилцаа улам л ээдрээтэй болж байгаа энэ цаг үед амин чухал үүрэгтэй байгууллагуудынхаа бо­ловсон хүчний бодлогоор туршилт хийх нь ч эрсдэлтэй. Зарим хүний эрх мэдэл нэмэгдэж, зарим нь шинэ албан тушаалд томилогдож байгаа нь тэдний л эрх ашиг болохоос Монгол Улсын маань эрх ашиг огт биш юм.

Харин Цагдаагийн академид мөрдөн байцаагчдыг тусгайлан бэлтгэх асуудлыг хөндсөн бол өөр хэрэг. Өнөөдөр ихэнх хэрэг дээр мөрдөн байцаалт биш, зөвхөн “байцаалт”-ын үйл ажиллагаа явагддаг. Баахан хүн байцаана, түүнийгээ бичиж авна. Харин мөр­дөлт жинхэнэ утгаа­раа явагдахгүй. Ядаж л өдөр тутмын хэргүүд дээр хэргийн газраас хурууны хээ авдаггүй. Хулгайд юмаа алдсан хүн өөрөө л гүйнэ үү гэхээс байцаагч нь хөдөлдөггүй. “Тэр авсан байх магад­лалтай, яагаад гэвэл…” гээд таамаг­лал дэвшүүлбэл “Тэр хүнээ олоод ир. Би асуугаад өгье” гэсэншүү юм ярьцгаана. Ийм байхад юун тэр ДНК-ийн шинжилгээ, гадны кинон дээр гардаг нарийн шинжилгээ судалгаа.

Үүнийг засч залруулах арга зам бол мөрдөгчдийг тусад нь бэлтгэх, гадны зочид төлөөлөгчдийн замд “Хүн хашаа” хийлгэж, хэв журмын ажилтай  хутгалдуулалгүйгээр мөр­дөх үйл ажиллагаанд нь чиглүүлэх, өнөө­гийн дэлхий ертөнцөд аль хэдий­нэ нээгдэж, нэвтрээд олон жил болж байгаа судалгаа шинжил­гээний ололтуудад сургах асуудал байсаар, энэ­хүү асуудал нь шийдвэрлэгдэхгүй хууль зүйн системийн нэг идээ буг­лаа болсоор байхад шийдэхгүй мөрт­лөө олон сургуулийг нэгтгэж, “дотоод хэргийн” хэмээх том малгай өмсгөж бантан зуурахын учир юусан билээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж