Хөрөнгө оруулагчдад буурай орнууд өндөр босго тавьж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдад буурай орнууд өндөр босго тавьж байна

-Баян Хөрөнгө оруулагчдад буурай орнууд өндөр босго тавьж байна-

Өнгөрсөн зууны сүүлээр эхэлсэн даяарчлалын үйл явц энэ зуунд хүрээгээ улам бүр тэлэх нь тодорхой байна. Улс, гүрнүүд дэвшилтэт, шинэ техник, технологийг эх орондоо нэвтрүүлэх хөгжлийн загвараар урагш алхаж буй нь эрдэс баялгийн хэрэглээг нэмэгдүүлсээр буй. Түүнчлэн улс орнуудын үйлдвэрлэл дээшилж, өссөөр. Энэ тухай Дэлхийн банк хөгжиж буй улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2050 он гэхэд гурав дахин өснө гэсэн тооцоо гаргажээ. Тиймээс эрин зуунд гол эрэлтийг АНУ, Европ бус, харин хөгжиж буй улс орнууд тодорхойлох магадлал хоног хугацаа өнгөрөх тусам тодорсоор байна. Нөгөө талд, өсөн нэмэгдэж буй тэрхүү шинэ эрэлтийн орон зайд шинэ нийлүүлэгчийн үүрэгтэйгээр тоглох улс орнуудад эдийн засгийн чадамжаа дээшлүүлж, улмаар бусад мэдлэг шингэсэн салбаруудаа санхүүжүүлж, тогтвортой хөгжлийн бодлогоо зэрэгцүүлэн хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Монголын хувьд эрдэс баялгийн зах зээлээс ихээхэн ашиг хүртэх гэж буй ч, манай нийгэмд уул уурхайгаас тогтвортой хөгжлийг цогцлоож чадах уу гэдэг эргэлзээтэй асуулт гол стресс болсон хэвээр байна. Баялагтай улс орнуудад ийм байдал ихэвчлэн тохиолддог. Тэдгээр улс орны Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээн дэх улсын эзэмших хувь, үйл ажиллагааны менежментийн тодорхой хувийг хэрэгжүүлэх эрх болон бусад нөхцөлийг эх орон, ард түмэндээ хамгийн ашигтайгаар тохиролцох өндөр хариуцлага хүлээж буй. Иймд, Монголын адил нөхцөлд буй олон улс орны хувьд ч энэ цаг үе туйлын эгзэгтэй түүхэн үе байх болно.

 Гвинейн Ерөнхийлөгчийн дүрмийг Рио Тинто үг дуугүй дагав

Гвиней улсын Ерөнхийлөгч Альфа Конде 2010 оны арваннэгдүгээр сард ард түмний саналаар сонгогдмогцоо уул уурхайн төсөл дэх төрийн эзэмшлийн хувийг 33 хувьд хүргэх шийдвэр гаргасан билээ. Өмнө нь нь тус улсад уул уурхайн аливаа төсөлд төрийн эзэмших хувийн доод хэмжээ 15 хувь байжээ. Гвинейг дэлхийн уул уурхайн салбарынханд алдаршуулсан төсөл бол Рио Тинто компанийн хэрэгжүүлж 10 тэрбум ам.долларын төсөв бүхий “Simandou” төмрийн хүдрийн төсөл билээ. Ерөнхийлөгч Альфа Кондегийн дүрмийг Рио Тинто үг дуугүй хүлээн авсан нь 66 хувийн төмрийн агуулга бүхий 2.25 тэрбум тонн хүдрийн нөөцтэй эзэмшлээсээ салахыг хүсээгүй хэрэг. Ерөнхийлөгч “Simandou” бол Гвинейг Африкийн хамгийн баян улс болгох төсөл болохыг тодотгож байв. Ийнхүү өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Рио Тинто компани Гвинейн Засгийн газарт 700 сая ам.долларын санхүүжилтийг буцалтгүй хэлбэрээр олгохын зэрэгцээ өмнө нь Засгийн газрын “Simandou” төсөлд эзэмших байсан 20 хувийн хэмжээг 35 хүртэлх хувьд хүргэхээр хоёр тал тохиролцсон юм. Гэрээний нөхцөлд тусгасан төсөлд эзэмших төрийн 35 хувийн 15 хувь нь Гвинейн Засгийн газарт үнэ төлбөргүйгээр очих заалт нь тус улсын маш том хэмнэлт байв. Харин үлдсэн хувийг Засгийн газар биржийн болон биржийн бус үнээр шат дараатайгаар худалдаж авахаар болсон юм. Төслийн хүрээнд 700 км үргэлжилсэн төмөр зам, мөн далайн боомт байгуулахаар болоод буй. Энэхүү дэд бүтцийн 51 хүртэлх хувийг төр эзэмших эрхтэй бөгөөд 20-25 жилийн хугацаанд улсын мэдэлд бүрэн шилжих заалтыг гэрээнд тусгуулжээ. Татвар хураамжийн хувьд Гвинейн Засгийн газар төслийн үргэлжлэх хугацаанд Рио Тинтогоос 30 хувийн татвар болон 3.5 хувийн роялти авах юм. Дээрх тохиролцоонууд төслийг үргэлжилж дуустал хүчинтэй хэвээр байх бөгөөд Гвинейн Засгийн газрын цаашид гаргах шийдвэр гэрээний заалтад нөлөөлөхгүй юм байна. Ийнхүү “Simandou” нуруунд орших төмрийн хүдрийн бүлэг ордын зарим хэсгийг Рио Тинто Хятадын “Чалко”-той хамтран 2015 оноос эхлэн хэрэгжүүлэх эрхээ Гвинейд багагүй найр тавин байж хэвээр хадгалж үлдсэн нь хэвлэлээр шуугиан тарьсан билээ. Төслийн хүрээнд жилд 70 – 170 сая тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөжээ. Хүдрийн дийлэнхийг Хятадын гангийн зах зээлд нийлүүлэх төлөвтэй байна. Энэхүү гэрээ нь Гвинейн ард түмний хувьд өмнөхөөсөө илүү их ашигтай болж чадсан нь тэмдэглэхүйц явдал байлаа. Хэдийгээр хөрөнгө оруулагчид болон хэвлэл, судалгааны байгууллагууд уг алхмыг улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл биеллээ оллоо хэмээн шүүмжилж байсан ч, Гвинейн төр засаг “Рио Тинто”-той хоёр талд ашигтай нөхцөл бүхий гэрээ хийж болдог жишээг харуулж чадсан нь хэнд ч тодорхой билээ.

Mозамбикээс монголчуудын авах санаа

Дэлхий дээрх коксжих нүүрсний арвин их нөөцтэй ордуудын нэг бол Мозамбикийн “Мoatize” юм. Тус ордын коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөц нь 2.44 тэрбум тонн. Уг ордыг ашиглахаар Мозамбикийн Засгийн газар хэд хэдэн удаа оролдлого хийсэн боловч дэд бүтэц хөгжүүлээгүйн улмаас тэдгээр үйлдлүүд нь бүтэлгүйтжээ. Ийнхүү “Мoatize” ордыг “Beira” боомттой холбосон ажилд санхүүжилтийн эхлэл болгож, тус улсын Засгийн газар Дэлхийн банкнаас 115 сая ам.долларын дунд хугацааны зээл авчээ. Дараа нь Мозамбикийн төмөр зам, боомт компани дэд бүтэц барих компанийг сонгон шалгаруулах тендер зарлажээ. Тендерийг Дэлхийн банкны мэргэжилтнүүд мөн хянасан байна. 2004 оны тавдугаар сард Энэтхэгийн “Rites Limited”, “IRCON International Limited” компаниудаас бүрдсэн консорциум 600 км үргэлжлэх “Sena” төмөр замын сүлжээг барьж байгуулан, 25 жилийн хугацаанд оператораар ашиглах концессийн эрхийг авчээ. Консорциум Мозамбикийн Засгийн газрын зарласан энэхүү 150 сая ам.долларын төсөв бүхий концессийн эрхийг авснаар төмөр замын 51 хувийг 25 жилийн хугацаанд эзэмшихээр болсон байна. Sena сүлжээг засварлах ажил 2008 онд дуусах байсан ч энэ оны нэгдүгээр сард дууссаныг консорциум зарлажээ. “Мoatize” нүүрсний төсөлд хөрөнгө оруулагч татахаар 10 жил хөөцөлдөөд “хана мөргөж” залхсан Мозамбикийн Засгийн газар 2003 оны арваннэгдүгээр сард Олон улсын санхүүгийн корпорацийг хөлслөн, зөвлөгөө авчээ. “Мoatize” ордын хувьд геологийн судалгаа туйлын дутмаг төдийгүй төмөр зам, эрчим хүч, боомтын аль аль нь байхгүй үед олборлогчийг сонгон шалгаруулах тендер зарлажээ. Тендерт уул уурхайн салбарын 10 компани орсны дундаас “Anglo American”, “BHP Billiton Mitsubishi”, “Вале”, “Рио Тинто” зэрэг дөрвөн компани тунаж үлдсэн байна. Засгийн газар компаниудыг шалгаруулахдаа байгаль орчны менежмент болон орон нутгийн нийгмийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх замаар тогтвортой хөгжлийг цогцлоох үүрэг амлалт, тухайн компанийн хайгуулын үе шатад хийх ажил, урт хугацааны бизнес төлөвлөгөө, ажлын туршлага, санхүүгийн амлалт зэргийг нь харгалзан үзжээ. Ингээд 2004 оны арваннэгдүгээр сарын 12-нд Бразилын Вале компанийг тендерийн ялагчаар зарласан юм. Ялагчаар шалгарсан “Вале” хоёр жилийн хугацаанд нүүрсний төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаар болсон байна. Үүнд кокс боловсруулах үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр, цементийн үйлдвэр, хөнгөн цагааны үйлдвэр болон төмөр зам тавих, бусад үйлдвэрийн судалгаа зэрэг олон төслийн төлөвлөгөө багтжээ. Судалгаанд “Вале” нийтдээ 80 сая ам.доллар зарцуулахаар болсон байна. Харин “Мoatize” ордыг ашиглалтад оруулахад 1.5 тэрбум ам.доллар зарцуулахаар болсон бөгөөд “Nacala” төмөр замын сүлжээг засч сайжруулахад 1 тэрбум ам.доллар, эрчим хүчний станцад 1 тэрбумаас дээш ам.доллар, эрчим хүч дамжуулах шугам сүлжээнд 0.5-1 тэрбум ам.долларын санал тавьсан ажээ. Түүнчлэн “Вале” ордын хайгуулын эрхийг авахын тулд тус улсын Засгийн газарт 122.8 сая ам.долларыг буцалтгүй хэлбэрээр төлжээ. Тус компанийн урт хугацааны амлалтад жилд 21 сая тонн нүүрс олборлох, 1500 МВт-ын нүүрсний цахилгаан станц байгуулах imply, төслийн бүтээгдэхүүнд 3 хувийн роялти төлөх , төслийн 5 хувийг Засгийн газарт, 10 хүртэлх хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, хайгуулын үед 6.5 сая ам.долларыг орон нутгийн нийгмийн хөгжилд зарцуулах, үргэлжлүүлэн олборлолтын явцад 50 сая ам.долларыг зарцуулахаар тусгажээ. Вале “Moatize” ордын хайгуул судалгаа 2006 онд гүйцэтгэж дуусч, олборлолтод бэлтгэх үйл ажиллагаандаа шилжсэн бөгөөд 2011 оны өнгөрсөн наймдугаар сарын 7-нд тус компани нүүрс экспортолж эхэлжээ. Вале “Moatize”-ийн нүүрсний экспортын хэмжээг ойрын гурван жилд багтааж 22 сая тонн-д хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Индонезийн “сондгой” ордын туршлага

Индонезийн Төв болон Зүүн Калимантан муж дахь “Марувай” нүүрсний төслийг “BHP Billiton” компани 2014 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. “Марувай” нүүрсний төсөл нийтдээ 774 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөц агуулсан таван ордыг хамардаг. 1990-ээд оны дунд үеэр BHP уг нүүрсний бүлэг ордыг хайгуулаар илрүүлжээ. Тус компани эхний ээлжинд “Хажу” /HAJU/ ордыг 2009 оны дунд үеэр ашиглаж эхэлсэн байна. Индонезийн хувьд зөвхөн эрчим хүчний нүүрс экспортлогч байсан бол энэхүү нүүрсний бүлэг орд нээгдсэнээр коксжих нүүрс экспортлох боломжтой болсон юм. Гэхдээ Индонезийн энэхүү “сондгой” ордыг BHP бүрэн эзэмшдэг нь тус улсын хувьд тийм ашигтай хувилбар биш байв. 2008-2009 онд үргэлжилсэн дэлхийн санхүүгийн хямралын үед BHP “Хажу” ордыг ашиглалтад дүн шинжилгээ хийж, тус компанийн урт хугацааны хөрөнгө оруулалтад уг төсөл нь ашигтай байж чадахгүй гэж тодорхойлжээ. Энэхүү дүгнэлтээ тус компани 2009 оны долдугаар сард мэдээлэх үеэрээ төслийн тодорхой хувийг худалдах эрмэлзэлтэй байгаагаа давхар илэрхийлсэн нь индонезчуудын хувьд баяртай мэдээ байв. Төслийн тодорхой хувийг авахаар Индонезийн төрийн өмчийн нүүрс олборлолтын компани “PT Tambang”, мөн “PT Indika Energy”, “PT Bayan Resources”, “PT Itochu”, “PT Adaro Energy” зэрэг хувийн компаниуд өрсөлджээ.  Бараг нэг жилийн дараа буюу 2010 оны тавдугаар сарын 27-нд Индонезийн нүүрс олборлолтын хоёр дахь томоохон компани “PT Adaro Energy” BHP-ийн “Марувай” төслийн 25 хувийг 335 сая ам.доллараар худалдаж авсан байна. Хоёр компани 2014 оноос ашиглалтад орох “Марувай” төслийн хүрээнд эхний ээлжинд жилд 6 сая тонн нүүрс олборлох төлөвтэй байна. Дараа нь төслийн бүтээмжийг 11 сая тонн/жил, ирэх 15 жилд 40 сая тонн/жил-д хүргэх ажээ. Гэхдээ BHP Billiton-ы Индонез дэх нүүрсний компанийн Ерөнхий захирал Индра Дианнанжаяа төслийн бүтээмжийг 11 сая тоннд хүргэхэд 2-3 тэрбумын нэмэлт хөрөнгө оруулалт тус компаниас гаргах болно гэж өнгөрсөн оны гуравдугаар сард мэдээлжээ.

Монголд ашигтай дүрэм гэж юү вэ?

Эдгээр улсын уул уурхайн салбар авлигын сүүдэрт багагүй хэмжээгээр сааралтсан гэж яригддаг. Үүнээс гадна дэд бүтэц туйлын сул хөгжсөн байдлаар эдгээр улс орон манайхтай адил юм. Хэдий ийм нөхцөлтэй ч, тэд хөрөнгө оруулагчдад өөрсдийн дүрмээ “тулгаж” чадаж байна. Хөрөнгө оруулагчид ч АНУ, Австрали, Канад зэрэг хууль, бизнесийн үйл ажиллагаа нь шударга хэрэгждэг найдвартай улс оронд өндөр зардалтай ажиллахын оронд ядуу буурай төдийгүй улс төр, эдийн засгийн тогтолцоо, аюулгүй байдлын хувьд эрсдэл бүхий улс оронд найдвар тавьж эхэллээ. Энэ үйл явцыг мэдэрч буй хөрөнгө оруулагч хувь хүн, бизнесийн байгууллага төдийгүй улс орнууд Монгол руу одооноос зорих боллоо. Энэ нөхцөлд өөрсдөд ашигтай дүрмээ Монголын төр засаг, хувийн компаниуд хөрөнгө оруулагч талтай хэрхэн тохиролцохоос их зүйл хамаарна. Улсын эдийн засгийн хөгжилд үсрэлт авчрахуйц стратегийн төслүүдийн хэлэлцээр ид өрнөж байна. Туйлын эгзэгтэй цаг мөчийг Монгол улс туулж байна.

Б.Төгсбилэгт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж