”Салхи хөлөглөгч”-ийнд өнгөрүүлсэн бага үд

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

”Салхи хөлөглөгч”-ийнд өнгөрүүлсэн бага үд

Манай улсад мотоциклийн спорт үүсэж,
хөгжөөд 50 гаруй жилийн нүүр үзэж буй. Тодорхой хэлбэл 1955 оны
тавдугаар сарын 2-ны өдөр одоогийн Мах комбинат орчимд мотоцикльчид
анхны уралдаанаа зохиож байжээ. Харин өнөөдөр нийслэлийн хэмжээнд
мотоцикльтой иргэн 200 гаруй бий. Тэд “Хотын замаар мотоцикльтой зорчих
амаргүй” гэж хэлдэг ч сэлүүхэн зам дээр салхи татуулан хурдлах дуртайгаа
нуудаггүй юм. Олны мэдэх 100 айл орчимд анхны Мото спорт сонирхогчдын
клуб болох “Сторм райдерс” саяхныг хүртэл байрлаж байв. Гаднаа этгээд
өнгө, загвартай олон мотоциклийг зэрэгцүүлэн, байрлуулсан харагддаг байж
билээ. Эгнүүлэн тавьсан тэр олон “хоёр дугуйтууд”-ын хажуугаар явахдаа
хэчнээн завгүй байсан ч 10 гаруй минут зогсож нүд хужирладаг байв. Харин
сүүлийн нэг жил хагасын хугацаанд өнөөх клубын хаяг харагдахгүй болжээ.
Энэ талаар лавлавал тэднийх Чингэлтэй дүүр­гийн хойд зах руу нүүсэн
гэнэ. Нээрээ л Долоон буудал, Хайлаастын замаар байсхийгээд мотоцикльтой
залуус “пижигнэн” өнгөрдөг шүү дээ. Тэд өнөөх клуб рүүгээ л явдаг юм
байна.

Есдүгээр сар гарч сэрүүн орж эхэлсэн нь мотоцикльчдыг унаагаа граждаа
хийхэд хүргэж эхэллээ. Угаасаа ч гадаа +20 хэм хүртэл халж байхад
мотоцикльтой давхихад сэрүүхэн байдаг гэсэн. Мотоцикль сонирхогчид жил
бүрийн хавар мото улирлын нээлт хийж, намартаа хаалт хийдэг байна.
Нээлт, хаалт гэхээр мэдээж нүсэр болно. Замаар 100 гаруй мотоцикльтон
мотороо нүргэлүүлэн өнгөрөхөөр арга ч үгүй биз. Харин энэхүү нээлт,
хаалт гээч зүйлийг нь Мотоцикль сонирхогчдын холбоо гэх статустай
байгууллага зохион байгуулдаг юм байна. Холбооны гүйцэтгэх захирал
А.Пүрэвдорж хэмээх залуу энэ арга хэмжээг сүүлийн жилүүдэд зохион
байгуулж ирсэн бөгөөд дээр дурьдсан “Сторм райдерс” гэх клубын
тэргүүнээр ажилладаг аж.

Хотын төвөөс зайдуу ч  засварын том агуулах, оффисстой, тэндээ  хэдийнэ
тохижсон хамт олон угтав. Бодоод үзэхэд манай аж ахуйн нэгж, компаниуд
яагаад заавал хо­тын төвдөө шавах ёстой гэж. Энэ клубийнхэн шиг гэр
хороолол дунд байр­лахад болохгүй зүйл үгүй шүү дээ. Засварын төвийн
цонхоор харвал хашаанд нь маш олон мотоцикль, сэл­бэг, хэрэгсэл харагдаж
байв. Мөн хашаанд байх чингэлэгүүд дээр хүртэл мото­циклиудыг эгнүүлэн
тавьжээ. Энэ талаар тус газрын засварчнаас асуувал, “Залуучууд
мотоциклио засуулна гэж авчирчихаад төлбөрөө төлдөггүй, ирж авдаггүй юм”
гэв. Мөн “Ирж авахгүй удвал зарна даа” гэлээ. Засварчдаас гадна ойр
орчмын хорооллын хүүхдүүд гражаас нь салдаггүй гэнэ. Тэдгээрийн нэг
болох А.Алтанбаатар хүүтэй танилцав. Тэрбээр өнгөрсөн хавраас хойш энд
байнга ирж туслах засварчны үүрэг гүйцэтгэж байгаа аж. Энэ хугацаанд
мотоциклийн талаар муугүй мэдлэгтэй болчихсон юм билээ. Унаж явсан
мопеднийхоо суудлыг сөхчихсөн утаснуудаар нь оролдож зогсов.  Засварын
төвд зогсохдоо Suzuki Hayabusa, Hon­da, Kawasaki, Dukati гэх олон
мотоцик­лийн нэрийг тогтоох гэж нэлээд юм боллоо. Учир нь тэр олон япон
нэртэй, япон мотоциклиудын ялгааг олж харах амаргүй юм билээ. Эхнээсээ
намайг дотноор хүлээн авсан залуус надад тохирох унааг зааж өгсөн нь
Kawasaki bandit хэмээх энгийн загвартай хар мотоцикль байлаа. Хөдөлгөхөд
хүнд боловч дээр нь сууж, зураг авахуулахад сайхан санагдаж билээ.

