Энэ өвөл нүүрс түлж байгаа айлуудад хатуу хариуцлага тооцно гэсэн мэдээлэл байна. Сонсоод байхад хотын төвд ойрхон айлууд нүүрс түлж байвал тэр дор нь нүүлгээд хотоос холхон аваачаад буулгачих юм байх. Магадгүй иймэрхүү санаа нь хэрэгжээд эхэлбэл нэлээд олон өрх айл хүйтэн өвлөөр халуун буурьнаасаа хөдлөх шинжтэй. Хэчнээн хүн хатгаа тусч, хэдэн хүн уурандаа бухимдаж улмаар тархинд нь цус харвахыг хэн ч хэлж мэдэхгүй. Бид ер нь нэг л биш ээ. Нүүрс түлж байгаа айлтай тэмцээд байх юм. Уг нь нүүрс олборлож байгаа налайхын уурхайн иргэдтэй тэмцвэл арай үр дүнтэй баймаар. Хөрөнгө, мөнгө ч бага зарлагадах юм даа. Бодоод үзсэн иймэрхүү инээдтэй ажлууд их болдог юм байна аа. Бид архичидтай тэмцээд байдаг. Тэднийг архи уулгахгүй, бүр сар болгоны нэгэнд архи зардаггүй өдөр болгож зарлаад л. Зарим аймаг долоо хоног болгоны лхагва гарагийг архи заруулдаггүй өдөр болгон хэвшүүлсэн байдаг юм байна лээ. Гэтэл архи үйлдвэрлэгчидтэй тэмцвэл арай л өөр үр дүн гарна. Саяхан Оюуны өмчийн газрынхан хуурамч LV брэндийн бараатай тэмцээд л байна лээ. Гэтэл энэ ажлыг бид биш LV-г үйлдвэрлэгчид хийх ёстой юм биш үү. Монголчууд оруулж ирж байгаагаас биш үйлдвэрлээд байгаа биш шүү дээ. Тэртээ тэргүй цаанаа хийгээд байгаа юмыг манайхан оруулж ирэх нь зүй ёсны хэрэг биз дээ. УИХ-ын гишүүдийг үзэн ядаад л, “Төрөөс төрсөн тэрбумтанууд” гэж хочлоод л, доромжлоод байгаа харагддаг. Гэтэл яг сонгууль болохоор доромжилсон хүнээ л сонгочихож байгаа юм. Бодоход бол нэг сонгож үзээд ажил хийхгүй бол дараагийн сонгууль дээр унагачих эрх бидэнд байдаг юм билээ. Гэтэл юу ч хийхгүй байгааг нь харсаар байж нэг битгий хэл олон дахин сонгочихож байна. Нэгдүгээр эгнээнд зогссон автомашины улсын дугаарыг хураан авч жолоочид нь хариуцлага тооцох шийдвэр гарсанаас хойш нэлээд удлаа. Энэ ажил ч сайн хэрэгжиж байна. Гэтэл зам дагуух зогсоол хийхгүй байгаа хотын удирдлагуудтай хариуцлага ярихгүй юм. Зогсоолгүй газар зогсолт хийхээс яах вэ дээ. Автобусанд сууж ажил амжуулсанаас арай дөт гэж хүмүүс машинтай болдог юм билээ.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин