Дэлхий гэдэг их айлд эр, эм, хар, цагаан, нас хүйс, өндөр намаараа ялгарах хэдэн тэрбум хүн амьдардаг. Тэдний нэг бол та бид. Би удахгүй 24 нас хүрнэ. Харин туулж өнгөрүүлсэн үеэ эргэн бодоход 10 жилийн боловсрол (одоо 12 жил) эзэмшиж, дээд сургуульд сурч төгсөн ажлын талбар дээр гараад хэдийнэ хоёр жил өнгөрчээ. Надтай адилхан замналаар явсан олон аавын хүү, ээжийн охин байгаа гэдэгт итгэлтэй байна. Зарим нь ч наснаасаа хүнд хэцүү зовлонг үүрч яваа байх. Гэтэл ээж, аавынхаа өврөөс одоо болтол гараагүй “бяцхан” залуус байдгийг мэдэхгүй хүн ховор биз. Монголын 24 настай залуучуудын ялгаа гэвэл нэг иймэрхүү. Харин бидний амьдрал Европын залуусынхтай харьцуулахад бас л өөр. Тэд дөнгөж 16 нас хүрмэгцээ тусдаа гарч, амьдралаа өөрсдөө зохиодог. Энэ нь уламжлал болон тогтож, эцэг, эхчүүд нь ёс мэт л хүлээж авдаг. Дөнгөж насанд хүрээд л амьдралаа өөрийнхөө хүссэнээр цогцлоосон тэд 24 нас хүрээд бие дааж, ухаан суух нь дамжиггүй. Ингээд бодохоор насны ялгаа байхгүй хэрнээ насандаа ямар байх вэ гэдэг нь ялгаатай болохыг уншигч та анзаарч байна уу. Жишээ татаж, нэгэн монгол залуугийн амьдралын түүхийг цухасхан дурдъя. Түүний нэрийг Болд гэдэг. Тэрбээр дээр бичсэнчлэн их сургуулиа төгсөж, хуульч мэргэжил эзэмшжээ. Нэгэн хуулийн байгууллагад ажиллахын сацуу залуучуудын холбоонд элсэж нийгмийн амьдралын идэвхтэй гишүүний үүргийг гүйцэтгэдэг. Энэ хугацаанд намд элсэн улс төр рүү орох сонирхол нь түүний хэтийн зорилго болжээ. Товчхондоо зорилгоо биелүүлэхийн тулд хичээж яваа залуу. Түүнтэй адил улс төрд хөл тавьсан хүмүүс өдгөө парламентын танхимд сууж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Гэхдээ тэд өөрсдийн санасан бодсоноороо биш улс төрийн тогоонд бүх насаараа “чанагдсан” тэтгэврийн насныхны гараас гарч чадахгүй байгаа нь ил. Улстөрчдийн дунд насны ялгаа байдаг нь ойлгомжтой. Зөвхөн манайх гэлтгүй дэлхийн хаана ч ийм байдаг. Хэдий насны ялгаатай ч УИХ-ын гишүүн гэдэг утгаараа албан тушаал, зэрэг дэв гэж ялгарах зүйлгүйгээр нэгэн түвшинд байж асуудлыг шийдэх ёстой, бас үүрэгтэй. Гэвч хөгшчүүдээсээ айж, үг сөрж, нүүр рүү нь ч эгц харж чаддаггүй хүн олон бий. “Залуу хүн бол юу ч мэддэггүй. Тиймээс юу ч дуугарах хэрэггүй, эрхгүй” гэх нь холгүй юм ярьж, боддог өвөө, эмээ нар байдаг. Тийм хөгшчүүдийг би хувьдаа гайхаад бардаггүй юм. Уг нь хүмүүс хөгшрөх тусмаа залууст мэдэхгүй, чадахгүйг нь зааж, зөвлөн чиглүүлж өгөх ёстойсон. Миний ойлгож байгаагаар шүү. Гэвч улс төрд амьдрал арай өөрөөр өрнөөд байна. Тулхтай, түшигтэй, ноён нуруутай байх ёстой туршлагатай улстөрчид нь залуу улстөрчдөд зааж, сургах нь битгий хэл тэдний хооронд хов зөөж, хийх гэж байгаа ажлыг нь албаар төөрөлдүүлж, дундаас нь ашиг олоод заншчихсан байна. Шуналын дэв нь арилдаггүй 55-65 насныхан Монголын улс төрд хор найруулан холион бантан хутгасаар байх юм. Энэ үг Н.Энхбаяр, С.Баяр, Д.Дондог, Ц.Нямдорж, Ц.Шаравдоржтонгуудад хамаатай. Тэдний үе тэнгийнхэн болох Германы Канцлер 57 настай Ангела Меркель, Олон улсын вальютын сангийн тэргүүн 55 настай Кристин Лагард, Английн Ерөнхий сайд асан 60 настай Гордон Браун нарыг хар л даа. Нас тогтох тусмаа элдэв гаж ааш зан нь арилж төр засгийнхаа хүрээнд жинхэнэ ноён нуруу болж дэлхийд хүндлэгдэж байна. Харин манай настайчууд эсрэгээрээ. Хойч үедээ гай болж, хов ярьж, төрийг талцуулан хувааж ард иргэдийнхээ сэтгэл санааг хэдэн хэсэг болтол хэрэлдэж сууна.
Монголд үнэхээр утгагүй байна аа. Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Нямдорж оо, та нар гадны улстөрчдөөс ичихгүй байна уу. Хүүхэд шигээ хүмүүстэй ам уралдан хэрэлдэж, мөнгөний төлөө яс горьдсон нохой шиг сүүлээ хөдөлгөхгүй байвал яасан юм бэ. Ерөнхийлөгч байсан хүн маргааш нь гудамжинд “Улс төрд ормоор байна” гэж хашгирч, “Хэрэв намайг гүтгэсэн нь батлагдвал би албан тушаалаа өгнө” гэж сайд Ц.Нямдорж айлгаад ч байгаа юм шиг, гоморхоод ч байгаа юм шиг загнасан нь манайхны настайчуудаас л гарах зан яах аргагүй мөн. Энэ мэт ичих булчирхайгүй хүмүүсийн өмнөөс ичнэ гэдэг яасан ч хэцүү юм. Нас намбандаа л байвал гоё биш гэж үү. Ийм байвал харин ч нэг сайхан магтаж бичих юмсан. Цаг, цагаараа байддаггүй, залуучууд хөгшчүүдээ нөхөөд явдаг нь хорвоогийн жам. “Залуу хүн байж настай хүмүүсийг хүндэлсэнгүй” гэж намайг битгий зэмлээрэй. Учир нь би бодит байдлыг л бичлээ. Үүнтэй санал нийлэх, эс нийлэх сонголтыг танд үлдээе.
Ц.Энхцэцэг"Улс төрийн тойм" сонин