“Сторм райдерс” клубын тэргүүн А.Пүрэвдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

    
-Танай клубыг 100 айл орчимд байхыг нь мэдэх юм байна. Хэзээ­нээс энд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-“Сторм райдерс” клубынхан олноороо явдаг гэхээр хүмүүс андахгүй байх.
Мотоцикль унадаг залуус энэ зуны хувьд 10 гаруй удаа цуглацгаасан.
Гражаа энэ жил ашиглалтад орууллаа. Манайх эндээ засварын газар, клуб,
дэлгүүр гээд олон үйлчилгээг үзүүлж байна даа. 100 айлд байрладаг
байсныг хүмүүс мэдэх байх. Энд нүүж ирэх бас бус шалтгаан байсан. Клуб
байгуулах болсон маань мотоцикль сонирхогч залуустай л холбоотой.
Мотоцикль сонирхохгүй хүмүүс орж ирээд биднээс олон юм шалгаадаг байсан
учир бид нүүсэн. Заримдаа түвэгтэй ч юм шиг санагдана. Харин энд
байрлахад ямар нэгэн асуудал алга. Яг сонирхсон хүмүүс нь зорьж, ирж
байгаа юм.

-Мотоцикльчдийн хаалтын цуглаан хэзээ болох вэ?

-Энэ сардаа багтаан хийх байх. Хараахан төлөвлөсөн юм алга л даа.

-Мотоцикль сонирхогч хэчнээн залуу ирдэг вэ. Ер нь хотын замаар
мотоцикльтой явна гэдэг асуудалтай шүү дээ. Тийм байхад ийм унаа
хөлөглөгчид улам олон болоод байх шиг санагддаг юм?

-Мотоцикль сонирхогч 200 гаруй хүн бий. Харин цуглаан боллоо гэхэд энэ
олон мотоцикльтой хүн замаар явахад хүндрэлтэй шүү дээ. Хотын замын
хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах хэрэгтэй болно. Хаалаа гэхэд хөдөл­гөөнд
саад учруулсан гээд Замын цагдаагийн газарт дуудагдах ч юм уу асуудлууд
гардаг. Гэхдээ хүмүүс нэг үеэ бодвол заавал хотод мотоцикль унах гээд
байдгаа больжээ. Бид  хаашаа ч харсан уудам газар нутагтай улс шүү дээ.
Аль болох орон нутагт явах чадвартай, зам голдоггүй мотоцикль сонирхож,
түүнийгээ жинхэнэ ут­гаар нь хэрэглэх залуус ол­ширч байна. Зөвхөн
хотынхон гэх нь бас учир дутагдалтай. Хөдөө орон нутагт ч сайн мотоцикль
авч хэрэглэдэг хүмүүс олон болж байна. Яагаад гэхээр өнөөх хятад
мотоциклиуд нь эдэлгээ даахгүй, хурдан эвдэрчихдэг. Орос мотоциклиудыг
нь оруулж ирэхээ болиод, оруулж ирж бай­гаа нь хулхи бараа болж бай­даг.
Ажиглаад байхад сүү­лийн жилүүдэд япон, авст­ри мотоцикль худалдан
авалт нэлээд сайжирч байх шиг. Ялангуяа Австрийн “КТМ” гээд кросс
загварын мото­циклиудыг энд онцолмоор байна л даа. Холын болон бартаат
замд үүнээс өөр тохирох унаа байхгүй гэж ойлгож болно. Тэгээд ч “КТМ”
мотоцикль машинаар бол “BMW”, “Mercedes” л гэсэн үг. Эхнээсээ албан
ёсоор “КТМ” гээд тэр гоё мотоциклийг Монголд албан ёсоор оруулж ирэхээр
болж байгаа юм билээ.

-Залуус яагаад мотоцикль сонирхдог юм бол. Сайхан гэхээсээ илүү осолтой гэдэг үүднээс хүмүүс хараад байдаг шүү дээ?

-Сайд, дарга, бүр гудамж цэвэрлэж буй залуутай ч энэ талаар ярьж байлаа.
Бүгд л мотоцикльтой болохыг их, бага хэмжээнд хүсдэг юм. Мотоцикль унах
чинь угаасаа сайхан шүү дээ. Дээр нь залуу хүний эрч хүчийг мэдэрнэ.
Хүчтэй мотоциклийг унаж яваад явдаг хаазлахаар цээжин дотор ямар нэг юм
огшиж, догдолдог юм. Үүнээс болж залуус заримдаа хурд хэтрүүлж, осол
гаргах тохиолдол бий. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө маш сайн бариад замаа зөв
тодорхойлоод, хамгаалалтын хувцас, тээврийн хэрэгслийн дугаартайгаар
хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж