Санхүү эдийн засгийн албаныхан чуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Санхүү эдийн засгийн албаныхан чуулна

Энэ жил  Монгол улсад Санхүү эдийн засгийн алба үүсэж хөгжсөн буюу Сангийн яам байгуулагдсны түүхт 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ ойн хүрээнд Бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны улсын V  зөвлөлгөөн тохиож байгаа нь ихээхэн онцлогтой юм. Ирэх долоо хоногт манай улсын өнцөг булан бүрээс бүртгэл санхүү эдийн засгийн албаныхан нийслэл хотноо хуран чуулах гэж байна. Энэхүү зөвөлгөөн нь дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд манай улсын бүртгэл, санхүү эдийн засгийн албаныханы хувьд хамгийн томоохон үйл ажиллагаа болдог юм. Зөвлөгөөнийг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах бөгөөд төлөөлөгчөөр 550 хүн, урилгаар 50 хүн оролцох гэж байна.  Зөвлөгөөнд дөрвөн салбар хуралдаанаар “Макро эдийн засгийн тогтвортой байдал, тулгарч буй эрсдлүүд”, “Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцоо, цаашдын хөгжлийн чиг хандлага”, “Сайн засаглал- Нягтлан бодох бүртгэл, хяналт”, “Төсөв, төрийн сангийн шинэчлэл” гэсэн асуудлуудыг хэлэлцэж зөвлөмж гаргах юм.

“Тэргүүний нягтлан бодогч, санхүүгийн ажилтны Улсын анхдугаар зөвлөгөөн”

Дашрамд дурьдахад Тэргүүний нягтлан бодогч, санхүүгийн ажилтны Улсын анхдугаар зөвлөгөөнийг 1965 онд анх хийж байсан бөгөөд нягтлан бодогч, санхүүгийн ажилтныг төлөөлж, 600 гаруй хүн оролцож байжээ. Энэхүү зөвлөгөөний илтгэл тус орны аж ахуйн газар, байгууллагын тооцоо бүртгэл, аж ахуйн тооцоог бэхжүүлэх зорилт, санхүүгийн хяналт шалгалтын байдлыг бүх талаар тусгаж, ололт амжилт, оршиж байгаа дутагдал доголдол, цаашид дэвшүүлэх зорилтыг тодорхойлж өгч байсан юм.

“Нягтлан бодогч, санхүү, статистикийн ажилтны улсын II зөвлөгөөн”

Дараа нь II зөвлөгөөнийг 1980 онд “Нягтлан бодогч, санхүү, статистикийн ажилтны улсын II зөвлөгөөн” нэрээр хийсэн ба зөвлөгөөнд төлөөлөгчөөр 848 хүн, урилгаар 290 хүн оролцож, “Социалист өмчийг хамгаалан арвижуулах, арвилан хэмнэх талаар намаас дэвшүүлсэн Зарчмын лоозон, уриаг хэрэгжүүлэхэд нягтлан бодогч, санхүү, статистикийн ажилтны үүрэг , зорилт” гэсэн үндсэн илтгэлийг МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, Зөвлөгөөнийг зохион байгуулах комиссын дарга Т.Рагчаа  тавьж хэлэлцүүлсэн байна.

Энэхүү II зөвлөгөөн “Социалист өмчийг хамгаалахад бүртгэл мэдээллээр тавих хяналтыг өндөржүүлье”; “Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд санхүү, төсвийн хөшүүргийн үр нөлөө, төгрөгийн хяналтын ролийг өндөржүүлье”; ” Аж ахуйн тооцооны зарчмыг хэрэгжүүлэхэд зээл тооцооны механизмын үзүүлэх үр нөлөөг дээшлүүлье” гэсэн сэдвийн доор гурван салбар хуралдаантай болж байжээ.

“Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны III зөвлөгөөн”

Тэгвэл Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны III зөвлөгөөн 22 жил завсарласны дараа буюу 2002 онд болж төлөөлөгчөөр 600 хүн, урилгаар 240 хүн оролцжээ. Тус III зөвлөгөөнөөр санхүүч, эдийн засагчид хийсэн ажлаа дүгнэж, цаашдын зорилтыг тодорхойлоход Оросын Холбооны Улсын бүртгэлийн системээс Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэлийн Стандартад, Бүртгэл тооцооны гар ажиллагаанаас компьютерт мэдээлэл боловсруулах системд, мэргэжлийн нягтлан бодогчоос мэргэшсэн нягтлан бодогчид, хяналт шалгалтаас хараат бус аудит руу шилжсэн зэрэг тогтолцооны олон өөрчлөлтүүд гарсан түүхэн он жилүүд байснаараа энэ зөвлөгөөн онцлогтой байлаа.

 “Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны IV зөвлөгөөн”

Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны IV зөвлөгөөн 2007 онд болж төлөөлөгчөөр 400, урилгаар 100 гаруй хүн оролцож, Монгол Улсын эдийн засгийн шилжилтийн үеийн сургамж, эдийн засгийн хүрээний шинэчлэлийн бодлого, зорилт илтгэлийг  хэлэлцэн тодорхойлсон.

Өнгөрсөн 4 жилд төрийн санхүү, эдийн засгийн бодлогын шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлсэнээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож, улсын сан хөмрөг нэмэгдэж төсөв анх удаагаа ашигтай гарч, татварын шинэ бодлогыг бэхжүүлж, олон улсын жишигт нийцсэн бүртгэл,  аудитын тогтолцоог хөгжүүлж байгааг тодорхойлсон зөвлөгөөн болж байсан түүхтэй.

Сангийн яам

2011-09-09

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж