Мэргэжлийн хяналтын газраас урт нэртэй хуулийн дагуу Төв, Архайнгай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий зэрэг аймагт энэ сарын 4-10-ны хооронд шалгалт хийжээ. Уг шалгалтыг “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн 4.1 дэх заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хийсэн аж. Энэ шалгалтаар зөрчил гаргасан 73 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож, зөрчлийг арилгуулах 23 албан шаардлага өгснөөс гадна 55 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 712,6 гр алтыг хураажээ. Зөвхөн Архангай аймгийн Цэнхэр суманд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулдаг 40 байгууллагыг шалгаснаас 19 аж ахуй нэгж хууль зөрчсөн учраас үйл ажиллагааг нь зогсоожээ. Эдгээрийн ихэнх нь улсын байцаагчийн тавьсан лац, битүүмжлэлийг хуулж алт олборлож байсан байна.