-Хязгаарлалтын бүсэд байгаа айл өрхийн цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөхөөр яригдаж байгаа. Энэ ажлын явц хэр байгаа вэ?
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль гарсан. Энэ хуулиа дагаж УИХ-ын 11 дүгээр тогтоол гарсан байгаа. Үүн дээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын яам, Улаанбаатар хотын захиргаа, бусад холбогдох талуудад үүрэг болгосон. Энэ хүрээнд бид холбогдох тооцоо, үндэслэлийг гаргаад явж байна. Мэдээж хязгаарлалтын бүсэд байгаа айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх, шөнийн тарифыг мөрдөж байгаа цаг хугацааг сунгах гэх мэт тодорхой зорилтот ажлыг хийх үүрэг бүхий хурлын тогтоол гаргасан. Энэ ажлыг хангуулах тооцоо үндэслэлийг гаргах чиглэлээр журам боловсруулаад явж байна.
-Тэгэхээр хэзээнээс эхэлж бодит ажил хэрэг болох вэ?
-Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд журмаа оруулж батлуулна. Нэг ёсондоо хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэн яаж хариуцах журмыг батлуулна гэсэн үг. Энэ нь эргээд эзэн холбогдогч нь тодорхой болно. Ажлын давхацлыг бий болгохгүйгээр ажлыг зохицуулахад чиглэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, журмын хүрээнд энэ айл нь цахилгаанаар гэрээ халааж байна уу, 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх айл мөн үү, дулаалгатай гэр байна уу, үгүй юу гэдгийг нарийн журмаар зохицуулж өгнө. Шөнийн тарифыг сунгахад ямар үнийн зөрүү гарах, энэ үнийн зөрүүний эх үүсвэрийг хэн хариуцах асуудлыг шийдэх болно. Эсвэл төсвөөс татаас байдлаар өгөх үү, үнэ тарифтаа шингээх үү, Хөгжлийн банкнаас санхүүжилт олгох гадны зээл тусламжид хамруулах юм уу гээд тодорхой болгох зүйл их байгаа.
-Зарим иргэний хувьд хязгаарлалтын бүсэд байсан ч утаагүй зуух, түлш хэрэглэх юм бол цахилгааны төлбөрийг бууруулах уу?
-Эхлээд энэ ажил хязгаарлалтын бүсэд хэрэгжинэ гэж ойлгож болно. Улаанбаатар хотын бүх хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг нэг дор шууд шийдэх боломжгүй. Асар их зохион байгуулалтын ажлыг шаардана. Тоног төхөөрөмж шинэчлэх гэх мэт. Үүнийг үе шаттайгаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, эхлээд утааны гол цөм бүрдүүлж байгаа хэсэг дээр энэ ажлыг зохион байгуулна.
-Тэгэхээр жил бүр хязгаарлалтын бүсийг тэлнэ гэсэн үг үү?
-Тийм. Дээрх ажлыг хийсний дараа хязгаарлалтын бүсээ жил бүр томсгоод явна. Тэгэхээр 2-3 жилийн дотор энэ асуудал үндсэндээ шийдэгдэх болно. Эхний ээлжинд ингэж шийдэхгүй бол болохгүй байгаа юм. Шөнийн цахилгааны хөнгөлөлтийн цагийг уртасгахаар цахилгааны ачаалал нэмэгдэнэ. Өнгөрсөн өвөл бид нийслэлийн 167 мянган өрхийн хэмжээнд судалгаа, тооцоог хийж үзсэн. Үүгээр 1000 гаруй МВ-тын цахилгааны эх үүсвэр шаардагдсан. Нэг үгээр хэлбэл, одоо байгаа цахилгаан станцуудын хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн судалгаа гарсан байгаа.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин