Бизнесийнхэн Монголбанкны бодлогыг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Бизнесийнхэн Монголбанкны бодлогыг эсэргүүцэж байна

Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим “Монголбанкны мөнгөний  бодлогыг өөрчилцгөөе” мэдэгдлийг гаргаад байна.
Монголбанкнаас уламжлалт арга хэмжээ болох бодлогын хүүгээ өсгөж, арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг  нэмэгдүүлэх шийдвэр  гаргасан нь эдийн засгийн халалтыг  сааруулж санхүүгийн салбарын найдвартай байдлыг  бэхжүүлнэ гэдэгт бизнесийнхэн  эргэлзэж байгаа юм байна. Ялангуяа банкны зээлээс хамааралтай байдаг  жижиг, дунд бизнесийнхэн  зээлийн орчинг  хатууруулах  ийм ээлжит арга хэмжээнд  дургүйцлээ ийн илэрхийлж байгаа аж.
Бодлогын хүүг өсгөж арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлснээр үнэхээр арилжааны банкуудын өрсөлдөх чадвар сайжрах уу, аль эсвэл  эсрэгээр   өрсөлдөх чадварыг нь  бууруулах уу.  Харин үүний оронд өнөөгийн банкны тогтолцоог  сайжруулах, эрс шинэчлэх талаар Монголбанк    анхааран ажиллах нь зүйтэй болов уу хэмээн Төв банкны бодлогыг шүүмжилсэн байна.
Мэдэгдэлд, зах зээлд мөнгөний нийлүүлэлт, эрэлт хэрэгцээ их болж буй  цаг үед  Монголбанк бодлогын хүүгээ өсгөж   үүнийгээ инфляцийг  бууруулах  гол арга хэмжээ, зөв зүйтэй шийдвэр хэмээн  зарлаж байгаа нь   харин ч эсрэгээр   үйлдвэрлэл, бизнесийг  хумьсан нэг талыг харсан арга хэмжээ болсныг  Монголын бизнес эрхлэгчдийн  нийтлэг эрх ашгийг төлөөлөн илэрхийлэгч МҮХАҮТ эрс  шүүмжилж энэ алдаатай бодлогоо  засч залруулах, цаашид  эрс өөрчилж шинэчлэхийг   шаардаж байна гэжээ. Мөн мөнгөний бодлогоор л Монголын эдийн засгийг хямралаас аварч байгаа мэт  эдийн засгаас мөнгийг татаж авах замаар л инфляцийг зохистой төвшинд барьж байна, барьчихлаа гэх мэтээр мэдэгдэж, зарлаж ирсэн энэ хуурамч төсөөлөл, бодлогын арга хандлагаасаа Төв банк хэзээ салах юм бэ. Үүнийг нь хүлээн зөвшөөрөөд зөв л юм байх гэх гэж итгэж үнэмшээд,  эсвэл зөнд нь орхиод байгаа УИХ хэзээ энэ алдаагаа засах вэ хэмээн хууль тогтоогч, гүйцэтгэх засаглалынханд хандан дээрх саналаа уламжилжээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж