Азид анхны “Эрх чөлөөний хөшөө”-г босгожээ

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Азид анхны “Эрх чөлөөний хөшөө”-г босгожээ

“Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов” гэж монголчуудын хэлэх дуртай үгний нэг. Эрх чөлөө гэгч ямар их үнэ цэнэтэй зүйл болохыг илэрхийлсэн нь энэ билээ. Тэгвэл энэхүү үнэ цэнэтэй эрх чөлөөнд зориулагдсан нэгэн хөшөөг Өвөрхангай аймгийн Уянга сумынхан босгожээ. 13 метр өндөр, эв нэгдэл, эрх чөлөө, ардчиллын билэгдэл болсон энэхүү хөшөөг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн хандиваар 30 гаруй сая төгрөг зарцуулж байгуулсан байна.

Уянга сумынхан хэд хоногийн өмнө хөшөөнийхөө нээлтийг хийж, эрх чөлөөг тунхагласныхаа баярыг тэмдэглэлээ. Монголын Ардчилсан намын анхны дарга, Улсын баатар Э.Бат-Үүл, Социал демократ намын анхны дарга Баабар, Үндэсний дэвшлийн намын анхны дарга Да.Ганболд нар хөшөөний нээлтэд оролцов. Мөн гавъяат Д.Сосорбарам, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Батхүү, З.Энхболд, Д.Зоригт, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Бадамдамдин болон Өвөрхангай аймгийн Ардчилсан намын удирдлагууд оролцож, Уянга сумын иргэдтэй хамтдаа баярлаж, хөгжил дэвшил, урам зориг нэмсэн хөшөөтэй болж буйгаа билэгшээж байлаа.

Уянга сумынхан Монголдоо, цаашилбал Ази тивдээ анхдагч болж “Эрх чөлөөний хөшөө” босгосон нь учиртай. Монголд ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн 1990-ээд оны үед ихэнх аймаг суманд иргэд нь хуучин системээс бүрэн гарч чадаагүй, Ардчилсан намын батлах авахаас ч айж зугтдаг байсан бол Уянга суманд нэг өдрийн дотор 400 гаруй хүн намын гишүүнээр элсэж, батлах нь хүрэлцэхгүй байсан сонин түүхтэй аж. Түүнээс хойш Уянга сумынхан нэг ч удаа үзэл бодлоосоо урвахгүйгээр сонголтоо хийж ирсэн байна. Тийм ч болохоор Өвөрхангай аймгийн Ардчилсан нам Уянга сумыг ардчилал, эрх чөлөөний жишиг болгож “Эрх чөлөөний хөшөө” босгожээ.  “Ардчилал эрх чөлөөг эрхэмлэгч ард түмэндээ зориулав” хэмээсэн энэхүү хөшөө нь Монголын ард түмний эрх чөлөөний төлөө байгуулсан анхны хөшөө болж байна.

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж