Энэ хүрээнд ЗТБХБЯ, НХХЯ, БХЯ-ныхан ахмад дайчдад орон сууц олгох асуудлыг хариуцан хэрэгжүүлж буй. НХХ-ийн сайд Т.Ганди 107 ахмад дайчинд орон сууцны түлхүүрийг гардуулан өгсөн юм. Одоо хэчнээн хүнд байр олгох талаар НХХ-ийн сайд Т.Гандигаас тодруулсан юм.
-Ахмад дайчдад орон сууц олгох ажил дуусах шатандаа орж байна. Орон сууц олгох ажил хугацаанаасаа жаахан удаашралтай явагдаж байгаа нь ямар учиртай юм бэ?
-"Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг, "Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох тухай" Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 212 тоот тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж, одоо уг ажил дуусах шатандаа орж байна.
Орон сууцны дэмжлэгт хамрагдах ахмад дайчдын судалгаагаар 1620 ахмад дайчдын нэрсийн жагсаалт гарч, дайн, байлдааны төрлөөр нь болон насны эрэмбийн дагуу дараалал тогтоон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болон Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаалаар батлан орон сууцыг нь олгох ажлыг зохион байгуулж байна. Орон сууцны дэмжлэгт нэмж шаардагдах 22.2 тэрбум төгрөгийг батдуулан хөрөнгийн асуудлыг бүрэн шийдүүлсэн боловч ахмад дайчдад орон сууц нийлүүлэх компанийн сонгон шалгаруулалт, тендерт шалгарсан барилгын компанийн барьж дууссан байрыг хүлээн авах, хуваарилах гэх мэт асуудлаас болж хугацаа хоцорсон. Барилгын ажлын явцаас хамаараад орон сууц олгох ажиллагаа хугацаанаасаа жаахан хоцорсон ч энэ ажил дуусах шатандаа орж байна.
-Одоогоор хэчнээн хүн орон сууцны түлхүүрээ гардан аваад байна вэ?
-Эдгээр 1620 ахмад дайчдаас 2009 онд, хоёр дайнд болон 1939 оны Халх голын байлдаанд оролцсон 162 ахмад дайчинд орон сууцны түлхүүрийг нь гардуулсан. Харин 2010-2011 онд 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад орон сууцыг нь олгож байгаа. Одоо 224 ахмад дайчинд орон сууцыг олгосноор 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон нийт 1150 ахмад дайчин орон сууцны дэмжлэгт бүрэн хамрагдаж дуусч байна.
-1150 ахмад дайчин гэлээ. Тэгэхээр үлдсэн дайчдын байрны түлхүүрийг хэзээ олгох вэ?
-Одоо олгож байгаа 224 байрны 50 байрыг нь энэ сарын 2-нд БХЯ-наас олгосон. Харин өнөөдөр /өчигдөр/ 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 107 ахмад дайчинд байрны түлхүүрийг гардууллаа. Харин ирэх долоо хоногоос улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдаас 100 гаруй хүнд байрны түлхүүрийг нь гардуулахад бэлэн болоод байна.
-Энэ ажил ирэх жил үргэлжлэх үү?
-Үгүй. Дээрх дайчдаас гадна орон сууцны дэмжлэгт хамрагдаагүй 172 ахмад дайчин үлдэж байгаа. Тэдний орон сууцыг ирэх сардаа багтаан олгож дуусгахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Тэгэхээр энэ ажил ирэх сард дуусна гэсэн үг.