Агийн үнэрт зунаар Хагийн нуурыг зорихуй

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Агийн үнэрт зунаар Хагийн нуурыг зорихуй



Бараг л хамар шүргэм эгц өөдөө мацаж сүүлдээ дөрвөн хөллөн мөлхөж
явахдаа буцаад уруудчих вий гэж хамгийн их зовж байлаа. Хэрэв буцаад
өнхөрчихвөл эргээд эндээ ирэх гэж бас л энэ хэмжээний хөлс дуслуулна шүү
дээ. Хөл туйван ядарч урагш тэмүүлэх хүсэл асар их байвч гишгэнэ гэдэг
том бэрхшээл болон хувирлаа. Бөн бөн дуслах хөлсөө нэг шувтарч амсхийх
зуураа тэртэй тэргүй булдруу болж хоцорсон хацар нүүрэн дээр баринтаглан
шавах шумуулуудаа үргээхчээн аядан дэмий л гараа савав. Өдийд гэртээ
тохилог буйдан дээрээ зурагтын суваг солин, гартаа хүйтэн кола барьсан
шигээ тарайн хэвтэж байж болох л байсан. Гэтэл ядарч жаргах эз хатгасных
нэг иймэрхүү л явж байна даа. Наадамд түрүүлээд ирсэн морь шиг хамаг
бие чивчигнэн чичирч зүрх дэлсэж байх зуураа ийнхүү бодож байтал тайгын
гүнээс олсон абсурд маягийн таягаа хүчлэн тулсаар миний дэргэдүүр бас л
хөлөө зөөж ядан зөрөх манай омгийн ахлагч Номинчимэд “За Зандаа минь
яваад байна шүү дээ хө. Хөдөл хөдөл” гээд өнгөрөв. Өнгөрөх ч гэж дээ,
надаас дөрөв таван алхмын өмнө гарчихлаа. Ууг нь гараа сунгахад татаад
авмаар ойрхон ч гэсэн энэ өгсүүрт таван алхмын өмнө яваа хүн гэдэг юутай
ч намайг “хол хаячихаж” байгаа хэрэг шүү дээ. Атаархмаар гэдэг нь.

Өөрийн мэдэлгүй ядарч сульдаж, хөдөлнө гэдэг асар их эр зоригийн
хэрэг болж байсан ч үүргэвчээ нэг сайхан дугтарч дээшлүүлээд араас нь
хөдөллөө. Яадаг ч байсан багийнхнаа л баллахгүй юм шүү. Энэ хүртэл
зүтгэж зүүгдэж ирснийх эцсээ үзэхээс өөр аргагүй. Би ингээд суугаад хойш
нь татаад байх юм бол манайхан өнөөдөр нар унахаас өмнө аянчдын отог
дээрээ хүрч чадахгүй, шөнөөр намаг балчиг туучиж унаж тусан балрахаас
гадна төөрнө гэж том зовлон байна гэж өөртэйгөө тооцоо бодоод аахилан
зүтгэж явахдаа хурдхан хуурай, хоноглочихож болох тэр аятайхан отог дээр
хүрчих юм сан гэж тэсгэлгүй адгалаа. Тэнд л хүрчих юм бол галаа ч
түлэхгүй, майхнаа ч босгохгүй, шууд л өвсөн дээр нойтон хувцастайгаа
тэрий хадаад тэр чигээрээ хурхираад өгмөөр. Өлсөх, даарах ч бүр дүүрч,
зүгээр л хөлөө амраагаад ойчоод өгөх сөн гэж туйлаас хүсч байлаа.

Ингэж жаргалтай ч юм шиг зовлонтой ч юм шиг бодол тээн үүргэвчиндээ
түүртэн биеэ чирэн өгссөөр нэг мэдэхүй уулын таг дээр дээр гараад ирлээ.
“Шулуухан явдалтай шумуултын багийнхан” гэж бидний бахдан хочилсон
Батсайхан, Хүдэр, Мөнхтулга нар биднийг хүлээнгээ хэдийнэ хөлөө амрааж
амжаад хөгжилтэй дээрээ тавигдчихсан тас тас инээлдэж байх юм. Харин би
гэдэг хүн инээх байтугай дуугарах ч тэнхэлгүй тэдний хөлд ойчоод өглөө.
“За Зандаа гуай ууланд явж байж аалигүйтэхгүй шүү, алив бос” гээд
сэвхийтэл татаж босгон үүргэвчийг маань мулталж авлаа. Байгууллага
дээрээ тааралдах бүртээ “Сайн уу, юу байна” гээд л хэнэггүйхэн зөрж
шатаар точигнотол гүйж явахдаа огт анзаарч байгаагүй хүн чанар, сайхан
сэтгэлийг хөвчийн гүнд мэдрэхдээ эгээтэй л уйлсангүй. Бүгдийг нь тэвэрч
үнсмээр байлаа. Эрчүүд ядарсан ч инээж маазрахтайгаа, харин Зулаа бид
хоёр дуугайхан л бие биенийхээ гарыг атгаж сэтгэлийн гүндээ бие биедээ
дэм өгч суулаа.

Уулын хормойн намаг хөвдөн дундуур явж байхад тааралдсан сайхан
цэнгэг горхиноос цэвэр усны жижиг саванд ус нөөцөлсөн архагууд мөнөөх
уснаасаа ганц нэг балган цааш хийж байгаа харагдана. Миний хувьд тэр үед
юун ус нөөцлөх манатай, биеийн хамаг усаа гадагш нь шавхаж, ялаа
шумуултай ид гардан тулаан хийж явсан болохоор ам цангаж байна гэж
жигтэйхэн. Хүн бүхэн хувийн бэлтгэлээ сайтар базааж, хүчээ тэнцүү
хуваарилан, гол горхи тааралдах бүрт өөрийн савандаа өөрөө л усаа
нөөцөлж хэрэглэх тухай “Асралт хайрхан” руу аялсан туршилгатай нөхөд
маань зөвлөж байсныг одоо л биеэрээ ойлгож дараагийн замд хүн шиг явахыг
бодож суулаа. “За манайхаан, одоо ингээд хөдөлнө шүү дээ. Алив усгүй
яваа хүн байвал миний уснаас уугаад ав, одоо уруудаад тэр хоёр модтой
хошууны цаана хөхөрч байгаа уулын хормойд очиж амарна. Тэндээ үдэлж
цайлцгаая” хэмээн аяллын багийн ахлагч Номинчимэд хэллээ.

Санаа алдан босч ирсэн миний үүргэвчийг Батсайхан анд эвтэйхэн нь
аргагүй үүрүүлж өглөө. Амраад босоод иртэл үүргэвч маань бүр
хүндэрчихсэн байдаг байна шүү. Эгээ л үүргэвчиндээ дийлдэн буцаад
уначихсангүй. Уг нь манайхан намайг бодсондоо миний үүргэвчинд байсан
талх тариа гээд аяны хамаг хүнсийг маань өглөөний цайн дээр хэрэглэж
бусад хүнс, гал тогоогоо эрчүүд нь хувааж үүрсэн юм шүү дээ. Ер нь энэ
удаагийн аялалд эмэгтэйчүүд нь майхны хойморт цайгаа зөөлгөж эрчүүд гал
тогоог эзэмшиж яваа. Тэд өөрсдийн гараар бэлтгэсэн шуузаараа хээрийн
сайхан хоол хийж бид хоёрт түрүүлэн аялгалж байсан нь магадгүй, аяллын
багийг арагш нь татахгүйг хичээн шүдээ зууж нүдээ аньж яваа бид хоёрыг
урамшуулж байсан хэрэг байх. Ундааны хуванцар саванд шүдэнзний толгой
орохооргүй чигжиж хийсэн тэр шуузыг хараад л манай эрчүүд ямархан
нямбай, басхүү туршилга ханхлуулсан баг болохыг нь мэдэрсэн юм. Гэтэл
миний авч яваа хүнсийг хар л даа. Талх, душенк, бэлэн гоймон, печень
чихэр. Эхний өглөөний цайн дээр л цааш нь харуулахгүй бол ар нуруун дээр
минь байнга бөндөгнөсөөр хүлэмж шиг болж байгаа аяллын үүргэвчинд нэг
хоновол л хор болох тийм хүнс аж. Цаашид аялалд ямар хувцас ямар хүнс
хэрэгтэйгээс гадна хүний хувийн зохион байгуулалт, өөрийгөө авч явах
чадвар хичнээн чухал болохыг энэ үеэр ягшталаа ойлгосон би.
Үүргэвчнийхээ дороос хоёр гараараа тулж хэсэг зууртаа мөрөө амраан уулын
бэл рүү бууж явахдаа аялал анх эхэлж байсан өдрийг санаад инээд хүрч
билээ.

Үргэлжлэлийг http://greathistory.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж