Боловсруулах үйлдвэр байгуулахад төр оролцох уу?

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Боловсруулах үйлдвэр байгуулахад төр оролцох уу?

Манай улс газрын тосны нөөцтэй хэрнээ ганц ч боловсруулах үйлдвэргүй. Тиймээс бид энэ сэдвээр цуврал хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Хэлэлцүүлгийн хүрээнд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулахын ач холбогдол, шаардлага, эдийн засгийн боломж хийгээд хүндрэл бэрхшээлийн талаар иргэд, эрдэмтэн судлаач, эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын байр суурийг уншигчдадаа хүргэж байгаа юм.

Энэ удаад Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, Газрын тосны сургуулийн профессор, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжавтай ярилцлаа.

-“Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулган болж байна. Хөрөнгө оруулагчид манай улсын газрын тосны салбарыг хэр со­нирхдог юм бол?

-Гол төлөв уул уурхай, ашигт малтмалын талаар ярьж байна. Газ­рын тосны талаар нэг их ярихгүй бололтой. Өмнө нь Газрын тосонд хөрөнгө оруулагчдын зөвлөлгөөн гэж болдог байлаа. Гэхдээ одоо бол газ­рын тосны нөөцтэй байх гэж үзсэн ихэнх талбайд захиалга авчихсан гээд тийм чуулган, зөвлөлгөөн хий­сэн юм алга. Уг нь хийх зайлшгүй шаардлагатай. Газрын тосны газраас эрх­лээд ч юмуу, “Нефть, хий” ассо­циаци хамтраад ч байдаг юмуу, газ­рын тосны асуудлаар уулзах хэрэгтэй байна. Газрын тос бол алт, зэснээс ду­тахааргүй хэмжээнд авч үзэх ёстой ашигт малтмал. Юуны өмнө боловсруулах үйлдвэр барих ажлаа түргэвчлэх хэрэгтэй байна. Манай нийгэмлэг ч энэ чиглэлийн судалгаа, төсөлд чадах чинээгээрээ оролцож, мэргэжлийн зөвлөлгөө өгч байгаа.

-Та энэ салбарт олон жил ажил­лаж байгаагийн хувьд боловс­руу­лах үйлдвэр байгуулах ажилд хэр­хэн ханддаг вэ?

-Боловсруулах үйлдвэрийн тал дээр дээхнэ үеэс би өөрийн хувийн бод­лоо илэрхийлж ирсэн. Аливаа үйлд­вэрийн үйл ажиллагааг хүчин чад­лаар нь тооцож, гадаад, дотоодын хүнд зөвшөөрөл олгоно, олгохгүй гээд суугаад байх бус ерөөсөө бү­тээг­дэхүүний чанар, стандарт, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл  зэрэг зарчмын зүйлсээр асуу­далд хандах хэрэгтэй. Тэгээд сая тонныг боловсруулах ч бай, жилд 100 тонныг боловсруулдаг ч бай үйлдвэрээ байгуулах ёстой. Сая тонныг боловсруулдаг үйлдвэрийг хоёрыг оруулж ирнэ үү, гурвыг ав­чирж барина уу хамаагүй. Төр ч үүнд нь нэг их оролцоод байх шаард­­лагагүй болов уу. Харин ч ком­пани хоорондын өрсөлдөөнийг бий болгоод өгвөл зүгээр байгаа юм. Тийм учраас боловсруулах үйлд­вэр барих зөвшөөрөл өгөх ажлыг шуур­хай болгомоор байна. Түүнээс биш боловсруулах үйлдвэр барина, барихгүй гэдэгт ямар ч асуудал байх­гүй. Бүх л түвшинд үүнийг байгуулах санал, санаачлага гаргаж байна. Барьж болохгүй гэж хэн ч хэлэхгүй бай­гаа шүү дээ.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд боловсруулах үйлд­вэр байгуулах талаар тусгасан байдаг юм билээ?

-Тийм. Гэхдээ төр боловсруулах үйлдвэр байгуулахад оролцоотой бай­на гэдэг нь бүтээгдэхүүн хуваах гэ­рээтэй холбоотой. Бүтээгдэхүүн ху­ваахад Монголын Засгийн газар нэг талд нь байдаг  шүү дээ. Гэтэл төр гэж хэнийг, юуг хэлэх вэ. Төр биз­нест оролцож байснаас авах ёстой тат­вараа аваад, тодорхой шаардлага, стан­дартуудаа тогтоогоод явах ёстой.

-Газрын тосны асуудал үндэс­ний аюулгүй байдалтай холбоотой гэж үздэг тул монополь байдалтай болчихно гэж үзээд байдаг гэсэн?

-Монополийн тухай байж болно л доо. Гэхдээ бизнесийнх нь зарчмаар орхиж болно гэсэн ойлголтыг хэлэх гээд байна. Жишээ нь, нэг компани нь жилд таван сая тонн шатахуун үйлдвэрлэх боломжтой үйлдвэр ба­риг л дээ. Яагаад болохгүй гэж. Гэ­тэл манайхан ийм том үйлдвэр ба­рих гэсэн бизнесмэнийг “Чи моно­польдох гэж байна” гээд байгаа юм. Мөн жилд 100 гаруй мянган тон­ныг үйлдвэрлэж нэг аймгийн хэ­рэгцээг хангая гэж байгаа хүнийг “Чинийх бага байна” гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү зүйл болоод байна. Дээр хэлсэн, дахиад хэлье. Төр газ­рын тосны салбарт, боловсруулах үйлд­вэрт гурван зүйлээр л хяналт тави­маар байгаа юм. Бүтээгдэхүүний чанар, стандарт, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл  гээд энэ гурваар л хянаж татвараа аваад сууж байх ёстой.

-Хэдэн ч үйлдвэр барьж болно гэж үү?

-Тийм ээ. Том, жижиг хамаагүй хэд ч байж болно. Харин ч том, жижиг гэж зааж байгаа нь тэр чөлөөт өрсөлдөөн, зах зээлийг үгүйсгээд байгаа юм биш үү. Ерөөсөө тодорхой хууль, стандартын дагуу хяналтаа тавих ёстой. Монгол Улсад хуулийг дээдэлдэггүй, хүн болгон дураараа зүтгэдэг тийм зүйл байх ёсгүй биз дээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар “Даргын нийгэм”-ийг халж, хуулиа дээдлэн, шударга ёсыг хэрэгжүүлмээр байна шүү дээ. Одоо ингээд нэг үйлдвэрийн тухай ярихаар л хоорондоо маргалдаад  эхэл­дэг. Энэ нь эргээд хамаг тө­лөв­­лөсөн ажлаа нураагаад байна. Үнэндээ өнөөдөр ард түмэн хүлээлт­тэй байна шүү дээ. Түүнээс биш то­дорхойгүй байдал, маргааныг хүлээ­гээгүй л байлтай.

-“Хэт”, “Монгол секью” зэ­рэг компани боловсруулах үйлд­вэр барихаар нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Тэдэнтэй та уулзаж, энэ асуудлаар зөвлөлддөг үү?

-Бид  бүгд холбоотой байдаг. Тэр нь бизнесийн болон бодлогын чанар­тай зүйлсийн талаар бус мэргэжлийн хү­рээнд санал солилцдог. Гол төлөв шаардлагатай боловсон хүчнийг яаж бэлт­гэх вэ, гадаадын мэргэжилтнүүд аль ажил дээр бидэнд хэрэгтэй юм гэх мэт асуудлаар л зөвлөлддөг дөө.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж