Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Ажилтайдал

Алдагдсан зохис

Нийслэлд инфляц ганцхан сарын
дотор 5.5 хувиар өсч, ноднингийн долдугаар сарынхтай харьцуулахад 11,4
хувиар нэмэгджээ. Монголбанк “жолоог нь татах” зорилгоор бодлогын хүүгээ
өсгөж байхтай зэрэгцээд Тавантолгойн ажилчид ажил хаях тухайгаа
хэвлэлийн газар руу утсаар мэдээлж байв. Дэлхийн банк сайтан дээрээ
манай улсын эдийн засгийн улирлын төлвийг наймдугаар сарын байдлаар
тоймлон танилцуулахдаа, 2010 оны 12 дугаар сард 13.0 хувь байсан
ажилгүйдлийн түвшин энэ оны зургадугаар сард 8.7 хувь болж буурсныг
дурджээ. Харин Үндэсний статистикийн хороо долдугаар сарын мэдээндээ
“аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т
бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2011 оны 7
дугаар сарын эцэст 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1376 хүнээр
буюу 3.5 хувиар өсчээ” гэсэн дээрхээс эсрэг дүгнэлт гаргасан байна.
Тархи толгойгүй бөмбөгдөх асар хурдтай мэдээ мэдээллийн дунд
ажилгүйдлийн түвшин 5-6% байхад хэвийн гэж үздэг онолын үзэл санаа ч явж
л байх. Дэлхийн банкны мэдээллээр бол манай улсын ажилгүйдлийн түвшин
буураад буураад хэвийн хэмжээнээс хамаагүй хэтэрчихсэн байгаа биз? Гэтэл
Монголын Хөдөлмөрийн төв биржийн албан ёсны сайтанд “Идэвхтэй ажил
хайгч: 39804” гэсэн тоо өнгөрөгч пүрэв гаригт дурайж байлаа.

А.Оукены
хуулиар ажилгүйдлийн бодит түвшин хэвийн хэмжээнээс 1.0 хувиар өсөхөд л
ДНБ-ий бодит хэмжээ боломжтой цараанаасаа 2.5 хувиар буурдаг гэдэг.
Тэгвэл үндэсний статистикийн хорооныхны хэлж байгаагаар манай улсын ДНБ
оны үнээр эхний хагас жилд 4762.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн
үеийнхээс 29.1 хувь буюу 1073.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Тоо баримтыг
хуульд нийцүүлж үзвэл ажилгүйдэл харин ч 11.6 хувиар буурсан байх
тооцоо гарч байна.

Идэвхид эргэлзэх нь

Ажилгүйдлийг
өсгөж, сүр оруулж ярих, тийм байдлаар мэдээлэл түгээн нийгэмд болгоомж ч
юм уу, зовнил үүсгэж байх сонирхолтой хүмүүс байдаг л байх. Ажлын
байргүй ард түмэн зовж зүдрэн, түүнийг нь шийдвэрлэж өгөхийн төлөө хэн
нэгэн “чөмгөө дундартал зүтгэж яваа” юм шиг дүр зураг бий болгох
эрмэлзэл ялангуяа улс төрчдөд багагүй байдаг. Тоо баримт хийгээд
мэдээллийн зөрүү ялгаа бодит байдалд зөв дүгнэлт хийхэд саадтай л байж
таарна.

Нийгмийн гишүүд ажилгүй, орлогогүй байвал уул нь онол
ёсоор инфляц буурч байх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, цалин мөнгөтэй
хүмүүс худалдан авах чадвартай байж, тэр хэрээрээ бараа бүтээгдэхүүнийг
хомсдуулан, эрэлт үүсгэх учиртай юм байна. Ховор живэр юмсын үнэ хөөрч,
улмаар инфляц дээшлэх гаргалгаатай аж. Энэ логикоор бодвол, инфляцийг
давхар оронтой тоогоор илэрхийлэх болтол хөөргөдсөн худалдан авалт
иргэдийн бийлэг, мөнгөлөгийн л илэрхийлэл байж таарах гээд байгаа юм.

Ажилгүйдлийг
бид цалин орлогогүйдэл, доройтол, ядуурал гэж уншдаг. Түүнийг тоолж
тооцох аргачлалын үндсэн үзүүлэлт нь идэвхтэй байдал бололтой юм. Учир
нь онолын тодорхойлолтоор бол “хөдөлмөрлөх насны, хөдөлмөр эрхлэх
чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй,
тухайн үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил идэвхитэй хайж байгаа,
хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн” хүмүүсийг ажилгүйчүүд гэдэг аж. Гэтэл
идэвхтэй эрэлхийлэгчид буурлаа гэхэд тэд ажилтай болоод байна гэж хэлэх
нь “амьдралтай” дүгнэлт биш.

Амьдралтай тооцоо

Тавантолгойн
уурхайчид ажил хаях тухайгаа “цалин бага” хэмээн тайлбарлажээ. Өөр нэг
уурхайд 1,8 сая төгрөгийн хөлсөөр хийдэг ажилд дарга захирлууд нь ердөө
700 мянган төгрөг өгдөг юм байна. Хоёр дахин бага цалин аваад тэнд
ажилтай нэртэй сууж байхын хэрэг юу байна гэх байр суурийг нь буруу
гэхэд бас л түвэгтэй. “Тавантолгой” гэх баялаг ордын нэр өөрөө ажлын
таатай орчин болж чадахгүй байгааг үүнээс харж болно. Ажил эрхлэхэд олон
нөхцөл шалтгаан хэрэгтэй. Хамгийн гол зүйлсийн тоонд ажлын орчин
нөхцөл, цалин хангамж, хамт олны төлөвшил, дур сонирхол гээд өч төчнөөн
нэр үг цувуулж болохоор. Хөдөлмөрийн бирж дээр үнэндээ бидний сонирхсон
ажлын байр санаанд нийцтэл байж байх нь хэд байдаг билээ дээ. Иргэдийн
эрлийн шаардлагыг хангаж чаддаггүй болохоор тэд бирж буюу хөдөлмөр
халамж үйлчилгээний төвд тэр бүр ханддаггүй. Харин ч илүү идэвхитэй хайж
байгаа хүмүүс сонины зар унших, албан газрын хаалга тогших, танил тал,
найз нөхдөөсөө сураглах зэргээр өөрөө өөртөө биржийн үйлчилгээ үзүүлээд
гүйж явдгийг бид бүгдээрээ л мэднэ. Үнэндээ бол биржид бүртгэлтэй
хүмүүсийг “олдвол сайн л биз, олдохгүй бол тэр л биз” гэсэн бодолтой
идэвхгүйчүүд гэж нэрлэвэл зөв байж магад.

“Амьдралтайгаар” тооцоо
хийвэл ажилгүйдлийн түвшин өөрөөр илэрхийлэгдэх магадлалтай. Бас л
зарим нэгэн тоо баримт үзье. Өнгөрсөн онд явуулсан хүн ам, орон сууцны
тооллогын дүнгээр манай хүн ам 2 754 685 байгаа. Үүний 64,4 хувь нь
15-64 настнууд. Энэ насныхан дотроо 45 хувь нь хүүхэд, хөгшид байна.
Монгол Улсын 2009 оны статисктикийн эмхэтгэлд дурдсанаар хөдөлмөрийн
насны хүн 2006 онд 1619.6, 2007 онд 1642.2, 2008 онд 1688.7, 2009 онд
1704.4 мянга байж. Гэтэл яг ажил эрхэлж байгаа, албан тодорхойлолтоороо
“цалин хөлс, орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд сүүлийн
долоо хоногт нэгээс дээш цагаар оролцсон хүмүүс” буюу ажиллагсад 2006
онд 1009.9, 2007 онд 1024.1, 2008 онд 1041.7, 2009 онд 1006.3 мянга
байсан байх юм. Зөрүү нь 2006 оных 609.7, 2007 оных 618.1, 2008 оных
647.0, 2009 оных 698.1 мянга. Өөрөөр хэлбэл жил ирэх тутам ажил хийхгүй
байгаа хөдөлмөрийн насныхны тоо өссөөр байгааг үүнээс харж болно. Энэ
олноороо, хагас саяас давсан олноороо монголчууд ажил хийхгүй байгаа нь
гайхаш төрүүлмээр санагдахгүй байна гэж үү. 2010 онд энэ зөрүүг Үндэсний
статистикийн хороо 829.7 мянгаар тооцож тогтоосныг хэлэх хэрэгтэй.

“Ажилсаг” монголчууд

Ердөө
2.7 сая хүн амтай улс орны хөдөлмөрийн насныхны 1.0 сая шахуу нь ажил
хийхгүй байгаад, тэгээд ДНБ-ний хэмжээ өсөөд, иргэдийн худалдан авах
чадвар нэмэгдээд байна гэх үр дүнгийн уялдааг “Хүний хөгжлийн сан”-гийн
21000 төгрөгөөр тайлбарлах нь хэнд ч “тэнэг” л санагдана. Албан ёсны
хөдөлмөрийн зах зээл маань “эрүүл, саруул” биш, хөдөлмөрийн үнэлэмж муу,
эсвэл шударга бус, зохицуулалт тааруу байвал энэ хэсгээс хэн ч гэсэн
гараад л явчихна. Ийм тохиолдолд хөдөлмөрийн албан бус, нууц далд зах
зээл өргөжин хөгждөг номтой. Зүй зохисын энэ сэжмээр хөөж тооцоод
монголчуудыг “ажилгүй” гэж хэлэхээсээ татгалзахыг зөвлөе. Харин ч их
олон олон ажлыг хийж завдахгүй яваа “ажилсаг” ард түмэн гэвэл барагтай
бол хошиндохгүй бий вий. Хөдөлмөрийн төв бирж дээр өнгөрөгч пүрэв гаригт
5022 ажлын байр эзнээ хүлээгээд байж байсан ч тэдгээрийг хийх зав хэнд ч
байсангүй. Яагаад гэвэл манайханд сүлжээний худалдаа эрхлэх, мэргэ
төлөг тавих, морь уях, бөөлж цамнах, амрагийн ажил, ядаж л архи уухаас
өгсүүлээд хийх юм зөндөө шүү дээ. Монгол бол ардчилсан улс. Бидэнд ажил
хийх шаардлагатайгаа зэрэгцээд юу ч хийхгүй байх эрх бас бий.

2011.08.25

ЭНХБОЛДБААТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж