“Рио Тинто” улстөрчдийг шунахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” улстөрчдийг шунахгүй байхыг анхааруулав

Улаанбаатар хотноо энэ сарын 8-10-нд болсон “Discover Mongolia” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганы талаарх мэдээлэл Монголын төдийгүй дэлхийн томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслийн уул уурхайн салбарын гол сэдэв болж байна. “Discover Mongolia”-гийн талаарх “Reuters” агентлагийн ээлжит нийтлэлийг албан бус орчуулгаар хүргэж байна.

Олон улсын уул уурхайн “Рио Тинто” группийн ерөнхийлөгч хууль, эрх зүйн тогтворгүй байдал Монголын эдийн засаг дахь өсөлтийг үгүй хийж болзошгүй тул уул уурхайн салбараас олох ашгийн хойноос улайрахгүй байхыг улстөрчдөд анхааруулсан гэнэ. Учир нь Монгол Улсын их хурлын 20 гаруй гишүүн ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах санал оруулаад байгаа юм.

Улаанбаатар хотод болж буй “Дисковер Монголия” чуулганы үеэр тус улсын Өмнөговь аймагт “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” группийн ерөнхий захирал Камерон МакРэй “Монголд бизнес эрхлэх нээлттэй боломж буй гэж үзсэн учраас бид 2009 онд Монголын Засгийн газартай “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Цөөн хэдэн хүмүүс энэ гэрээг цуцалж, өөрчлөхийг хүсч байгаа нь Монголд хөрөнгө оруулагчдын итгэл алдрахад хүргэж болзошгүй. Харин “Оюутолгой” төсөл дээр ажиллаж буй болон ажилд орохоор хүлээж буй хүмүүс, бизнесээ хөгжүүлэхийг хүсч буй орон нутгийнхан цөөнхийн энэ асуултад хариулт өгөх биз ээ. Хууль, эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлж чадвал Монголд эдийн засгийн хөгжил бодит зүйл болно” хэмээн ярьсныг “Ройтерс” агентлаг дамжуулжээ.

Монголын уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй татварын бодлого, хууль эрх зүйн тодорхойгүй байдал улс төрийн хурцадмал асуудал болжээ. Уул уурхайн салбар өргөжиж байгаагаас тул улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрээд байгаа юм. Зэсийн асар их нөөцтэй “Оюутолгой” орд болон “Тавантолгой”-н нүүрсний орд тус улсад гадаадын хөрөнгө оруулалтын гол түлхүүр болоод байна. Тус улсын хэмжээнд уул уурхайн салбарыг тэргүүлэх салбар болно гэж ойлгож буй энэ үед байгалийн баялгийг хэрхэн ашиглавал улс оронд ашигтай байх хувилбар улс төрчдийн маргааны сэдэв болжээ. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд  тус улсын татварын тухай хуулинд дөрвөн удаа нэмэлт өөрчлөлт орсон юм.

Монголын Засгийн газар түүхий эдийн үнэ хөөрч байх үед баталсан 68 хувийн гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг хөрөнгө оруулалтын гэрээгээр өөрчилсөн.  Учир нь гэнэтийн ашгийн татвар ноогдуулах тухай хууль гарсан даруйд Монгол дахь хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан юм.

“Рио Тинто” группийн ерөнхий захирал Камерон МакРэйн ярьж буйгаар “Оюутолгой” төсөл энэ жил Засгийн газарт 220 сая ам.долларын татвар төлөх гэнэ. Түүний зэрэгцээ төслийг хэрэгжүүлэхийн өмнө татварын ашигт 700 сая ам.доллар төлөх юм байна. “Оюутолгой” төсөл дээр үндсэн болон гэрээний 14 мянган ажилтан ажиллаж буйгаас 60 гаруй хувь нь монголчууд аж.

“Оюутолгой” төсөл нь жилд 467 мянган тонн зэс, 330 мянган унци алт, 2,9 сая унци мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхий дээрх зэсийн таван том ордын нэг юм.

Н.Энх

Эх сурвалж: “Ройтерс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж