Баяртай, ”Локомотив”

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Баяртай, ”Локомотив”

ОХУ-ын төмөр за­мын хоккейн баг болох “Локомотив” клубын тамирчид  өнгөрсөн долоо хоногт Минск хот руу улирлын тоглолт хийхээр Ярославль хотоос ниссэн боловч осолд орон амиа алдацгаав. Хэдийгээр хоёр хүн амьд үлдсэн ч биеийн байдал нь тун тааруу байгаа талаар холбогдох албаны хүмүүс Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдсэн. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр “Локо­мотив” багийн тамирчид, дасгалжуулагчдыг эцсийн замд нь үдлээ.

Омск хотын “Арена Омск” цэнгэлдэхэд “Локомотив” ба­гийн хөгжөөн дэмжигчид болон тус улсын удирдлагууд гүн эмгэнэл илэрхийлж, эцсийн замд нь үдэх арга хэмжээг зохион байгуулсан. Энэ үеэр “Локомотив” багийн хаалгач Александр Вьюхиныг бус­даас онцгойлсон талаар www.omskpress.ru сайт мэдээлэв. Учир нь түүний карьерын ихэнхи цаг хугацаа Омск хотын хөгжөөн дэмжигчидтэй хамт өнгөрсөн. Тус клубын ерөнхийлөгч Юрий Яковлев “Багийн бүх гишүүнд маш их харамсаж байна. Ийм чадварлаг багийнхан биднийг орхин явсанд харамсаад ч барахгүй нь.  Манай клубын удирдлага ярилцаад  дараагийн улир­лаас үргэлжлүүлж тоглох эсэхээ шийд­нэ.

Одоо энэ талаар ярих цаг биш. “Локо­мотив” багийн бүх гишүүнд хан­даж Та бүхнийг дэлхий нийт хүн­дэлж, хайрласаар байх болно” гэжээ. Харин тив хоорондын хоккейн лигийн ерөнхийлөгч Александр Медведев “Бид амь үрэгдэгсдийг хүндэтгэн шинэ багаа яаралтай бүрдүүлэх хэрэгтэй. Мөн амь үрэгдсэн  тамирчдын хувийн дугаарыг мөнхлөх талаар хэлэлцэх хэрэгтэй байна” хэмээн “Атлан” болон “Салават Юлаев” багийн тоглолтын өмнө буюу шинэ улирлын нээлтийн үеэр хэлсэн  юм.

Хоккейн түүхэнд ийм том хэмжээний осол болж байгаагүйтэй холбогдуулан мэргэжилтнүүд  байр сууриа илэрхийлсээр байгаа. Тэдний зарим нь  “Локомотив” багийн тамирчид амь үрэгдсэн гээд бүх зүйл дуусчихгүй” гэсэн байр суурьтай байгаа бол нөгөө хэсэг нь “Тус багийн гишүүдийг хүндэтгээд ойрын жил шинэ багийн асуудлыг хөндөхгүй байх нь зөв” гэсэн байр суурьтай байгаа талаар www.vesti.ru сайт  мэдээлжээ. Мөн тус сайтад “Омск, Челябинск, Минск болон Киев хотын удирдлагууд талийгаачидтай салах ёс гүйцэтгэв” гэсэн байв.


Ярославль  мужийн  амбан  захирагч С.Вахруков тамирчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, гурван хоногийн гашуудал зарласан аж. Багийнхныг хүндэтгэж, гашуудлаа илэрхийлэх гэсэн олон мянган хүн тус хотын сүмд өнгөрсөн бямба гарагийн өглөө цугларсан боловч хэтэрхий олон байсан тул гадаа зогсч эмгэнэл илэрхийлсэн талаар “Итар-Тасс” агентлаг мэдээлсэн.

Өнөөдөр Ярославль хотын дунд сургуулийн сураг­чид “Ярославлийн зоригт хоккейчид” нэртэй уран зургийн үзэсгэлэнг нээх аж. Сурагчдын зур­сан зургийг Ярославль хо­тын хоккейн ордны удирдлагад хүлээлгэн өгөх талаар www.technorati.com сайт онцолсон юм. Нийт 43 хүний амийг авч одсон уг ослыг талаар хэвлэлийнхэн болон мэргэжилтнүүд “Золгүй явдал” гэхээс өөр тодорхой зүйл олон нийтэд хэлэхгүй байгаа нь зарим хүнд хардлага төрүүлэв. Ямартай ч Канад, Чех, Словак, Латви, Швейцарь, Белорусь болон Украйнд амиа алдсан тамирчдыг эцсийн замд нь үдэх ёслол нэгэн зэрэг болж өнгөрчээ.

Ярославль хотын спортын цогцолбор болох  “Арена-2000”-д талийгаачдыг үдэх ёслол болж, зөвхөн төрөл төрөгсөд болон ах дүү, хамаатан садныг нь дотогш нэвтрүүлсэн байна. Харин тус багийн хөгжөөн дэмжигчдэд зориулан  “Арена-2000”-ын гадаа хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан юм. Тодруулбал, тус цогцолборын гаднах талбайд том дэлгэцэн дээр багийнхны тухай богино хэмжээний баримтат киног үзүүлж байжээ. Ордны гадаа хөгжөөн дэмжигчид  хаа сайгүй лаа асааж, зургийг нь дээш өргөн “Локомотив” багийн сүлд  дууг дуулж байжээ. Энэхүү дуу нь “Торпеда” нэртэй байхаас нь өдий хүртэл хөгжөөн дэмжигчдын сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн байдаг сүлд дуу нь юм.

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Ярославль хотод хүрэлцэн ирж багийнхны дурсгалыг хүндэтгэсэн. Тэрбээр хүн тус бүрийн зурган дээр хоёр ширхэг улаан хадаасан цэцэг тавьж, гашуудлаа илэрхийлсэн ажээ. Мөн тус багийн удирдлагуудтай уулзаж Ярославлийн хоккейн багийг хэрхэн хадгалж үлдэх талаар санал бодлоо солилцсон талаар “Итар-Тасс” агентлаг мэдээлсэн юм. ОХУ-ын Хоккейн холбооны ерөнхийлөгч Владислав Третьяк, тив хоорондын хоккейн лигийн ерөнхийлөгч Александр Медведев, мөсөн дээрх спортын холбооны тэргүүн Рене Фазель, Минспорттуризмын тэргүүн Виталий Мутко, тив хоорондын хоккейн лигийн төлөөлөгч Вячеслав Фетисов нар багийнхныг эцсийн замд нь үдэх арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байв. Олон мянган хөгжөөн дэмжигч  Ярославль хотын “Арена-2000”-ын гадаа тамирчдын дурсгалын цомгийг үзэж, нулимс унаган гашуудсан талаар “Вести”  агентлаг ОХУ-ын орон даяар шууд дамжуулан үзүүлсэн юм. Мөн Ярославль хотын хэд, хэдэн сүмд өнгөрсөн баасан гарагаас эхлэн олон хүнтэй байсан талаар хамба ламтан Юрий Смороминов мэдэгдсэн байна. Ийнхүү Ярославль хот гашуудлын цэцэгсээр дүүрч, хаа сайгүй лаа асаажээ. Ярославль хотын гашуудлын өдөр өнөөдөр дуусах билээ.

Дашрамд дуулгахад, Ярославль хотын “Авангард” багийн менежер Анатолий Бардин “Манай багаас талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Мөн “Локомотив” багийг манай улсын хамгийн сайн тамирчдаар бүрдүүлсэн билээ. Тус багийн зарим тоглогч манай “Авангард” багаас гараагаа эхлүүлж байсан. Манай багийн зүгээс та бүхэнд тусалж дэмжихэд бэлэн гэдгийг хэлмээр байна. Хэрэв хүсвэл манай багаас шинэ залуу тамирчид “Локомотив” багийн шинэ бүрэлдэхүүнд нэгдэх боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна” гэсэн аж.  

Б.Баатар



"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж