Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө

Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн урд байрлах 22 дугаар  байран дахь PC тоглоомын газарт нэгийгээ буудаж, дараа нь өөрийнхаа амийг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Олны анхаарлын төвд байгаа энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр албан ёсны мэдээлэл өглөө. 

Цагдаагийнхан өчигдөр хэргийн газарт үзлэг хийж, хоёр цогцсыг Шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд  оруулахаар авч явсан юм. Тус газраас өгсөн мэдээллээр интернэт тоглоомын газрыг ажиллуулдаг байсан 23 настай эрэгтэй Ц гэгч Төв аймгийн Зуун мод сумын харьяат,  22 настай С-г буудаж амь насыг нь хөнөөгөөд улмаар өөрийгөө толгойн тус газраа буудаж амиа хорложээ. 22 настай Санжаа нь тус тоглоомын газрын ажилтан байсан аж. Одоогоор хэргийг УМБГ-ын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна. Талийгаачдын хэрэглэсэн галт зэвсэг нь хоёр амтай, “дробинк” маркийн буу байжээ. Одоогоор буу хэний эзэмшлийнх байсан, зөвшөөрөлтэй эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Хэрэг хэзээ үйлдэгдсэн талаар хэвлэлүүд 3-4 хоногийн өмнө хэмээн мэдээлж байгаа ч албаны хүмүүс энэ асуулт Шүүх эмнэлгийн  шинжилгээний дүгнэлт гарсны дараа тодорхой болно гэлээ.

Сануулахад, галт зэвсэг хэрэглэж, онц ноцтой хэрэг үйлдэх тохиолдол урьд өмнө хэд хэдэн удаа гараад байна. Тухайлбал өнгөрөгч наймдугаар сард  Дархан-Уул аймгийн  Хонгор сумын нутаг дэвсгэрт  16 настай хүү галт зэвсэг хэрэглэн  морьтой явж байсан  34 настай иргэнийг буудаж хүндээр гэмтээсэн хэрэг гарсан  юм. Мөн он гарсаар Төв аймгийн Жаргалант суманд хэсэг залуус архи ууж, согтуурсан үедээ 17 настай охиныг галт зэвсэг хэрэглэн аминд нь хүрсэн хэрэг гарч  байжээ.

Энэ мэт тохиолдын араас дээрх хэрэг дахин гарлаа. Одоогоор мэргэжлийн байгууллагын судалгаагаар хүмүүсийн гар дээр 8000 гаруй буу зэвсэг байгаа гэх мэдээлэл байдаг аж. Эдгээрийн 90 орчим хувь нь ангийн болон спортын, бусад зориулалтын буу зэвсэг байдаг гэх. Галт зэвсэгтэй холбоотой хэргүүдийн тодорхой хувь нь санаатай үйлдэгдсэн байдаг бол олонх нь галт зэвсгээ сумтай байлгасан, зориулалтын бус газар хадгалсан зэргээс үүдэн сум алддаг байна. Галт зэвсгийг иргэд хадгалахдаа заавал сумыг салгах хэрэгтэй байдаг бол харуул хамгаалалтын газрууд тусгай саванд хадгалж, аюулгүй байдлыг хангах ёстой  аж. Иргэдийнг санамсар болгоомжгүй байдлаас галт зэвсэгтэй холбоотой хэргүүд гарсаар байгаа учир нийслэлийн цагдаагийн газраас “Гохны түгжээ” нэртэй хуулийн төсөл санаачлаад байгаа аж. Уг төсөл нь хувь хүмүүс, харуул хамгаалалтын газар, цэрэг цагдаагийн байгууллагууд галт зэвсэгийг хэрэглэх, хадгалахдаа мөрдөх журмыг нарийвчлан тусгажээ. Дэлхийн орнуудад гохны түгжээг хэрэглэхийг хуульчилсан байдаг гэнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж