Чанаргүй зээлийн хэмжээ буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.10-нд нийтлэгдсэн

Чанаргүй зээлийн хэмжээ буурчээ

Үндэсний статистикийн хороо нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдалд хийсэн статистик мэдээгээ танилцуулаад байна. Энэхүү мэдээллээр өнгөрөгч наймдугаар сард инфляци өмнөх сарынхаас 0.3 хувиар буурчээ. Инфляци буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 3.3 хувиар буурсантай холбоотой аж. Гэхдээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулах юм бол инфляци есөн хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Эдийн засагчдын тайлбараар инфляцийг ийн хөөрөгдсөн гол хүчин зүйл нь өнгөрсөн зургадугаар сард улсын хэмжээнд шатахууны хомсдол нүүрлэж, энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь эргээд бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлснөөс үүдэлтэй. Нөгөөтэйгүүр, гаднаас орж ирж буй их валютыг халамж хэлбэрээр иргэдэд тарааж байгаа нь инфляцийг хөөрөгдөх бас нэг шалтгаан болж буй. Хэдийгээр өнгөрсөн хавар Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, 140400 төгрөгт хүргэсэн ч, энэ нь төдий л иргэдийн амьдралд бодитой дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа билээ.

Гэхдээ банк, санхүүгийн салбарт эерэг мэдээлэл багагүй байна. Тухайлбал,
гүйлгээнд байгаа бэлэн мөнгө  наймдугаар сарын эцэст 705.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 31.9 тэрбум төгрөг буюу 4.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 238.3 тэрбум төгрөг буюу 51.0 хувиар өсчээ. Мөн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл наймдугаар сарын эцэст 375.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 6.0 тэрбум төгрөг буюу 1.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 34.6 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар буурсан байна.

Хөрөнгө зах зээлийг сонирхвол үнэт цаасны арилжаа дээрх сард 23 өдөр хийгдэж, 116.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 23.5 сая ширхэг үнэт цаас арилжигдсан мэдээлэл байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж