Нэг хүн ажилдаа эрт ирснээс болж амь үрэгдсэн. Өөр нэгэн эмэгтэй онгоцоор нисэхээр шийдсэнээс болж нас барсан. Энэ бол Америкийн түүхэн дэх хамгийн аймшигт халдлагын хохирогч болсон 2000 гаруй хүний түүх. Дэлхийн хамгийн хөгжингүй гүрний иргэд “Есдүгээр сарын 11”-ний халдлагын дараа ердөө л харуусан гашуудаж, цөхрөлд автсан жирийн хүмүүс болон хувирчээ.
Америкчууд түүхэндээ хэзээ ч ийм том ялагдал хүлээж байсангүй. Энэ хэрээрээ тэд өөрчлөгдөж эхэлсэн юм. Нэг хүний үхэл бол эмгэнэл байдаг. Харин үхлийн тоо 100 гараад явчихвал энэ нь ердөө тоо баримт болон хувирдаг аж. Гэхдээ бүхэл үндэстний санаа бодлыг өөрчлөхүйц тийм хүч нөлөөтэй болж эхэлдэг. Америкчууд ч мөн тэгсэн. Халдлагыг телевизээр харж байсан нэгэн ээж хүүгээ чанга тэврэн түүнийг хэрхэн аюулаас хамгаалах вэ хэмээн гайхширсан. Ихэр цамхагийн нурангин дундаас амьд олдсон цөөхөн хүнийг авран гаргахын тулд хүн бүр туслахыг хичээж байсан. Тэд эх оронд нь тохиолдсон гунигт явдлыг бага ч болов нимгэлэхийг хүсч, түүнийгээ ингэж илэрхийлж байжээ.
Халдлагын дараа Жорж Буш Ирак дахь цэргийн ажиллагааг эхлүүлэхээ мэдэгдэж, терроризмтой тэмцэхийн тулд эрдэнэсийн сангаа хөмрөхөд бэлэн байгаагаа зарласан билээ. Халдлага болсноос хойш арван жилийн хугацаанд америкчууд исламын шашныг судалж, Арабын орнуудын талаар илүү ихийг мэдэхийг хүсч, Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Исламын ертөнцийн эсрэг асар том суртал ухуулга цацагдаж эхэлсэн. Мусульманы шашны тухай өгүүлсэн номнууд борлуулалтаараа тэргүүлж, Арабын ертөнцийн эсрэг үзлээр хүмүүжсэн хүмүүсийн бүхэл бүтэн үе бий болж байна. Өчигдөр Вашингтоны төв талбайд олон мянган хүн оролцсон ёслол болсон. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Тэд биднийг үгүй хийхийг хүссэн. Гэхдээ бид тэдний хүсч байгаа тэр айдас дунд амьдрахгүй” хэмээн ярьжээ.
Одоогоос арван жилийн өмнө хүмүүс ажилдаа явахаар яаравчилж байсан жирийн нэгэн өглөө барьцаалагдсан онгоц Дэлхийн худалдааны төвийн нэг цамхгийг мөргөсөн билээ. Тэрхэн мөчид юу болж байгааг Ерөнхийлөгч асан Жорж Буш ч ухаараагүй. Харин эхний сүйрэл болсноос дөнгөж 15 минутын дараа хоёр дахь онгоц нөгөө цамхгийг мөргөж, төд удалгүй Пентагоноос “Энэ бол осол биш, террорист халдлага” хэмээн албан ёсоор мэдээлснээр бүгд ямархуу аймшигт явдлын гэрч болж байгаагаа ухаарсан юм. Амьдаараа галд шатахаас айсан олон зуун хүн 110 давхар барилгын дээрээс үсэрч байсныг телевизийн бичлэгүүд харуулдаг. Халдлага болсноос хойш хоёр цаг орчмын дараа барилгууд нуран унажээ. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо секунд тутамд хэдэн зуугаараа нэмэгдэж эхэлсэн. “Есдүгээр сарын 11”-ний халдлагаар нийт 2823 хүн нас баржээ. Хэн ч ийм аймшигт халдлага болно гэж төсөөлөөгүй. Хэн ч ийм аймшигт сүйрлийн гэрч болохыг хүсээгүй.
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.
"Улс төрийн тойм" сонин