Батлан хамгаалахын яам өнгөрөгч бямба гаригт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Тус яам нь 1911 оноос Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, 1922 оноос Монгол Улсын Ардын засгийн цэргийн явдлын яам, 1924 оноос БНМАУ-ын Цэргийн явдлын яам, 1949 оноос Улсыг батлан хамгаалах яам, 1955 оноос Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яам, 1959 оноос БНМАУ-ын Ардын цэргийн хэргийг эрхлэх яам, 1968 оноос БНМАУ-ын Батлан хамгаалах яам, 1992 оноос Монгол Улсын Батлан хамгаалах яам нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж. 100 жилийн ойд зориулж өнгөрсөн бямба гаригт Хүй долоон худагт эрийн гурван наадам зохион байгуулсан юм. Наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд И.Доржсамбуу, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, улсын начин Даш.Батбаяр, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 64 бөх зодоглов. Барилдааны түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй тодорч, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, аймгийн арслан Л.Шинэбаатар нар шалгаран үлджээ.
Ш.Чимэг