Улсын төсөв 200 тэрбум гаруй төгрөгийн ашигтай гарсан нь статистикчдын хүргэсэн таатай мэдээний нэг байлаа. Төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний найман сарын байдлаар хоёр их наяд 757 тэрбум төгрөг байгаа бол зарлага нь хоёр их наяд 530 тэрбум төгрөг байна. Ингэснээр орлогын өсөлт нь зарлагын өсөлтөөс 15,4 пунктээр илүү гарч улсын нэгдсэн төсөв 227 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Нэмж дурдахад, нэгдсэн төсөв өнгөрсөн оны мөн үед 32,9 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан юм байна.
Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын эхний дүн мэдээг ҮСХ гаргаад байна. Есдүгээр сарын 1-ний байдлаар 17 мянган тонн төмс, 19,4 мянган тонн хүнсний ногоо хурааж, 432,4 мянган тонн өвс хадлан, 9,2 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл өнгөрсөн наймдугаар сард нэг их наяд 279,2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8,9 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн олборлох салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1,9 хувиас 2,1 дахин өссөн нь нөлөөлсөн байна. Мөн талх, шахмал түлш, самнасан ноолуур, сүлжмэл эдлэл зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1,2 хувиас 9,9 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Эдийн засгийн бодит өсөлт 14,3 хувьтай байгаа бөгөөд онц эцэс гэхэд нэлээд өндөр хувьтай гарах урьдчилсан прогноз байгаа гэнэ.
Хэвлэлийн бага хуралд ҮСХ-ны Тамгын газрын дарга Б.Ганбат, Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг, Хүн ам, нийгмийн статистикийн газрын орлогч дарга Б.Саранчимэг хүрэлцэн ирж мэдээлэл өгсөн. Хүн ам, нийгмийн статистикийн газар улирал бүр өрхийн орлогод судалгаа хийдэг ба энэ оны II улиралд хийсэн мэдээгээ энэ үеэр танилцуулсан юм. Өрхийн дундаж орлого наймдугаар сард 486,6 мянган төгрөг болж өмнөх сараас өсчээ. Хэдийгээр өрхийн орлого өсч байгаа ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа хэмээн газрын орлогч дарга Б.Саранчимэг хэлж байлаа. Монгол Улсын бүх өрхийг таван хэсэгт хувааж, үндэсний хэмжээнд түүвэр судалгаа хийн амжиргааны төвшинг судалдаг гэнэ. Судалгаанд 12 мянган өрхийн 60 мянган хүн хамрагддаг бөгөөд II улиралд зам барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан өрхийн орлого сайжирч буйг судалгаагаар тогтоожээ. Мөн өрхийн орлого нэмэгдэх хоёр дахь хүчин зүйл нь мал аж ахуйн үйлдвэрлэлээр орж ирэх орлого ажээ.
Нийт өрхийг тав ангилахад, чинээлэг хэсэг 20 хувь, дундаас дээгүүр болон дундаж орлоготой өрх тус бүр 20 хувийг эзэлж байгаа бол дунджаас доод төвшнийг 40 хувь нь эзэлдэг. Энэ нь нийт хүн амын ядуурлан төвшин 39 хувь байдаг гэсэн судалгаатай нийцдэг байна. Хүн амын амжиргаанд хийсэн дээрх судалгааг өрхийн хэрэглээг үндэслэдэг олон улсын аргачлалын дагуу хийдэг байна. Сүүлийн судалгаагаар ядуу өрхийн зарлага 0,3 хувь буурсан бол чинээлэг өрхийнх нэмэгдсэн сонирхолтой дүр зураг харуулжээ. Энэ нь үнийн өсөлтөөр ядуу өрхийн хэрэглээ буурч байгааг илтгэж байгаа гэнэ. Харин чинээлэг өрхийн сарын хэрэгцээ Монгол Улсын нийт хэрэгцээний 44 хувийг эзэлдэг байна. Тэгвэл ядуу өрх ердөө долоон хувийг эзэлдэг ажээ.