Компьютер тоглоомын дон ба дуулиант хэргүүд

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Компьютер тоглоомын дон ба дуулиант хэргүүд

2010 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР

Энэ өдөр Хятадын Фужин мужид сэтгэцийн өвчтөй эр бага сургуулийн найман хүүхдийг хутгалан хөнөөж таван хүүхдийг хүндээр шархдуулсан аймшигт хэрэг гарсан. Тэрбээр тус мужийн Нанпин дахь туршилтын бага сургуулийн  сурагчдыг хичээлдээ ирэх үеэр нь  25 см-ын урттай хутга барин дайрчээ.  Хэрэг явдал минут хүрэхгүй хугацаанд болоод өнгөрсөн ч гурван хүүхэд   газар дээрээ амь үрэгдсэн удаатай.  Халдлага үйлдэх үедээ тэрбээр “Тэд надад амьдрах боломж олгохгүй, галзууруулж байна” хэмээн хашгирч байсан гэдэг. Бяцхан хүүгээ сургууль руугаа оро­хыг харж зогссон ээжийн нүдэн дээр хүүхэд нь балмад этгээдийн гарт нүд ирмэхийн зуур хорлогдсон юм. Ийм зүйл болно гэж тэр ээж зүүдлээ ч үгүй биз. Дээрх хэргийг үйлдсэн Зен Минсиен гэгч урьд нь нэгэн эмнэлэгт эмчээр ажилладаг байжээ. Тэрбээр ажиллаж байх хугацаандаа элдэв янзын балмад авир гаргадаг байсан тул  ажлаас нь халсан  бөгөөд тэрбээр компьютер тоглоомын донтон  байсан гэнэ.          

2011 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР

Норвегийн Осло хотод Андерс Бревик гэх этгээд   100 гаруй хүнийг буудаж хөнөөсөн хэрэг энэ оны долоодугаар сарын 25-ны өдөр гарч дэлхий нийтийг цочирдуулсан.  

“Энэ халдлага дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн олон хүний амийг хөнөөсөн тохиолдол юм”  гэж   албаны хүмүүс тухайн үед мэдэгдсэн.  Энэ хэргийг яагаад үйлдэх болсон тухай шүүгчийн асуултад Андрес Бревик “Халдлага үйлдэх хэрэгтэй байсан” гэхээс өөр юу ч хэлээгүй. Тэрбээр халдлага үйлдэхийнхээ өмнө  тэмдэглэлийн дэвтэртээ “Дэлхий дээр олон зуун сая хүн шашин шүтлэг, соёл урлаг, зан үйлээрээ бусдаас ялгарахгүй нэгэн адил болох тэр цагт хэн нэгний үзэл бодол бусдынхаас тэс ондоо байх мөч ирлээ” хэмээн бичсэн байдаг. Мөн  компьютер тоглоомыг амьдрал дээр туршиж үзэхийг тэсгэлгүй их хүссэнээ ч дурдсан юм. 

2009 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22-23-НД ШИЛЖИХ ШӨНӨ

Монгол Улс, Дорноговь аймгийн Эрдэнэ сум, Улаан уулын заставт болсон хэрэг. Хилийн цэргийн 0223 дугаар ангид хугацаат цэргийн алба хашиж байсан дөрвөн цэрэг заставынхаа хоёр офицерыг харуулын даргатай нь буудан хороосон хэрэг тэр нэгэн шөнө гарлаа. “Уг хэрэг нь цэргийн албаны өс хонзонгоос болоогүй” гэж албаны хүмүүс тухайн үед үзэж байсан. Дээрх цэргүүд офицер, харуулын дарга нараа буудан хөнөөсний дараа байлдагчдыг жагсаан “Ганц л хөдөлгөөн хийх юм бол буудна” хэмээн сүрдүүлж байжээ. Энэ үеэр тус заставын амиа алдсан ахлагчийн эхнэр болон цэргийн ангийн жолоочийн эхнэр хоёр  тэднийг тайвшруулахыг хичээсэн боловч тэд “Бидэнд одоо алдах зүйл байхгүй. Та нарыг хөнөөчихөөд дараа нь өөрсдийгөө буудсан ч чадна” гэж хэлж байсан гэдэг. Дээрх аллагыг Дархан-Уул аймгийн иргэн, байлдагч Э.Оюунболд зохион байгуулсан юм. Хэдийгээр аллага үйлдсэнийхээ дараа зугтахыг оролдсон боловч эрлийн шуурхай ажиллагааны үр дүнд тэдгээр залуус баригдсан билээ.  Сонирхолтой нь тэд мөн л компьютер тоглоомд донтогсод байсан нь тухайн үед дуулиан тарьж байв.  

2011 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДӨР

МУИС-ийн  харьяа  Эдийн засгийн сургуулийн замын эсрэг талд байрлах PC тоглоомын газарт нэгэн залуу  бусдыг буудан хөнөөсний дараа амиа хорлосон хэрэг гарлаа.  Цагдаагийн ерөн­хий газрын Хэвлэл, мэдээлэл хариуцсан төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад “Энэ сарын 7-ны үдшийн 22 цагийн орчимд Шуурхай албаны  102 дугаарын утсанд “Найз маань хүн буудчихлаа” гэсэн мессеж ирүүлээд хоёр хонолоо. Түүнээс хойш утас нь холбогдохгүй байна. Шалгаж өгөөч” гэсэн дуудлага ирүүлсэн байдаг. Цагдаагийнхан эрэн сурвалжилсны эцэст дээрх хаягийн дагуу очиход хоёр хүн буудуулан амиа алдсан байхыг олсон. Гэхдээ эл хэргийг одоогоор санаатай, санамсаргүй үйлдсэн эсэхийг болон ямар шалтгаанаар хэрэг гарах болсныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Цагдаагийнхан PC тоглоомын газарт очиход хаалга нь түгжээтэй байсан учраас  нүдээд ч тайлж өгөөгүй байна. Харин цонх нь онгорхой байсан ч эвгүй үнэр хамар цоргиж байжээ.  Тиймээс тусгай албаныхныг  дуудаж хаалгыг нь эвдэн ортол    талийгаач Г.Цогт-Очир, А.Санжаа нарын цогцос байсан байна.   Хэрэг энэ сарын 5-ны өдөр болсон байж болзошгүй гэнэ. А.Санжаа нь Г.Цогт-Очирыг гурван хоногийн өмнө хөнөөсөн бололтой. Улмаар 8-ны өдөр хэргийн газар буцаж ирээд эрүүн тус газраа буудсан байдалтай амиа алдсан байхыг цагдаагийнхан олжээ. Түүнчлэн талийгаач Г.Цогт-Очирын машин болох 11-40 УНО дугаартай “Ниссан” маркийн машин тус тоглоомын газрын гадаа хоёр хоногийн турш байсан гэнэ.   

ТЭД ХЭН БАЙВ?

Буудуулж нас барсан  залууг Галбадрахын Цогт-Очир гэдэг бөгөөд интернэт, тоглоомын төвийг ажиллуулдаг байжээ. Тэрбээр 1988 оны тавдугаар сарын 12-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд  төрсөн. Г.Цогт-Очир нь эхнэр, хүүхдийн хамт Баян-зүрх дүүргийн 22 дугаар байранд амьдардаг, ШУТИС-ийн оюутан. Харин түүнийг хөнөөгөөд дараа нь өөрийгөө буудсан этгээдийг   Атарсайханы Санжаа гэх бөгөөд 30 орчим настай, гэр бүлгүй нэгэн байжээ.  Интернет тоглоомын төв нь н.Ганбаатар гэдэг хүний эзэмшлийн байр юм.  Талийгаач Г.Цогт-Очир түүнийг түрээсэлдэг  байжээ. Г.Цогт-Очир, А.Санжаа нар нь  хоорондоо сайн харилцаатай  найзууд байсан хэмээн гэрчүүд мэдүүлжээ.   Г.Цогт-Очир нь өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт гэрээсээ гарахдаа эхнэртээ “Удахгүй” ирнэ гээд гарсан гэнэ. Эхнэр  нь тэр өдрийн 16 цагийн үед залгахад талийгаач утсаа авахгүй байсан. Аргаа бараад хамт ажилладаг найз А.Санжаа руу нь залгахад “Г.Цогт-Очир 15 цагийн үед ирсэн. Тэгээд “Хөдөө явлаа” гээд явсан” гэж хэлсэн байна. Гэвч найзыгаа хороочихоод дараа нь тэрбээр амиа егүүтгэсэн болохыг цагдаагийнхан нотолжээ. Түүнчлэн тус тоглоомын газрыг ажиллуулж байсан А.Санжаа, Г.Цогт-Очир нар нь компьютер тоглоомд донтсон байж болзошгүй гэх таамаглалыг цагдаагийн албаныхан дэвшүүлээд байгаа аж.

PC ТОГЛООМОНД ДОНТОГСОД

Гадаадын зарим орон болон  Монголд болсон дөрвөн хэргийн талаар энд дурдлаа. Бүгд л PC тоглоомд донтогсод. Сүүлийн жилүүдэд Шар хадны сэтгэцийн эмнэлэгт нэгэн шинэ тасаг нээгдсэн бөгөөд энэ нь компьютер тоглоод ухаанаа алдчихсан хүмүүсийг эмчилдэг тасаг аж. Уг тасгийн өвчтнүүдийг нас харгалзалгүй эмчилдэг бөгөөд  1-2 дугаар ангийн  сурагчтай зэрэгцээд 40 гарсан ахимаг  насныхан ч ирдэг аж. Дээрх хэргүүдээс харахад  PC тоглоом нь хүний сэтгэцэд нөлөөлдөг нь батлагдаад байна. Тиймээс хотоор нэг байх тоглоомын газруудыг цэгцлэх цаг болжээ гэсэн бодол төрөөд байгаа юм. Хэрхэхийг холбогдох албаныхан нь мэдэх биз ээ.

Б.Жаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж