”Бусармаг үйлдлийг багаасаа харж өссөн”

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

”Бусармаг үйлдлийг багаасаа харж өссөн”

Ж.АССАНЖ: БИ ЭРХ БАРИГЧДЫН БУСАРМАГ ҮЙЛДЛИЙГ БАГААСАА ХАРЖ ӨССӨН
“Викиликс”-ийн
сайтад сүүлийн үед олон шинэ мэдээлэл тавигдах болж. АНУ-ын дипломат
албадаас Вашингтон руу явуулж байсан электрон шуудангуудыг ийнхүү ил
болгосон нь олон нийтэд их гүрнүүдийн тухай цоо шинэ ойлголтыг төрүүлж
байгаа юм. Энэ тухай тус сайтыг байгуулагч Жулиан Ассанжийн “CBS News”
телевизэд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Зарим
хүн таныг баатар, нөгөө хэсэг нь хорон  санаатан мэтээр төсөөлж байна.
Хэвлэлүүдэд Ж.Ас­санж бол террорист, яллагч гэж бичиж байна. Та чухам
хэн юм бэ?

-Би яллагч биш.

-Шведийн шүүхээс таныг гэ­рийн хорионд байлгах шийдвэр гаргасан. Асуудал буруудсан бол та шоронд ч орж болох байлаа?

-Гэрийн
хорионд байна гэдэг яг л алтаар бүрсэн шувууны торонд орсонтой адил.
Хэрэв чи хаа нэгтэй хүчээр хоригдож байгаа бол түүнээсээ гарахыг хүснэ.
Тэр тор нь алт юм уу, төмөр байх эсэх нь хамаагүй.

-Танд өөрийгөө өмгөөлж хэлэх үг байна уу?

-АНУ-ын
дэд Ерөнхийлөгч Жой Байдан намайг шилдэг технологиор зэвсэглэсэн
террорист гэж нэрлэсэн. Сара Палин манай байгууллагыг “Талибан”-тай
адилтгаж, үгүй хийхийг шаардсан. Энэ бол на­майг болон манай ажилтнуудыг
барьцаалж, устгахыг хүсч байгаа гэсэн үг.

-Мэдээж хэрэг, энэ бол зөвхөн улстөрчдийн дүгнэлт. Гэхдээ жирийн америкчууд бүгд таныг террорист гэж үзэхгүй байгаа байх?

-Би
ч гэсэн тийм байгаасай гэж хүсэж байна. “Викиликс” бол технологийн
дэвшлийг гартаа атгаж, хүчирхэг санааг дэвшүүлэн гаргасан хэсэг бүлэг
хүний үйл ажиллагаа юм шүү дээ. Гэхдээ АНУ-ын Засгийн газарт энэ бүхнийг
зогсоох технологи байхгүй.

-Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Интернэт
гэдэг зүйл байгаа учраас бид цаашид олон шинийг бүтээх болно. Дэлхий
даяар шинэ вэб сайт нээх боломж хаа сайгүй байдаг. “Викиликс”-ийн нэг
домайн нэрийг хааснаараа АНУ-ын Засгийн газар хүссэн үр дүндээ хэзээ ч
хүрч чадахгүй. “Викиликс”-ийн сайтад өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас
хойш хамгийн олон америк хүн орж, мэдээллийг нь уншсан байсан. Багдадын
гудамжинд “Ройтерс”-ийн хоёр сэтгүүлчээс гадна зэвсэггүй олон хүн байхад
АНУ-ын цэргүүд тэдэн рүү гал нээж байгааг харуулсан бичлэг бүгдийн
анхаарлыг татсан. Афганистан дахь АНУ-ын цэргийн ажиллагаатай холбоотой
76 мянган файл, Ирак дахь энхийг сахиулах ажиллагаатай холбоотой 400
мянган баримт гэх мэт олон зүйлийг дэлгэсэн. Арабын удирдагчид өөрсдөө
АНУ-г Иран руу дайрахыг уриалж байсныг хүмүүс мэддэг боллоо.

-Тэгэхээр та энэ бүхнийг ил болгосноороо дэлхийн гүрнүүдийн харилцааг муутгаж байна шүү дээ. Та хорлон сүйтгэгч юм биш үү?

-Хиллари
Клинтоны засаг захиргааны олон нууцыг бид дэлгэчихсэн учраас ингэж хэлж
болох юм. Гэхдээ таны хэлж байгаачлан бид хууль бус засаглалыг хорлон
сүйтгэж байгаа нь үнэн. Эрх баригчид бүгдийг хууль ёсоор нь  хийж байна
уу. Аль эсвэл тэд хуулиас гадуур дураараа аашилж байна уу гэдгийг олох
ёстой.

-Та АНУ-ын Төрийн депар­таментийг хууль ёсны байгууллага гэж бодож байна уу?

-АНУ-ын
Төрийн департамент шударга үйл ажиллагаа явуулахаа болих хүртэл хууль
ёсных хэвээрээ байна. Гэтэл олон нийтээс нууцалсан тэдгээр баримтыг
харахад тэд тийм ч шударга байж чадаагүй бололтой.

-Тэгэхээр хууль ёсных биш гэсэн үг үү?

-Бид
энэ асуултын хойноос хөөцөлдөөгүй. Энд бага зэрэг эндүүрэл гарсан
байна. Бид улс орныхоо гүйцэтгэх засаглалыг унагаахыг хүсээгүй. Зөвхөн
маш чухал үр нөлөөтэй баримтуудыг олон нийтэд дэлгэхийг л хүссэн.

-Сүүлийн
үед таны гаргаж байгаа үйлдэл улам хэрцгий болж байна гэх болж.
Афганистан дахь цэргийн ажиллагаатай холбоотой баримтууд дунд АНУ-ын
Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан хү­мүүсийн нэр хүртэл байсан. Үүнээс
болж тэд хүнд байдалд орсон шүү дээ?

-Ямар ч гэрч, үнэмшил
төрүү­лэхүйц мэдэгдэл тэнд байхгүй. Албаны ямар ч төлөөлөгчийн
тайл­барыг гаргаагүй. Бид зөвхөн сүүлийн дөрвөн жилийн дотор юу болж
байсныг нь харуулсан.

-Пентагоноос мэдээлснээр тэд­гээр баримтан дунд 300 орчим хүний нэр байсан. Та тэдэнд санаа зовсонгүй юу?

-Бид
бүгдийг төгс хийдэг гэж хэлж чадахгүй. Тэдгээр баримтан дунд төдий
тооны нэр дурьдагдсан байхыг үгүйсгэхгүй. Эндээс нэг дүгнэлт гарч байгаа
биз дээ. Иракийн дайныг ганцхан хүн эхлүүлээгүй гэж.

-Энэ мэдээлэл олон нийтэд ил болсны дараа Талибаны удир­дагчид “Тэдгээр  хүмүүст цээрлэл хүртээх болно” гэж мэдэгдсэн шүү дээ?

-Талибанчууд
тэр бүр  хэлсэн үгэндээ хүрээд байдаггүй. Гэхдээ бидний нийтэлсэн
баримтуудын араас ямар нэгэн эмгэнэлт үйл явдал болохгүй гэж хэлж
чадахгүй.

-Чухам үүнээс болоод танай байгууллагынхныг анти-америк­чууд гэж томъёолж байна. Тийм үү?

-Яг
ч тэгж хэлж болохгүй. Өнөөдөр бид ингэж дуугарч чадаж байгаа нь АНУ-ын
хувьсгалчдын үйл ажиллагааны үр дүн. Т.Жефферсон, Ж.Мэдисон байгаагүй
бол бид ингэж дуугарч чадахгүй байсан. Тэр ч бүү хэл манай байгууллагад
олон америк хүн нэгдэж байна. Хэрэв хүмүүс чухал мэдээлэл өгөхийг хүсч
байгаа бол бид түүнийг нь хүлээн авна.

-Та эрх баригчдад огт итгэ­дэггүй. Та яагаад ингэж боддог болсон юм бэ?

-Магадгүй
эрх баригчдын үйл ажиллагаанаас болж надад ингэж санагддаг болсон байх.
Манай ээж Кристина улс төрийн идэвхтэй хүн. Тэр намайг жаахан байхад
хэсэг эрдэмтэн Их Британи, Австралийн Засгийн газраас хэрэгжүүлж буй
цөмийн туршилттай холбоотой мэдээллийг цуглуулахад тусалж байсан. Гэтэл
нэг шөнө ээжийг цагдаа нар дуудан байцааж, “Хатагтай, та шөнийн хоёр
цагт гэрээсээ гарахдаа бяцхан хүүгээ тэврээд ирсэн байна. Тэгэхээр та
түүний ээж байх эрхгүй хүн. Бид таныг улс төрийн хөдөлгөөнд оролцохоо
болиосой гэж хүсэж байна. Тэгж чадвал таны хүүд ойрын арван жилд ямар
нэгэн аюултай зүйл тохиолдохгүй” гэж хэлсэн. Ингэж л би эрх баригчдын
бусармаг үйлдлийг жаахан байхаасаа ойлгож эхэлсэн. Би хүүхэд байхдаа 37
өөр сургуульд сурч үзсэн.

-Тэгэхээр та үргэлж өөрийгөө гадны хүн мэтээр төсөөлдөг байсан хэрэг үү?

-Тийм.
Намайг хүүхэд байхад байнга нэг сургуулиас нөгөө рүү шилжүүлдэг байлаа.
Би олон газар очиж үзсэн. Гэхдээ эцэст нь өөрийгөө юу хийх ёстойг
ойлгосон.

-Та маш эртнээс компьютертой холбогдсон. Тийм үү?

-Би 13 настай байхдаа анх компьютер хэрэглэж байсан. Тэр үеэс яаж програм бүтээх зэрэг олон зүйл сонирхлыг минь татсан.


-Та АНУ-ын Батлан хамгаалах яам, Лос-Анжелесийн Үндэсний лаборатори, НАСА, Канадын бан­куудын компьютерыг хакерд­сан?

-Тийм. Бүгд амжилттай болсон.

-Энэ таны давуу тал уу?

-Яг
ч тэгж хэлж болохгүй. Билл Гейтс програм бүтээдэг боловч түүнийг
ашигладаггүй. Гэхдээ тэр бусад хүмүүс өөрийнх нь бүтээсэн програмыг
ашиглаж олон зүйл хийж чадна гэдгийг мэддэг. Би бол түүнийг нь ашигласан
хүн.

-Зарим хүн таныг ямар нэгэн нууц байгууллагад ажилладаг гэж үздэг. Тийм үү?

-Энэ
бол худал. Би Засгийн газрыг цэвэрлэхийг хүссэн. Түүнээс энгийн
хүмүүсийг биш. Бид олон нийтээс нууцалж байгаа мэдээллийг ил болгох
зорилгоороо нэгдсэн хүмүүс.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж