“Reuters” агентлаг өчигдөр Монголд нээлтээ хийсэн “Discover Mongolia” уул уурхайн чуулганы талаар бичжээ. Уг мэдээллийг орчуулан хүргэж байна.
Замдаа гарсан Монголын эдийн засгийн галт тэрэгний хурдыг сааруулж бүр зогсоож ч болзошгүй саад бол Монголын Засгийн газрын бодлого, Хятадын түүхий эдийн хэрэгцээ гэж эдийн засагч, хөрөнгө оруулагч нар лхагва гаригт болсон “Discover Mongolia” уул уурхайн чуулганаар ярьжээ. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт үерлэж буй далайд гарцгүй энэ жижиг орон дор хаяж арван жилийн дотор эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоогоор ахиулахыг зорьж байгаа юм. Үүний тулд нүүрс, алт, зэсийн том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна дэд бүтэц болон бусад салбарыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх шаардлага тулгарч байна.
“Засгийн газар нь л бүгдийг самарч орхихгүй бол энэ оронд асар их боломж бий” гэж Канадын “Айвенхоу Майнз” компанийн дэд ерөнхийлөгч асан,” the East Asia Minerals Corporation”-ы тэргүүн Эдвард Рочетт хэлэв. Түүний хэлж буйгаар Монголын эдийн засгийн нэг дэх том эрсдэл нь Засгийн газрын хөндлөнгийн оролцоо ажээ. Харин хоёр дахь нь Хятадын түүхий эдийн хэрэгцээ. Хэрэв Хятад түүхий эд худалдаж авахаа больчихвол энэ бүхэн төгсгөл болно” гэж тэрбээр ярьсан юм.
Ашигт малтмалаас олж буй ашгаас тэн хагас нь ядуу иргэддээ олгох асуудал Монголын Засгийн газрын толгойн өвчин болоод байгаа ажээ. Харин хөрөнгө оруулагчид энэ ашгийг шударгаар хуваарилах нь бодитоор хэрэгжих биш улс төрчдийн хоосон амлалт болоод өнгөрөх вий гэж болгоомжилж буй. Монголын улс төрчид 2004 онд сонгогчдод амласан амлалтаа биелүүлэхэд шаардлагатай хөрөнгө босгохын тулд 2007 онд уул уурхайн бүтээгдэхүүнд гэнэтийн ашгийн татвар ноогдуулах шийдвэр гаргасныг хөрөнгө оруулагчид одоо ч жигшин дурсдаг.
Гэнэтийн ашгийн татвар ноогдуулах тухай хуулийн төслийг 2009 онд өөрчилж, хувьцааны дийлэнх хувийг нь “Рио Тинто” эзэмшдэг “Айвенхоу Майнз”-тай “Оюутолгой”-н гэрээг байгуулах замаа зассан юм. Гэрээний дагуу “Айвенроу Майнз”, ”Оюутолгой” төслийн эзэмшлийн 66 хувийг зэмшихээр болсон билээ.
Монголын улс төрийн намууд эрх мэдлийн төлөө иргэдэд бэлэн мөнгө амласан хэвээр байна. 2008 оны их хурлын сонгуулиар Ардчилсан нам уул уурхайн ашгаас иргэдэд нэг сая төгрөг өгөхөөр амласан бол МАХН монгол хүн бүрт 1,5 сая төгрөг амлаж байсан. Уг сонгуульд МАХН ялсан юм. 2008 оны сонгуулийн амлалтаа биелүүлэхэд Монголын Засгийн газарт дөрвөн тэрбум ам.доллар шаардлагатай байсан. Энэ нь Монгол улсын 2011 оны төсөвтэй тэнцэх мөнгө. Түрийвч нимгэнтэй Монголын Засгийн газар “Оюутолгой”, “Тавантолгой” төслийн “урьдчилгаа мөнгө”-ийг сонгуулийн амлалтандаа шавхаад дууссан ч амлалтаа биелүүлэх яагаа ч үгүй байгаа юм. Өнгөрсөн сард Монгол Хятадын “Aluminium Corp of China” компанитай “Тавантолгой”-н ордын нүүрсийг худалдах 250 сая ам.долларын гэрээ байгуулсан. Энэ хөрөнгө мөн л 2008 оны амлалтад зарцуулагдах нь тодорхой.
Хөрөнгө оруулагчдыг зовоож буй өөр нэг зүйл нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлохыг хориглох тухай шинэ хууль. Гэнэтийн ашгийн татвар ногдуулах тухай хуультай адил энэ хуулийн төсөл ч мөн хэрэгжихгүй гэж үзэж буй хүмүүс олон байгаа юм. Сангийн сайд болон Тэргүүн шадар сайд нар энэ хуулийг төслийг эсэргүүцэж байсан авч хууль батлагдсан билээ. Монголын эдийн засаг 2003 оны 15 хувиас 35 хувь болтлоо өссөн үзүүлэлт гарчээ. Засгийн газрын үүрэг оролцоо нэмэгдэх нь эдийн засгийг популист улс төрийн бодлогоор буруу замд хөтлөх аюултай гэж “Discover Mongolia” чуулганы үеэр хөрөнгө оруулагчид ярьж байсан юм.
Бэлтгэсэн Н.Энх
Эх сурвалж: Reuters