Эрх чөлөөний хөшөө сүндэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөний хөшөө сүндэрлэлээ

Өвөрхангай аймгийн Уянга суманд Эрх чөлөөний хөшөө сүндэрлэлээ. “Эрх чөлөөг эрхэмлэгч ард түмэндээ зориулав” гэж бичиглэсэн энэхүү хөшөөг Ардчиллын хөшөө гэж нэрлэсэн байна. Хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Зоригт, Өвөрхангай аймгийн Ардчиллын намын дарга Ц.Хишигсүрэн, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Уянга сумын Засаг дарга П.Загарзүсэм нар болон тус сумын иргэд оролцлоо.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлсэн үгэндээ “Хорин жилийн түүхэнд ардчиллын төлөө тууштай явж, эрх чөлөөгөө өнгө мөнгөөр худалдаагүй, туйлбартай байсан Уянга сумын ард түмнийг хүндэтгэж хөшөөг босгосон. Энэ хөшөө Азид анхдагч гэдгээрээ онцлог. Уянгачууд ардчилал, эрх чөлөөг үргэлж сонгодог, үзэл бодлоосоо хэзээ ч ухраагүй. Тиймээс Эрх чөлөөний хөшөө Уянга сумын үе үеийн ардчилагчид, ирээдүйн ардчилагчдад зориулагдсан. Ардчиллын түүчээ бол та бүхэн билээ” гэв. Мөн Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын  дарга Н.Алтанхуяг ирүүлсэн мэндчилгээндээ “Монголын 21 аймаг, 329 сумаас анх удаа Эрх чөлөөний одонт Уянга суманд Эрх чөлөөний хөшөө сүндэрлэж байна” хэмээжээ. Ардчиллын давалгаа, цөм нь Уянга сумынхан байсан гэдгийг хөшөөний нээлтэд үг хэлсэн хүн бүр онцолсон.

Эрх чөлөөний хөшөө 13 метр өндөр, орой хэсэгтээ Эрх чөлөөний одонтой, ардчилагчдын хандив 40 сая төгрөгөөр босчээ. Хөшөөний нээлтэд Өвөрхангай аймгийн бусад сумдаас ардчиллын төлөөх сэтгэлтэй хүмүүс олноороо ирсэн байв. Тэдний хувьд ардчилал, эрх чөлөөгөө бататгаж, бахархах Эрх чөлөөний хөшөөгөө босгосон үйл явдлыг ардчиллын түүхэнд онцлууштай.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж