Израйль элчин сайдын яамаа Каирт дахин нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Израйль элчин сайдын яамаа Каирт дахин нээнэ

Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Египеттэй байгуулсан энхийн хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр гэж мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гаригт Египетийн нийслэл Каир хот дахь Израйлийн элчин сайдын яаманд халдлага гарснаас хойш хоёр улсын харилцаа таагүй байгаа билээ. Египетэд босогчид болон цагдаа нарын хооронд болсон үймээний үеэр гурван хүн амиа алдсанаас хойш онц байдал зарласан байна. Каирын эрх баригчид үймээнд оролцогчдыг баривчилж, шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм. Өнгөрсөн сард Газийн зурваст гарсан мөргөлдөөнөөс хойш Израйлийн эсрэг хандлага улам гаарч байгаа ажээ. Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ явдлын дараа “ Израйль улс Египеттэй байгуулсан энхийн хэлэлцээрийг сахиж мөрдөх болно” гэж Йерусалим хотын телевизээр мэдэгдсэн байна. Тэрбээр Каир хотод элчин сайдын яамаа дахин байгуулахаар  Египетийн засгийн газартай хамтран ажиллах болно гэж ярьжээ. Элчин сайдын яаманд гарсан халдлагын улмаас Израйлийн дипломат ажилтнууд болон гэр бүлийхэн, энгийн 80 гаруй хүнийг Египетээс гаргасан байна.

Халдлагын үеэр Израйлийн элчин сайдын яамны зургаан ажилтан байранд хоригдсон байсныг Египетийн тусгай албаныхан чөлөөлсөн ажээ. Одоогийн байдлаар Каир дахь Израйлийн консул элчин сайдын үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж