Аварга том ч өхөөрдмөөр хөөрхөн бас дэндүү гэмээр гэнэн хулсны баавгай найз нөхдийнхөө хамтаар баатарлаг үйлс бүтээж буй адал явдалт "Кунфу панда 2" хүүхэлдэйн зурган кино дэлгэцнээ анх гарсан цагаасаа л шуугиан тарьсан. Нээлтээ хийсэн тавдугаар сараас хойш олсон орлого нь 650 сая ам.доллар давж, түүнийг найруулсан Женифер Ю-д кино урлагийн түүхэн дэх хамгийн амжилттай эмэгтэй найруулагч гэх алдрыг ямар ч өрсөлдөгчгүй авчрав. Үүнийг дуулсан Женифер Ю "Бүтээл минь ийм амжилттай болж, дэлхийн хүмүүсийн дунд киноны минь баатрууд алдаршсанд би үнэхээр аз жаргалтай байна.Ямар ч зурган кино маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Тиймээс би энэ амжилтыг надтай хамтран ажилласан авьяаслаг зураач нартайгаа хуваалцах ёстой. Тэдэндээ чин сэтгэлээсээ талархаж байна" хэмээн "JoBlo" сайтын сурвалжлагчтай сэтгэгдлээ хуваалцжээ. Тус сайтад мэдээлснээр "Кунфу панда 2"-оос өмнө энэ амжилтын эзнээр Филлид Ллойд тодорч байж. Түүний найруулсан "Мамма MIA" 2008 онд дэлгэцнээ гарсан даруйдаа 610 сая орчим "ногоон” цуглуулж байсан гэнэ.