Самарнаас үүдэлтэй шарын халдвар буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Самарнаас үүдэлтэй шарын халдвар буурахгүй байна

Элдэв янзын уутанд хийж, энд тэндгүй зарагдаж буй самар аюул дагуулсаар байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 17-ны 250 дугаар тогтоолоор хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, зах зээлд худалдах, худалдан авах, тээвэрлэх болон самар, түүний үр, бүтээгдэхүүнийг экспортлохыг өнгөрөгч сарын 20-ноос эхлэн хоёр жилийн хугацаатайгаар хориглосон захирамж гаргасан. Гэтэл энэ захирамж цаасанд бичигдсэнээс биш амьдрал дээр эсрэгээрээ байна.

Иргэд ахуйн зориулалтаар самар түүж болдог журамтай. Гэхдээ Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2009 оны Байгалийн ургамал, ойн дагалт баялгийг ашиглах тухай журамд заасны дагуу зөвхөн аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 15-ны хооронд зөвшөөрөгддөг. Тэгэхээр гудамж, талбайд зарагдаж буй самар боловсорч гүйцээгүй түүхий гэсэн үг юм. Энэ үед самар зарж, борлуулсан иргэд журмын дагуу хариуцлага хүлээх учиртай. Иргэд түүхий самар идсэнээр эрүүл мэндээрээ хохирох нь элбэг байгааг албаныхан хэлж байна.

Өнгөрөгч долоо хоногт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд самарт хордсон тухай мэдээлэл бий. Түүнчлэн түүхий самар идсэнээс болж хордлого өгөх, халдварт шар өвчин тусах нь ихэсчээ. Шар өвчний  халдвар нэмэгдэж буй нь эмч, мэргэжилтнүүдийн санааг түгшээж байгаа юм. Тэр дундаа бага насны хүүхдүүд бохир гараараа самар болон жимс, жимсгэнэ идсэнээс болж халдвар тусч байна.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр самар бага ургасан жил халдварт шар өвчнөөр 2443 хүн өвчилсөн байна. Гэтэл энэ жилийн тухайд уг тоо гурав дахин өсч 6054 хүн болжээ. Статистик тооноос харвал халдварт шар өвчин 2.5 дахин өссөн байна. Халдварт өвчний тоо ингэж нэмэгдсэн нь ил задгай худалдаалагдаж буй жимс, жимсгэнэ, самартай холбоотой.

Түүнчлэн хичээлийн шинэ жил эхэлж хүн амын нягтаршил ихэссэн нь халдварын тоог нэмэгдүүлж байгаа юм. Мөн шар өвчний халдварыг дэгдээгч гол хүчин зүйл бол хөрс, ус, орчны бохирдол. Нийслэлийн эрүүл мэндийн газраас хийсэн судалгаанаас үзвэл, хүн амын 80 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Иргэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй модон жорлон ашигладаг. Энэ нь халдварт өвчин тараах нөхцөлийг бүрдүүлдэг аж.

Олон нийтийн санааг зовоогоод буй шар өвчний тархалтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ахуйн хүрээний ариун цэврийг сайтар сахих учиртай. Мөн гараа сайтар угааж, боловсорч гүйцээгүй самар, жимсийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байна.

А.Лхагважав

Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж