Манай хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа, хоёр орны батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийн харилцаа ч өргөжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Тэрбээр цааш хэлэхдээ, хоёр орны парламентын хооронд дээд түвшний уулзалтыг байнга хийж ирсэн. Төрийн Думын урилгаар ОХУ-д айлчлахдаа би Холбооны Зөвлөлийн удирдлагатай уулзаж байсан. Хоёр орны парламентын бүлгүүд, гишүүд идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Таны энэ удаагийн айлчлал ч хоёр орны парламентын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал алхам болно гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлэв.
Мөн хоёр орны харилцаанд дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээний давтамжийг хадгалахын зэрэгцээ тодорхой салбар чиглэлд харилцааг өргөжүүлэх нь чухал байгааг онцлов. Хил орчмын харилцааг өнөөгийн түвшнээс улам өргөжүүлэх нь аж ахуйн байгууллага, иргэд хооронд ойр дотно хамтран ажиллах, цаашлаад эдийн засагт ч чухал ач холбогдолтой юм гэдгийг УИХ-ын дарга хэлээд ер нь манай орны эдийн засаг тэлж буйн хэрээр ОХУ-тай харилцах харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжинө гэж үздэгээ онцоллоо.
Ноён А.П.Торшин цаг зав гарган элэгсэг дотно хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэнд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Би Ярославль хотод болсон олон улсын чуулга уулзалтад оролцоод өнөө өглөө Улаанбаатарт буулаа. Энэ чуулганд ОХУ-ын Ерөнхийлөгчөөс эхлээд олон орны нэртэй улстөрчид оролцсон юм. Хэдийгээр би Монголын зэвсэгт хүчний ойн баярт оролцохоор Батлан хамгаалах яамны урилгаар ирсэн ч гэлээ хамгийн эхлээд Монголын парламентын даргатай уулзаж буйдаа их баяртай байна” гээд ОХУ-ын Төрийн Думын дарга Б.В.Грызловын мэндчилгээг уламжлав.
Хоёр орны харилцаанд сэтгэл өндөр байдаг ч боломжоо бүрэн ашиглаагүй, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх бололцоо их бий хэмээн үздэгээ тэрбээр онцлоод “Би айлчлалынхаа дараа шууд Эрхүүгийн эдийн засгийн форумд оролцоно. Энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцоно гэж сонсоод сэтгэл өндөр байгаа. Хоёр орны хил орчмын болоод бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ удаагийн уулзалт чухал ач холбогдолтой болно байх гэж найдаж байна” гэлээ. Холбооны Хурал хил хязгаар, бүс нутаг, муж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэж үзэж ихээхэн анхаарч байгаа, энэ чиглэлээр гарах эрх зүйн баримт бичгийг хамгийн түрүүнд ойрын хөрш Монгол Улстай байгуулах бодолтой байгаа гэдгээ тэрбээр хэлэв. Цаашид дээд түвшний аливаа айлчлалыг аль аль талдаа тодорхой зорилготойгоор, тухайлахад дэд бүтэц, эрчим хүч, соёлын салбарыг сонирхох, Монголын ололт амжилтыг сурталчлах гэх зэргээр зохион байгуулах, түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд хууль эрх зүйн тодорхой алхам хийхэд зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжийг батлан гаргахад анхаарах нь чухал юм гэлээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ОХУ-ын Төрийн Думын даргыг Монголд айлчлахыг урьсан урилга хэвээр буйг уулзалтын үеэр дахин нотлоод энэ талаар уламжилж өгөхийг Холбооны Зөвлөлийн орлогч даргаас хүсэв. Мөн өнгөрсөн лхагва гаригт Ярославль хотод онгоц сүйрч олон хүн амь үрэгдсэнд УИХ-ын гишүүдийн өмнөөс эмгэнэл илэрхийллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн, Батлан хамгалахын сайд Л.Болд, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.